"Түмэн эх" чуулга
"Түмэн эх" чуулга (англи. Tumen Ekh ensemble of traditional cultural heritage) анх 1989 онд тухайн үеийн "Хүүхдийн парк"- ийн захирал С.Лунаа-гийн санаачилгаар, эрдэмтэн зохиолч, ардын билиг зүйч Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж.Бадраа, УГЗ С.Цоодол агсан нарын зүтгэлээр тус чуулгын үндэс суурийг тавьжээ.
Уламжлалт Өв Соёлын ”Түмэн Эх” чуулга нь эрхэм зорилгоо “Монгол үндэстэн угсаатны ардын язгуур урлаг, өв соёлыг нээн илрүүлж, судлан сурталчилж, хөгжүүлэх, түүний төрөл зүйлийн гайхамшгийг эх орондоо болон дэлхий дахинаа эрхэм чанартай хүргэн таниулж, ур чадвараараа манлайлан оюуны эрэлт хэрэгцээг хангахад оршино” хэмээн тодорхойлжээ. Тус чуулга нь эртний Монгол хаадын зочлол ёслолын гэр өргөөг санагдуулам урлаж чимсэн өөрийн тохилог байрандаа дуу чимээний элдэв техник, өсгөгч зэргийг ашиглалгүй анхдагч төрхөөр нь сонордуулан толилуулдаг, эрхэм заншлаар үзэгч, зочид, гийчидтэйгээ нүүр тулан уулзаж, өргөн барьдаг онцлогтой юм.
Түүх
засварлахТус чуулга нь 1989 оноос эхлэн 2022 оны байдлаар Франц, ХБНГУ, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират, Голланд, Бельги, Испани, Их Британи, БНХАУ,Энэтхэг, Япон, ОХУ, БНСУ, БНАСАУ, Тайвань, Хонконг, Сингапур, Кувейт, Австри, Канад, АНУ зэрэг тив дэлхийн 60 гаруй улс оронд айлчлан тогложээ. Ийнхүү “Түмэн Эх” чуулга жилээс жилд өөрийн уран бүтээлээ шинэ соргогоор баяжуулахаас гадна уран бүтээлчид өөрсдийн бие даасан уран бүтээлүүдийг туурвиж, олон улсын болон өөрийн орны улсын чанартай уралдаан тэмцээн, наадамд удаа дараалан амжилттай оролцон шагнал хүртэж, гадаад орнуудад урилга, хэлэлцээр, хамтын ажиллагаа зэргээр тогтмол айлчлан тоглолт хийж ирсэн байна.
Ардын богино болон уртын дуу, үндэсний хөгжмүүд, бий биелэг, олон ястны бүжиг, цамын бүжиг, хөөмэй, язгуур урлаг, уран нугаралт зэргээс бүрдсэн арвин урын сантай, дөч орчим уран бүтээлчидтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус чуулгын үндсэн бүрэлдэхүүнээс Монгол Улсын Гавьяат Жүжигчин 3, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан 15 төрөн гарчээ.
2005 онд “Монголын үндэсний бахархалт байгууллага”, 2006 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгодог “Монголын дүр төрх байгууллага” өргөмжлөл зэрэг шагналуудаар шагнагдсан байна.
Уран бүтээл
засварлахУламжлалт Өв Соёлын “Түмэн Эх” чуулга нь Монголын үндэстэн угсаатны уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, язгуур бий биелэг, үндэсний хөгжмийн төрөл, эртний болон өнөөгийн уламжлалт халх Монголчуудын бүжиг наадам, хөөмэй, магтаал, уран нугаралт, цам болон бөөгийн бүжгийн гайхамшиг зэрэг олон төрлийн бүтээлээр урын сангаа судалгаа, сурталчилгаа, сургалтын чиглэлээр баяжуулан, харилцаа дууны хэлбэр төрлөөр сэргээн бүтээж үндэсний өвөрмөц урлагаа олон улсын хэмжээнд байнга амьдруулдаг бөгөөд үүсгэн байгуулагдсан өдрөөс өдгөөг хүртэл мэргэжлийн уран бүтээлчид Натур хэв шинжийг уламжлан хадгалж өвлөгдөн ирсэн чанартай уран бүтээлийг туурвисаар ирсэн билээ.
Соёлын биет болон биет бус өв
засварлахЦамын бүжиг - Цамын бүжиг нь шашны бүжгийн нэг төрөл бөгөөд дотроо олон төрөл байдаг. Манай чуулга хүрээ цамын төрөл болох жахар цамын дэгээр бүжиглэдэг. Жахар цамд дараах төрлүүд орно.
