Ногоон малгайт Дамдинсүрэн

Д. Дамдинсүрэн нь 1932 онд БНМАУ-ын баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогод идэвхитэй оролцон зохион байгуулж байсан нөлөө бүхий гол удирдагч нарын нэг юм.

Намтар засварлах

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын хамтралын дарга. Дамдинсүрэн дураар дургиж, түүнийгээ булахын тулд хамтралаа галдан шатааж, Дарби бандидын хүрээ, Асайтын хүрээ, Шар талын хүрээний лам нарыг зэвсэгт тэмцэлд уриалан дуудаж өөрөө толгойлон оролцов.

Ногоон малгайт Дамдинсүрэнгийн удирдсан шар цэрэг Шумуултайн хүрээн дээр хүчээ бөөгнүүлж 500 гаруй болоод, Завхан аймгийн Идэр, Улаагчин сумд ба аймгийн төвийг эзлэх гэсэн авч улаан цэрэгт ялагдах үедээ чекист Ц.Донров, сургагч В.Е.Колосс, С.Янсанжав нарыг тамлан алаад, Архангай аймагт Тариатад ирж, Рашаантаас Архангайн чиглэлд зугтсан Самбуу, Жамц, Аюурзана, Магнай, Сумъяа, Жур нартай нийлж үлэмж их хүчийг хуралдуулжээ.

Дамдинсүрэнгийн бүлэг Завхан аймгийн төв Улиастайг эзлэхээр Батчулуун Жанжны цэргийг сонгож Идэр сум руу илгээсэн байна. Тэнд улаан цэргийн отряд Улиастайгаас тосон ирж байлдаад тэднийг ялж Батчулуун алагдсан учир Завханыг орхиж, Архангайн төвийг эзлэхээр уналга, байр, хүнс бэлтгүүлэхээр Тариатаас хоёр өртөө хол (50-60 км) зайтай Гичгэнэ гэдэг газарт 30 хүнийг урьдчилан явуулэжээ. Тэд замдаа Содномын отрядын агтыг дээрэмджээ. Босогчид Содномын отрядтай байлдахын урьд үдэш хоёр дахин их “сор” залж буу тавьж бэлтгэсэн байна. Тэгээд 5-р сарын 13-ны өглөө Содномын отрядтай байлдахдаа нэг шар, хоёр цагаан тугтай, цэргүүд нь зүүн мөрөндөө цагаан даавуу тэмдэг уяж бас “Зая Бандид” гэсэн төвд ном хадагт боож зүүсэн зангиатай байж, бүх цэргийг морьтой хүн командлаж байлдаанд оруулсан ба хойноос нь лам нар орохоор хүлээн зогссон байжээ. Содномын отряд 5 сарын 13-ны өглөөний 05 цагт Тариат руу давшиж 1000 гаруй босогч нартай гурван цаг хагас хиртэй буудалцаад бут цохигдсон байна. Босогчид хэд дахин дайрахад нь хориглож тогтоосон боловч сум дуусч, пулемёт гацсан, 18 орчим цэрэг байлдааны дундуур урвасан учир отряд дийлдсэн байна. Босогчид 100-аад хүн алагдаж 100-аад хүн шархадсан ба Содномын отрядын Кияковский, Ниожиготов, Немой зэрэг олон тооны хүн тулалдаанд алуулсан ба Содном тэргүүтэй олон хүн олзлогдсон байна. Содном тэргүүтэй 5 хүнийг байлдаан болсны маргааш нь 14-нд устгасан байна. Ногоон малгайт Дамдинсүрэн тэргүүтэй босогчид Архангайн төвийг эзлэхээр Тариатаас гарсан боловч 19-ний өдөр Гичгэнийн голд Өлзийбатын отрядтай тулгарч буудалцаад олон хүнээ алуулж, зарим нь зугтаажээ. Д.Өлзийбат, Юшкеевич нараас 1932 оны тавдугаар сарын 19-нд Цэргийн зөвлөлд ирүүлсэн илтгэлээс үзэхэд, “Гичгэнийн гол дээр ирээд бидний зэрэгцээ 100 гаруй эсэргүү явааг илрүүлсэн бөгөөд Тэрхийн голыг гатлах аргагүй тул эсэргүү нарыг аэроплан ба их буу, пулемётоор довтлов. Эсэргүү нараас хичнээн алагдсаныг мэдэхгүй гэсэн байв. Харин Д.Өлзийбат, Д.Намсрай нараас 1932 оны наймдугаар сарын 5-нд цэргийн зөвлөлд бичсэн илтгэлээс үзэхэд тус отрядын оролцсон 15 тулгаралтыг сар өдөргүй бичсэн ба анх удаа Архангай аймгийн Тариатын хүрээнээс урагш 60-70 км зайтай Гичгэнийн голд “Ногоон малгайт Дамдинсүрэн, Дэндэв нарын 600 гаруй эсэргүү нартай тулгарч байлдсан байна. Нисэх онгоц, их буу, танкийн тусламжтайгаар тэднийг цохиж сарниулсан ба энэ тулалдаанд 70 шахам хүнийг алж, 74 хүнийг буулган авчээ. Гичгэнэд бут цохиулаад Дамдинсүрэн хэсэг хүмүүсийн хамт зугтаасан ба Гиваалил Тариатын хүрээ рүү хоёр салаа цэрэг явуулжээ. Тэд хүрээнд орж 200-аад эсэргүү нараас, “Ерөнхий жанжин” Санжжав, “Туслах жанжин” Дагва, бага хурлын гишүүн байсан Дарьсүрэн нарыг 30 ламын хамт баривчлан ирсэн байна. Дамдинсүрэнг Хөгжлийн голын эхэнд гүйцэж буулгаад жанжин Дэндэвийг 40 хүний хамт устгаж 15 хүнийг баривчилжээ. Тэднээс олзолсон зэвсэг нь шош пулемёт нэг, япон винтовын сум зургаан хайрцаг, орос винтовын сум 560 ш, Тариатаас максим хүнд пулемёт нэг, хөнжлийн голд тектров пулемёт 26. Мөн урьд Тэрхийн голд гурав дахь удаа байлдахдаа босогчдоос 30 хүн устгаж 39 хүн баривчилсан байна. Дөрөв дэх удаа Хөнжлийн дуганы ойролцоо, доод Цэцүүх гэдэг газарт Дамдинсүрэнгийн 460 хүнтэй буудалцаж, 100 орчим хүнийг устган, цааш мөрдөн хөөж Бор бургалын дуганы тэнд гүйцэж ногоон малгайт Дамдинсүрэн болон Тарган хувилгаан гэгч Ринчингийн хамт хэд хэдэн хүнийг баривчилсан ба Дамдинсүрэн хүнд шархадсан байсан ба зөөвөрлөх боломжгүй байсан тул газар дээр нь цэргийн хээрийн шүүхээр шүүж буудан алсан байна.

