Шимо Минань
Шимо Минань[1] (хятадаар: 石抹明安, Shí mǒ míng ān) (1164-1216) бол киданы шимо овогтон, Алтан улсын Хуаньжоугийн хүн. 1211 онд Монголын арми Алтан улс руу дайран орох үеэр Фужоу (撫州) цайзыг хамгаалах үедээ Чингис хаанд бууж өгч, дагаар орохдоо Алтан улсын цэргийн нууц, тэдний төлөвлөгөөг задалсний нэг нь зүрчидийн тал Үнэгэн даваанд их цэрэг хуралдуулж нэгдсэн хүчээр монголын цэргийг дайлахаар бэлдэж байсныг илчилжээ. Энэ мэдээллийг авсан даруйд монголын их цэрэг шуурхайлан Үнэгэн даваанд очиж, зүрчидийн цэргийг довтлон бут цохисноор Алтан улсын шилдэг цэргийг устгасан. Шимо Минань цэрэг захиран Датуныг довтлон, олон хот тосгодыг эзлэв. 1215 онд Тунжоу, Жунду хотыг эзлэх тулаанд оролцсны дараа тайфу (太傅), шао гуо гүн (邵國公), монгол хятад цэргийн их жанжинаар (蒙古漢軍兵馬都元帥) томилсон. 1216 онд нас нөгчсөн.
Тэрээр хоёр хөвүүнтэй байсны ахмад хөвүүн Шимо Шяньдэбу (咸得不) нь Яньжин мужийн сахигч түшмэл байсан. бага хөвүүн Шимо Худухуа (忽篤華) нь Өгэдэй хааны үед гуанлю дафу цол хүртэж Яньжин мужийн эрхин сайдын яамны сайд, монгол хятад цэргийн их жанжингийн албыг давхар хашиж байсан.
Эшлэл
засварлах- ↑ Түүний нэрийг монголын сүүл үеийн зарим ном зохиолд Шимо Мянган, Шимо Мин-ань гэх зэргээр бичсэн байдаг.