Чимэдийн Самбуу
Чимэдийн Самбуу буюу Самбуу дүвчин, мөн Дүвчин Самбуу нь 1932 онд БНМАУ-ын баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогод идэвхитэй оролцон зохион байгуулж байсан нөлөө бүхий гол удирдагч нарын нэг юм.
Чимэдийн Самбуу Дүвчин | |
---|---|
Төрсөн | Чимэдийн Самбуу 1897 он Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу/Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ |
Нас барсан | 1933 оны 4 сар БНМАУ, Улаанбаатар хот |
Үхлийн шалтгаан | Цаазлуулсан |
Оршуулагдсан газар | БНМАУ, Улаанбаатар хот |
Яс үндэс | халх |
Үндэстэн | монгол |
Боловсрол | шашны боловсрол |
Ажил | лам |
Он жил | 1932 он |
Төлөөлөгч | зэвсэгт бослого |
Юугаараа алдаршсан | 1932 оны бослогын гол зохион байгуулагч, удирдагч |
Түүнд нөлөөлсөн | хамтралжуулалт, баячуудын хөрөнгө хураах, монголыг зөвлөлтжүүлэх |
Хэргэм | дүвчин |
Улс төрийн хөдөлгөөн | баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого |
Өрсөлдөгч | БНМАУ-ын удирдлага, Ардын арми |
Шүтлэг | бурханы шашин |
Шашны бүлэг | шарын шашин |
Ял зэм | хуулийн дээд хэмжээ |
Ялын гүйцэтгэл | 1933 оны 4 сар |
Ялын нөхцөл | буудах |
Хамтрагч | жанжин Түгж, жанжин Жамц |
Намтар
засварлахЧимэдийн Самбуу Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1897 онд төрсөн байна. Бага залуугаасаа лам болж хүрээнд сууж байсан бөгөөд 1932 он гэхэд Асгатын хүрээний гэсгүй цолтой байжээ. Зэвсэгт бослогод бэлтгэхэд 1931 оноос эхлэн идэвхитэй оролцож байсан бөгөөд голлох зохион байгуулагчийн нэг байсан байна. Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогыг 4 сард эхлүүлэн удирдагчдын нэг байжээ. [1][2] Бослогын бэлтгэл болон явц дундуур нь Банчин богдтой холбоо абрьж байсан тухайгаа сүүлд байцаалтан дээр мэдүүлсэн байдаг. Бослогыг зохион байгуулалт оруулахын тулд удаа дараа бослогыг удирдах төвүүдийг зохион байгуулж байсан ба цэргийг аравтын системээр байгуулж, тулалдаанд шалгарсан хүмүүсээр удирдуулан тодорхой байдлаар бослогын үйл явцыг дэлгэрүүлэх зорилгоор нутаг заан томилж бослогын явцыг өргөжүүлж байсан байна. Мөн ухуулга сурталчилгаа хийж байжээ. Очирбатын яамыг байгуулагсдын нэг бөгөөд босогчдын бүх цэргийн жанжинаар томилогдсон байна. Самбуу дүвчин нь жанжин болсны дараа "Одоо шамбалын дайн болж байна. Улаанбаатар хотыг Ванчин богд эзэлсэн. Улаантныг устгах явдал хэдхэн өдрийн хэрэг болоод байна. Хүн бүхэн шамбалын дайнд орох хэрэгтэй. Ванчин богдоос