Шүүх ажиллагаа, оноосон ял засварлах

1933 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн оройн дөрвөн цагт Ардын цэнгэлдэх улсын төв театрын байшинд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлөөс томилогдсон тусгай өргөн шүүх таслах газрын хурал нээж, тус шүүхийн дарга н.Дэндэвээс “Өнгөрсөн 22 дугаар онд Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай зэрэг хэдэн аймгуудад ардын эрх чөлөө ба ардын хувьсгалт засгийг устгахаар зэвсэг барьж тэмцэлдсэн хувьсгалын эсэргүү хөдөлгөөий толгойлогчид ба идэвхтэн туслагчид болох бөгөөд БНМАУ-ын шүүх цаазны бичгийн 42, 43, 45, 47 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн тус улсын харъяат Чимэдийн Самбуу дүвчин, Самбуугийн Буриад, Чойжин, Аюурзана, Түгж нарын зэрэг 39 этгээдийн хэргийг мөрдөн байцааж, хууль цаазны ёсоор таслан шийтгэсэн байна. Шүүхийн дарга нь Дэндэв, гишүүд нь Гончигдорж, Дашзэвэг, Дэндэв, Цагаанхүү, Дансцоодол, Ядамсүрэн нар сууж улсын яллагчид прокурор Ядамсүрэн, Гомбожав нар, хэрэгтний өмгөөлөгчид Найдан, Дамдинсүрэн, Сүхжав, Гочоо нар тусгай асуултыг хянан боловсруулах экспертэд улаан цэргийн Цэрэндагва, Олон нийтийн өмнөөс шүүмжлэгч ба нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн ардын төлөөлөгч Даваа, Архангай аймгийн ардын төлөөлөгч Пэрэнлэйням нар суужээ. Энэ хуралд хэрэгтэн нарын дотроос хоёр хүн хүнд өвчтэй байсан тул улсын прокурорын газраас тусгай байцаагч гаргаж хэргийг байцаалгасанд тэр хоёр хүн хуралд суухгүйгээр хэргээ таслуулахыг зөвшөөрсөн ба мөнхүү шүүхийн дарга, өмгөөлөгчид татгалзахгүй гэжээ. Улсын дээд шүүхээс зургаан шүүгдэгчийг суллах буюу тэнсэн өгч, 15 шүүгдэгчид хорих ял оногдуулж, 18-д нь цаазаар хороох ялыг амь гуйх эрхтэйгээр оноожээ.

Мөн үзэх засварлах

Урлагийн бүтээлүүд засварлах

  • Ч.Лодойдамба. Тунгалаг тамир. роман
  • Тунгалаг тамир. Уран сайхны кино.
  • Б.Чойжилсүрэн. Морин төвөргөөн. роман

Эшлэл засварлах

Цахим холбоос засварлах