Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц- Монгол Улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд барихаар төлөвлөж байгаа Усан цахилгаан станц юм. Уг УСЦ нь Ховд хотоос 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км, зайд орших бөгөөд Ховд гол дээрх Шижигтийн Хавцалд баригдах юм.
Түүх
засварлах- 1964 онд уг УЦС-ын төслийн анх Зөвлөлт Холбоот Улсын эрчим хүчний "Электросеть" хүрээлэнгээс урьдчилсан судалгаа хийж байсан.
- 2008 онд "MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design" компаниуд УЦС-ын анхны ТЭЗҮ-г боловсруулсан.
- 2010 онд ДБХС, ШХА, Ховд, Буянт голын сав газрын зөвлөл хамтран усны нөөцийн нэгдсэн хөтөлбөр боловсруулав.
- 2015 онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгж байгуулагдсан.
- 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна.
- 2019 оны 11-р сард уш УЦС-ын Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчлэн баталсан.
- 2021 оны 9-р сард Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Пауэр Чайна-Пауэр Чайна Чэнгду" түншлэл шалгарч түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулсан.
- 2021 оны 11-р сард Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан Байгаль Орчны Яамны мэргэжлийн зөвлөлөөр батлав.
- 2022 оны 7-р сард Төслийн талбарт археологийн нарийвчилсан хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэв.
- 2022 оны 11-р сард Төслийн барилгын талбайд өрөмдлөг, инженер геологийн судалгааны ажил хийгдэв.
- 2023 оны 4-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЦС-ын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан.
- 2024 оны 11-р сарын 5-нд Шанхай хотод Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нар уулзалт хийх үеэр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн тусгайлсан зээлийн Хэлэлцээрт гарын үсэг зурж 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудал шийдэгсэн байна.
Зардал
засварлах2021 онд энэ төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл шалгарсан бөгөөд гэрээний хэлэлцээрт 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулна, зарим зардлыг улсын төсвөөс гаргана, туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллаж, төслийг 61 сарын хугацаанд европ стандартын дагуу хийж гүйцэтгэнэ гэж тусгасан юм.
Энэхүү анхны томоохон усан цахилгаан станцыг байгуулснаараа 2023 оны байдлаар ОХУ-аас 1 кВт/цаг эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдаж авдаг байдал эрс өөрчлөгдөж, 1 кВт эрчим хүчийг 40 орчим төгрөгөөр үйлдвэрлэх боломжтой болно.
2024 оны байдлаар Улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд жил бүр 16-22 тэрбум төгрөгийн татаас төлж байгаа юм.
Хүчин чадал
засварлахМанай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол 2019 онд баталсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-гээр 90 МВт хүчин чадалтай байхаар төлөвлөсөн байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2027 онд ашиглалтад орсноор баруун таван аймгийн хэрэглэгчдийг “Дөргөн УЦС”, “Тайшир УЦС” – ын хамтаар цахилгаан эрчим хүчээр бүрэн ханган ажиллана.
Баруун бүсийн эрчим хүчний систем /ББЭХС/-ийн цахилгаан хэрэглээ 2020 онд 183.0 сая кВт*ц болж, өмнөх оноос 10.7 сая кВт*ц буюу 5.8%-иар өссөн ба нийт хэрэглээний 27.9%-ийг Дөргөний УЦС үйлдвэрлэж, 72.1%-ийг ОХУ болон БНХАУ-аас цахилгаан импортолж 47’705 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан байна.
Ач холбогдол
засварлах- Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
- Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь хангагдана.
- Улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
- Цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 330 мянган тонноор багасгана.
- Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800 – 1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60 – 80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
- Баруун таван аймгуудын бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч өрхийн орлого нэмэгдэнэ.
- Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүс бий болно.
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
- Усан сан үүссэнээр орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.