ирүүлсэн “Жамбал нийвий” гэдэг номыг биедээ авч явбал бууны сум даахгүй, бууны амыг хуруугаар бөглөөд мод шийдмээр улаантанг цохиж алдаг юм. Харин энэ дайнд оролцохгүй бол гурван төрлийн үхлээр үхнэ” гэж сүсэгтэн хүмүүст ухуулга хийж, “Бид бол хувьсгалыг устгахын тулд сумын захиргаа, хоршоо, хамтрал, сургуулийг устгаж, хувьсгалчдыг баривчилж алах хэрэтэй, Би Ванчин богдод илч явуулсанд надад хариу ирүүлэхдээ Самбуу дүвчин намайг бослого удирдах үүрэг өгчээ. Би Ловон Адамжунайн бүрэлба учраас Ванчин богдын нэг салбар бөгөөд Ванчин богдыг энд ирэх хүртлэх хугацаанд бослогын ажлыг би хариуцна гэх мэтээр сагсуурч байжээ. Самбуу дүвчин цэргээ долоон отряд болгон хувааж, Түгж, Аюурзана, Магнай, Сумъяа, Жур, Норовсамбуу, Бадрах, Бадамжав нарыг “Жанжин" болгожээ. Бослого дарах отрядын цэрэгт ялагдсан Самбуу дүвчин Архангай аймагт зугтааж гараад Азарган уулын даяанд лам Вандандорж, галзуу Чойжин, Буриад нарыг түшиглэж “Очирбатын яамыг” дахин байгуулж Буриадаар толгойлуулж, Самбуу өөрөө Шандав яамыг удирдаж, даа ламд гавж Сандагдоржийг, бүх цэргийн жанжинд Жамцыг, штабын даргад Дамдинсүрэнг томилж бусад жанжнуудад Намсрай, Мятав, Жигжид, Аюурзана, Норовсамбуу, Түмэнбаяр, Бадамжав, Пүрэвцэрэн нарыг томилж Бухын хүрээ, Олон голын бэлчир, Бүгсүйн хүрээ, Цагаан бургас зэрэг газруудад дахин хүчийг бөөгнүүлж улаан цэргийн отрядуудтай байлдаж байв. Улаан цэргийнхэн “Бууж өг” гэж бичиг явуулахад “Хар цэргүүд сонсож бай. Түүхийн ёсоор гарч ирсэн, шашны шар цэргүүд та нарт бууж өгөхгүй. Харин та нар бидэнд бууж өг” гэж байжээ. Самбуу дүвчингийн цэрэг улаан цэрэгтэй долоон удаа байлдаж ялагдсан. Үүнд:
- Домбуугийн ууланд 300 шахам цэрэгтэйгээр улаан цэргийн 50-60 хүнтэй хоёр удаа байлдаж, таван хүнээ алуулж, цэргүүд нь зугтаажээ.
- Загзууд Самбуу дүвчин, Ээмэгт лам Дамдин бишрэлт, Бор гэгээн нарын удирдсан 700 гаруй хүн улаан цэргийн 100 гаруй хүнтэй байлдаж, пулемётын галд бөөнөөр орж ялагджээ.
- Рашаантын хүрээн дээр 100 гаруй хүнтэйгээр улаан цэргийн 30 хүнтэй хагас өдөр байлдаад ялжээ.
- Бүгсүйн эх Модот толгойд 300 гаруй хүнтэйгээр улаан цэргийн 60-70 хүн хагас өдрийн хугацаанд байлдаж, зургаан хүн алуулж ялагдсан байна.энд улаан цэргээс хохирол гараагүй.
- Эг гэдэг газарт300 гаруй хүнтэйгээр улаан цэргийн 50-60 хүн байлдаж ялагджээ.
- Бүгсүй, Олон голын билчирт улаан цэргийн 300 хүн, эсэргүүний 300 хир хүнтэй байлдан улаан цэрэг ялжээ.
