Шаравын Чоймаа (1951 онд Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн-2022 оны 11-р сарын 15-нд Улаанбаатар хотод нас барсан) — 2017 онд Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, Гавьяат багш, МУИС-ийн зөвлөх профессор, Хэлбичгийн ухааны доктор, PhD, Sc.D. Монгол бичгийн хичээл, сурах бичгээрээ алдаршсан.

Ш.Чоймаа Говь-Алтай аймгийн Шарга суманд 1951 онд төржээ. Эцэг нь сургуульд орохоос өмнө кирилл үсгийг хэдхэн хоногт өөрөө сурчихаад, хүүдээ зааж өгч байжээ. Иймээс Чоймаа хүү уншиж, бичиж, тоо боддог болчихоод анх сургуульдаа орсон байна. Шарга сумандаа дөрвөн жилийн сургуулиа төгсчихөөд, зэргэлдээх Төгрөг суманд очиж долдугаар ангиа дүүргэсэн байна. Дараа нь Говь-Алтай аймгийн төвийн дунд сургуульд сурч арван жилээ 1971 онд төгссөн байна.

Дунд сургуулиа алтан медальтай төгссөн учраас хамгийн түрүүнд орж, их, дээд сургуулиудын хуваарийг сонгох эрхтэй болжээ.

Ингээд л 1971 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авч Улаанбаатар хотод иржээ.

Эцэг нь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумаас гаралтай хүн байжээ. Найман настайдаа Усан зүйлийн хүрээнд шавилан сууж, Эрдэнэ хамбаар арван жил ном заалгаад, Да хүрээнд ирсэн байна. Харин Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацанд Чойрын ном үзэж байгаад Богдын хүрээнд гамингууд орж ирэн, цаг үймэхэд нутгаа зорьсон гэдэг. Гэсэн ч нутагтаа удалгүй өвгөн лам Наваантай хамт Гүмбэм, Лавран, Лхасад ном үзсэнээр равжамбын цол хүртээд 1943 онд нутагтаа ирсэн гэдэг байна. Ямартай ч түүний эцэг нь буддын гүн ухаанд нэвтэрсэн, ном судрыг дээдлэгч нэгэн байсан гэнэ. Тиймдээ ч Чоймааг эрдэм номын мөр хөөлгөхөөр бага балчраас нь анхаарч эхэлсэн байдаг. Номыг туйлд нь хүртэл сур гэж эцэг нь эрхэмлэн захидаг байсан гэж Ш.Чоймаад сүлд дурссан байна.

Их сургуулийн босго алхахад Алдарт эрдэмтэн Шадавын Лувсанвандан, Монгол бичгийн Д.Чойжилсүрэн, төвд хэлний Х.Гаадан, манж хэлний Я.Шаарийбуу тэргүүтэй олон сайхан багш нар түүнд хичээл заадаг байжээ. Тэрээр Их сургуулиа 1976 онд төгсөөд, тэндээ багшаар үлдсэн байна.

1976-1980 онд МУИС-д багш, 1980-1983 онд БНАГУ-ын Хумьбольтын Их Сургуульд зочин багш профессор, 1983-89 онд МУИС-д багш, 1989-1992 онд Монгол хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч, 1992-1995 онд Германы Хумбольтын Их Сургуулийн зочин профессор.

1996-2000 онд МУИС-ийн Эх бичиг, Алтай  судлалын тэнхимийн эрхлэгч. 2000 оноос 2010 он хүртэл МУИС-ийн зөвлөх профессор.

Тэрээр Дөч шахам жил МУИС-д хичээл заалгасан шавь нараас гадна 1980-90-ээд оны заагийн хэдэн жил зурагтын цэнхэр дэлгэцээр монгол бичиг сурсан янз бүрийн насны тун олон эчнээ шавьтай хүн юм.

Бүтээлүүд

засварлах

Түүнд гадаад, дотоодод хэвлэгдсэн 70 шахам ном зохиол, сурах бичиг, толь зэрэг байдаг. Судалгааны өгүүлэл нийт 80 гаруйг бичжээ. Зарим нь гадаадын эрдэм шинжилгээний тогтмол сэтгүүл болон эмхэтгэлд хэвлэгдсэн байна. Мөн эрдэм шинжилгээний хуралд 70 гаруй илтгэл тавьжээ. Судалгааны хялбаршуулсан өгүүлэл, заах арга зүйн холбогдолтой өгүүллүүд, эрхэлж, эмхэтгэсэн болон хянан тохиолдуулсан ном зохиол гээд чамгүй л зүйлийг хийж бүтээжээ.

  • “Монгол бичиг” ном 2004 онд хэвлүүлсэн.
  • “Монголын нууц товчоо хийгээд монгол сурвалжийн судалгаа” гэсэн ном 2007 онд Өвөр Монголд хэвлэгдсэн.
  • Монголын нууц товчоо эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг” хэмээх ном гаргасан.
  • “Монголын нууц товчоон” Лувсанданзаны “Алтан товч”-ийн эхийн харьцуулсан судалгаа зэрэг байна.

Ханьтайгаа арван жилээс хамт сурч, сүүлдээ нэг гэр бүл болсон. Дөрвөн хүүхэдтэй.

Нэг хүү нь (Ч. Лодойравсал) МУИС-ын Мэдээллийн технологийн сургуулийн захирал байсан.

1992 онд Ардын Боловсролын тэргүүний ажилтан цол, 1997 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол, 1998 онд Хөдөлмөрийн Хүндэт медаль, 2002 онд Монгол Улсын Гавьяат багш цол, 2006 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2017 онд Монгол Улсын Ардын багш цол тус тус хүртсэн байна.

Гадны холбоос

засварлах