Эйфелийн цамхаг

Эйфелийн цамхаг
Эйфелийн цамхаг зүүн талаасаа
Эйфелийн цамхаг зүүн талаасаа
Ерөнхий мэдээлэл
Байршил: 7-р арондисман дахь Марсын талбай
Департамент: Парис
Муж: Иль-де-Франс
Улс: Франц
Өндрийн байршил: 33 м
Ашиглалт: Телевизийн цамхаг, радио станц, зоогийн газар, алсыг харах цамхаг
Нэвтрэх боломж: Цамхаг нийтэд нээлттэй
Цамхгийн мэдээлэл
Барьсан хугацаа: 1887—1889 он
Ашигласан хугацаа: 1889 оноос хойш
Нийт өндөр: 324,82 м
Нийт жин 10.100 т
Дамжуулах байгууламжийн мэдээлэл
Сүүлчийн засвар: 2000 он
Долгионы давтамж: Богино долгионы өргөн нэвтрүүлэг
Радио станц: Телевизийн өргөн нэвтрүүлэг
Дамжуулах байгууламжийн төрөл: DVB-T, бичил долгион
Бусад мэдээлэл
Нэрлэгдсэн: Густав Эйфель
Нээлт: 1889 оны гуравдугаар сарын 31

Эйфелийн цамхаг (Франц: Tour Eiffel) буюу Төмөр Хатагтай (La Dame de Fer) нь өнөөгийн Парис хотын төв байрших төмөрөөр хийсэн цамхаг юм. Энэ цамхаг нь Парис хотын бэлэг тэмдэг болдог бөгөөд түүнийг гол зохион бүтээгч Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ. Эйфель өөрөө зүгээр л «300-метрийн цамхаг» (tour de 300 mètres) гэж нэрэлдэг байжээ. Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд (Champs de Mars) телевизийн антены хамт 324 метрийн өндөр хүртэл сүндэрлэнэ. Газраас 300м гаруй өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57м өндөрт (345 шат), 2-р давхар нь 125м өндөрт (дахин 359 шат), байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт (нийт 1652 шат бий) хүртэл цахилгаан өргүүр байх тул шатаар алхах шаардлага байхгүй. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м.

Эйфелийн цамхаг

Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. 7 жилд нэг удаа зэвэрхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг.

Түүхийн хуудас сөхвөл Францын Засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас угсран барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5-р сарын 6-нд баригдаж дуусчээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт Францын нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв.

Зохиолч Ги Дө Моппассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ цамхаг өөрөө юм хэмээн ёжилдог байжээ. Гэвч 20-р зууны эхэн үе гэхэд цамхагийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг.

Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн очиж сонирхдог дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ. Энэхүү цамхаг бол Парис хотын өмч юм байна.

Цамхаг өдөр бүр үзмэрт нээлттэй байдаг. Олон нийтийн хүртээл болгох үүднээс тийз борлуулах, бүтцийн дотор талд нэвтрэх дөрвөн цэг байдаг: хойд, өмнөд, баруун, зүүн. Аялал жуулчлалын хоёр ангилал байдаг: хоёр давхаргад 16 евро, хамгийн дээд хэсэгт гарахад 25 евро. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орох тасалбарын хөнгөлөлт үзүүлдэг.

Цамхагийн нэг, хоёрдугаар давхарт буфетууд байдаг бөгөөд жирийн жуулчид 7.5 еврогоор нэг зүсэм пицца, нэг аяга жүүс худалдаж авах боломжтой.

Мөн цамхагийн нэгдүгээр давхарт (газраас 58 метр өндөрт) 58 Tour Eiffel нэртэй ресторан байдаг. Ердийн хоёр хоолны үдийн хоол энд нэг зочинд 18 еврогийн үнэтэй байх болно.

2-р давхарт илүү үнэтэй байр байдаг - Le Jules Verne ресторан (өдрийн хоолны хэмжээ нэг хүнд 85 евро орчим байдаг). Цамхагийн дээд талын гуравдугаар давхарт шампанск баар байрладаг бөгөөд нэг аяга хийжүүлсэн дарс 10 еврогийн үнэтэй байдаг байна.

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Эйфелийн цамхаг – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Эйфелийн цамхаг – Викимедиа дуу дүрсний сан