Бослогын гол хүчийг 1932 оны 8 сард зэвсгийн хүчээр дарсанаас хойш бут цохиулсан цэргээсээ үлдсэн цөөн тооны хүний хамт уул хадаар нуугдан байж байгаад 1932 оны 11 сард Булнайн нуруунаас баригдсан байна. Баригдсаны дараа мөрдөн байцаалтанд Самбуу: “Би бодвол эсэргүү бүлэгт хоёр штаб бий бөгөөд нэг нь миний толгойлж явсан ардын засгийг устгаж өөр төрийг байгуулах зорилготой биеэ даасан нэг штаб, нөгөө нь буриад чойжин, ногоон малгайт хоёрын удирдсан штаб байх. Миний бие штабын толгойлогч бөгөөд Жамц цэргийн талыг толгойлж байсан, цорж лам Вандансүрэнд би бие хамгаалах таван цэрэг гаргаж өгч байсан ба Сандагдорж гавьж нь манай цэргийн даамал лам, манай цэрэг торгон цэрэг нь байв” гэж мэдүүлсэн байдаг. Мөн байцаалт дээр Сэдбазар жанжингаас мэдүүлэхдээ: “Самбуу дүвчингээс “Миний бие шашны талаар штабын толгойлогч тул манай цэрэг торгон цэрэг нь байв. Самбуу дүвчингийн цэрэг нь дөрвөн их жанжин, дөрвөн бага жанжинтай явж Очирбатын яамнаас тусгаарлан салсан ба байлдааны дараа ямар зохион байгуулалт хийхээ Цэрэнжавтай ярьж төлөвлөсөн” гэж байсан байна.
Шүүх ажиллагаа, оноосон ял
засварлах1933 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн оройн дөрвөн цагт Ардын цэнгэлдэх улсын төв театрын байшинд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлөөс томилогдсон тусгай өргөн шүүх таслах газрын хурал нээж, тус шүүхийн дарга н.Дэндэвээс “Өнгөрсөн 22 дугаар онд Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай зэрэг хэдэн аймгуудад ардын эрх чөлөө ба ардын хувьсгалт засгийг устгахаар зэвсэг барьж тэмцэлдсэн хувьсгалын эсэргүү хөдөлгөөий толгойлогчид ба идэвхтэн туслагчид болох бөгөөд БНМАУ-ын шүүх цаазны бичгийн 42, 43, 45, 47 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн тус улсын харъяат Чимэдийн Самбуу дүвчин, Самбуугийн Буриад, Чойжин, Аюурзана, Түгж нарын зэрэг 39 этгээдийн хэргийг мөрдөн байцааж, хууль цаазны ёсоор таслан шийтгэсэн байна. Шүүхийн дарга нь Дэндэв, гишүүд нь Гончигдорж, Дашзэвэг, Дэндэв, Цагаанхүү, Дансцоодол, Ядамсүрэн нар сууж улсын яллагчид прокурор Ядамсүрэн, Гомбожав нар, хэрэгтний өмгөөлөгчид Найдан, Дамдинсүрэн, Сүхжав, Гочоо нар тусгай асуултыг хянан боловсруулах экспертэд улаан цэргийн Цэрэндагва, Олон нийтийн өмнөөс шүүмжлэгч ба нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн ардын төлөөлөгч Даваа, Архангай аймгийн ардын төлөөлөгч Пэрэнлэйням нар суужээ. Энэ хуралд хэрэгтэн нарын дотроос хоёр хүн хүнд өвчтэй байсан тул улсын прокурорын газраас тусгай байцаагч гаргаж хэргийг байцаалгасанд тэр хоёр хүн хуралд суухгүйгээр хэргээ таслуулахыг зөвшөөрсөн ба мөнхүү шүүхийн дарга, өмгөөлөгчид татгалзахгүй гэжээ. Улсын дээд шүүхээс зургаан шүүгдэгчийг суллах буюу тэнсэн өгч, 15 шүүгдэгчид хорих ял оногдуулж, 18-д нь цаазаар хороох ялыг амь гуйх эрхтэйгээр оноожээ. Энэхүү цаазаар хороох ялтаны нэг нь Самбуу дүвчин байсан байна.
Мөн үзэх
засварлахУрлагийн бүтээлүүд
засварлах- Ч.Лодойдамба. Тунгалаг тамир. роман
- Тунгалаг тамир. Уран сайхны кино.
- Б.Чойжилсүрэн. Морин төвөргөөн. роман
Эшлэл
засварлах- ↑ Монгол Британика. хураангуй толь. 2 боть. хуудас 437
- ↑ Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014. [1]