Чүндэ бол Уйгурын хаант улсыг 821-824 оны хооронд захирч байсан хаан юм. Бао-и хааны ууган хүү. 821 онд Дэнлуо юйлю мэймиши жюйжу пижя чундө хаан (登啰羽錄沒蜜施句主毗伽崇德) цолтойгоор сэнтийд заларчээ.

Хаанчлалын үе

засварлах

821 оны 6 сард Уйгурын хаан 2000 хүнтэй элчийг Тан улсад илгээв. 20000 адуу, 1000 тэмээ, булганы арьс, хаш бүсээс гадна өөр олон зүйл авч, худалдаа хийхээр очжээ. Элчээр очсон 2000 хүнээс 573-г, 20000 адуунаас 1000-ыг, 1000 тэмээнээс 500-г Чанань хотод орохыг зөвшөөрч, бусад нь Тайюань-д үлджээ. 821 оны 7 сард Тайхэ гүнжийг ордноос гарган Уйгурын хаанд хатан болгон өгөх зарлиг буужээ. 8 сарын 22-нд гүнжийг хатанд өргөмжилсөн бичиг гарсан байна. Гүнжийг авч ирсэн цувааны тэргүүн хэсэг Хар балгасанд 822 оны 2 сарын эхээр ирэв. Хаан асарт морилж дорно зүг хандан суув. Эсрэг талд нь элч нарт зориулсан эсгий гэрүүдийг барьсан байжээ. Гүнжид Уйгур хувцас өмсгөж өрнө зүг Чундэ хааныг хандуулан мөргүүлэв. Эцэст нь улаан дээл, түүний доогуур охор дээл, шовгор алтан малгай зэрэг хатны хувцас өмсгөн дахин мөргүүлэв. Чингээд 9 Уйгур сайд дамнуурган дээр суулгаад мөрлөн өргөж хааны өргөөг есөнтөө тойруулжээ. Дараа нь гүнж асарт орж хааны дэргэд дорно зүг харан суусан байна. Хятад элч нар хуримын ёслолд оролцож гүнжийг хатан болгоод, хаанд цол өргөмжилсөн бичгийг гардуулжээ. Хаан элч нарт хүнд их бэлэг шагнав. Элч нар Чананьд 822 оны 12 сарын 16-нд буцаж иржээ. 821 оны 7 сард Чундэ хаан Тан улсад элч илгээж, Тан улстай ураг барилдсан тул Тан улсад төвөг учруулж байгаа Төвдүүдтэй байлдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цэрэг илгээсэн байна. 822 оны 3 сард Уйгурын хаан Хэбэйд гарсан бослогыг дарахад нь Тан улсад туслуулахаар 3000 цэрэг илгээсэн нь Фэнчжоуд ирээд байсан ч Тангийн хаан туслуулахаас татгалзжээ. Харин буцсан тохиолдолд 7 түмэн хэсэг торго өгнө гэж амалсан байна. 822 оны 4 сард Уйгур цэрэг нутаг буцжээ. 824 оны сүүлээр Чүндэ хаан нас барж, түүний дүү Яклакар Касар нь залгамжлсан.

Өмнөх
Бао-и хаан
Уйгурын хаан
821-824
Дараах
Жаоли хаан