- Цагаан өвгөн: Лусын эзэн, баяр баясгаланг түгээгч, нас уртасгагч, буян жаргал хайрлагч бэлгэдэлтэй.
- Дамдинчойжоо: Эрлэг номуун хааны бэлгэдэл бөгөөд хүний сайн мууг ялган салгаж, шударга ёс сахиулах бэлгэдэлтэй мөн гаднын гай, зовлонг арилгах төвшитгөх, энхийг тогтоох бэлгэдэлтэй.
- Жамсран: Хортон дайсныг байнга ялж байхын бэлгэдэл
- Шинага: Хүний сэтгэл оюуныг гийгүүлж, зөв сайхан явуулахын бэлгэдэлтэй.
- Гонгор: Эд хөрөнгийг арвижуулж , идээ будааг арвитгах бэлгэдэлтэйШива, махэ: Аливаа хүн амьтны гоо үзэсгэлэн, хүч чадлын бэлгэдэл
Бөөгийн бүжиг - Мөнх тэнгэрийг шүтэх уламжлалаас үүдсэн бөөгийн дуудлага тааллын хэсгийг дүрсэлсэн бүжиг юм. Монгол наадгай - Монголын ёс заншил сурган хүмүүжүүлэх ардын уламжлалт ухаанаас урган гарсан шагайн няслах, шүүрэх, морь уралдуулах гэх мэт тоглоомыг бүжиг болгон дэглэж шагайг хөгжмийн зэмсэг болгон ашигласан уран бүтээл юм.
Монгол үндэстний язгуур урлаг
засварлахМонгол хөөмэй - Монгол хөөмэй нь Алтай нутгаас гаралтай амьсгаа түгжиж, дугарах эрхтнийг чадварлаг ашиглан өвөрмөц авиа гаргах урлаг юм. Энэ урлагийг ашиглаж эрэгтэй хоолойг нарийн, эмэгтэй хоолойг бүдүүн болгож дуугаргадаг онцлогтой. Хөөмэй дотроо багалзуурын хөөмэй, тагнай хөөмэй, хоолойн хөөмэй, хамрын хөөмэй, хархираа хөөмэй гэсэн төрлүүдтэй.
Уртын дуу - 3000-д жилийн өмнө Хүннү улсад үүссэн түүхтэй. Уртын дуу дотроо айзам дуу, бэсрэг уртын дуу гэсэн 2 үндсэн төрөлтэй. Айзам уртын дуу нь өргөн утгатай, хэмжээ томтой бол бэсрэг уртын дуу нь сэдэв жижиг, хэмжээ нь богино байдаг.
Монгол ардын богинын дуу - Монгол үндэстэн бүр өөрийн гэсэн өвөрмөц ардын дууны өвийг агуулдаг. Аялгууны зохиомж, айзам хэмжээний хувьд урт барилтгүй, мөчлөг өгүүлбэртэй ардын дууг богинын дуу гэнэ. Богинын дууг уламжлалт болон хүрээ гэсэн үндсэн хоёр төрөлд хуваадаг. Уламжлалт төрөл нь байгаль орон нутаг, мал ахуйн сэдэвтэй байдаг бол хүрээ дуунууд нь илүү суурин амьдрал, хүрээ соёлын сэдэвтэй байдаг.
Үндэсний хөгжим - Эзэнт гүрний үеэс Монголчууд нь цэргийн урлаг, гадаад харилцаа, гадаад худалдааны талаар үлгэрлэн тэргүүлж байсан. Мөн бусад улс гүрний хэл соёл урлагаас нэвтрүүлж байсан. Түүхэн судар бичгээс үзэх юм бол олон төрлийн үлээвэр, утсан, цохивор хөгжим нь Монголоос үүссэн байдаг.
Монгол уран нугаралт - Үндэсний уламжлалт урлагийн өв гэж тооцогддог. Монгол эмэгтэйн уян налархай байдалд түшиглэн уран хөдөлгөөн хийдэг. Уран нугаралтын зарим үйлдэл хөдөлгөөнийг Монголын үндэсний бий биелгээ гэх ардын бүжгээс эхтэй гэж зарим судлаачид үздэг. 1940 оноос Монгол улсад эрчимтэй хөгжиж уран нугаралт нь бие даасан урлагийн төрөл болж хөгжсөн юм.
Алтайн магтаал - Монгол ардын аман зохиолд алдартай уул, ус, нутаг орноо магтан дуулсан сэдэв өргөн байдаг. Үүний нэг нь Алтайн уулсаа бахархан магтан дуулсан баруун Монгол ардын магтаал юм.