Чулууны Чинбат
Чулууны Чинбат (1951 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин хөгжмийн удирдаач. Ч.Чинбат нь БНМАУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн нэрт удирдаач Жамьянгийн Чулууны хүү.
Ч.Чинбат бага балчир байхаасаа эцгийгээ харж, үлгэрлэн дуурайж, үйл хэрэг, уран бүтээлийг нь үргэлжлүүлэх хүслийг тэр өвөртөлөн өссөн байна. Түүний эцэг Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргилын нэг байсан юм.
1958 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид элсэн орсон. Харин зургадугаар ангид байхад нь хөгжмийн 10, бүжгийн 10 хүүхдийг сонгож ЗХУ-д сургуульд явуулах болоход тэрээр ангиасаа сонгогдсон байна. Ийнхүү 1964 онд тэрээр ЗХУ-ын Ленинградын Хөгжмийн бага сургуулийг зорьсон байна.
Гэвч хүүд цаг агаар нь таарсангүй, жил болоод буцжээ. Харин 1968 Ч.Чинбат Армени улсын нийслэл Ереван хотыг зорьж есөн жил сураад 1977 онд эх орондоо сургуулиа төгсөөд ирсэн байдаг. Түүнийг ирэхэд Хөгжим бүжгийн дунд сургуульд дагалдан багшаар авах тушаал нь хэдийнэ гарчихсан байжээ.
Хичээл заахаас гадна сургуулийнхаа хийлийн чуулгыг удирддаг болжээ. Төрийн бүх арга хэмжээнд оролцож, Европын орнуудаар монгол соёлоо сурталчилах эрхэм үүргийг хүлээнэ. Ч.Чинбатын хамгийн ихээр омогшиж, бахархсан үе нь 1981 онд дэлхийн соёлын өдрүүдэд оролцож, Москвагийн их театрт тоглосон үе гэж тэрээр дурссан байна. Зүгээр ч нэг тоглосонгүй. Аавтайгаа, ахтайгаа нэг тайзан дээр тогложээ. Аавынхаа мөнхийн бүтээл болох “Ардын хоёр дууны найруулга” гэсэн бүтээлийг эгшиглүүлсэн юм байна. Ж.Чулуун агсан хүүгийнхээ хамгийн том зөвлөгчөөс гадна шүүмжлэгч байсан аж. Хамтарч тоглохдоо хүү минь гомдчих болов уу гэж боддоггүй шууд л алдааг нь хэлчихдэг. Энэ нь ч хүүд нь хэдэн их сургууль төгссөн мэт арвин мэдлэг, туршлага болдог байжээ.
1989 онд хөгжмийн удирдаачаар сурахаар Болгар улсад сурчээ.
1991 онд төгсөж ирээд Ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар ажилласан байна.
1992 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд багш болж 1996 онд сургуулийнхаа захирлаар томилогдоод 1999 он хүртэл ажилласан байна.
2024 оны 2-р сарын 8-нд Ардын жүжигчин цол хүртсэн.
Гэр бүл
засварлахЭцэг- БНМАУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн нэрт удирдаач Жамьянгийн Чулууны.
Хүү-Морин хуурч Ч.Амарбаясгалан