Николай Аполлонович Чарушин (1851 оны 12-р сарын 23-нд төрж, 1937 оны 3-р сарын 6-нд нас барсан) — Оросын зохиолч, хувьсгалч, аялагч, гэрэл зурагчин.

Николай Аполлонович Чарушин (1851-1937)

Николай Чарушин 1851 оны 12-р сарын 23-нд Оросын Вятск мужийн (Губерн) Вятка голын баруун эрэг дээрх 3,5 мянган хүн амтай Орлов (сүүд Халтуринск) гэж жижиг хотод төржээ. Эцэг Аполлон Иванович тойргийн захиргаанд бичиг хэрэг хөтлөгчөөс тойргийн захирагчийн туслах хүртэл алба хашиж байсан. Эх Екатерина Львовна нь дампууралд орсон худалдаачны охин байсан бөгөөд бичиг үсэг муу мэддэг ч амьдралын ухаантай, ажилсаг нэгэн байжээ. Николай Чарушин айлын 8 хүүхдийн хоёр дахь нь байсан гэж 1926 онд хэвлэгдсэн байсан өөрийн дуртгал болсон “О далёком прошлом” хэмээх номдоо бичиж үлдээсэн байна. Бяцхан Николай хүү Орлов хотдоо бага сургуульд сурч дуусахад эрэгтэй хүүхэд ном сурах ёстой гээд эцэг Аполлон Иванович 11 настай хүүгээ 1862 онд 90 км зайтай мужийн төв Вятск хотын гимназид шалгалт өгүүлж оруулаад тэндээ айлд үлдээх хэцүүхэн шийдвэр гаргажээ.

Удалгүй 1866 онд түүний эцэг Аполлон Иванович нас барснаар ар гэрийн байдал хүнд байдалд орж олон нялх хүүхэдтэй үлдсэн эх Екатерина Львовна тулгарсан бүхий л асуудлыг өөрийн сэргэлэн ухаан, сэтгэлийн хат болон нагац ахын дэмжлэг тусламжийг авч даван туулсан байна.

1871 онд Н.Чарушин Вятскад гимназиа төгсөөд Санкт-Петербургийн Технологийн Их сургуульд улсын тэтгэлгээр элсэн сурсан боловч дүүргэж чадаагүй байна. Тэрээр энэ үеэс “Чайковцы” (Н.В.Чайковский хэмээх нэгэн удирдагчийн нэрээр нэрлэсэн) улс төрийн дугуйланд элсэж хувьсгалын үзэл санаанд бүрэн автаж Санкт-Петербургийн ажилчид дунд суртал ухуулга хийдэг байжээ. Николай Чарушин 1874 оны 1-р сарын 5-нд анх улс төрийн хэргээр баривчлагдаж “Литов”-ын шорон, дараа нь алдарт “Петропавловын цайз”-д 4 жил хоригдсон байна. Николай Аполлонович Чарушин 1878 онд урьдчилан хорих байрны "Сүм"-д гимназид хамт сурч байсан найз Владимир Кувшинскийгийн охин дүү, улс төрийн үзэл санаа нэгт Анна Дмитриевна Кувшинскаяд сэтгэл алдарч (1851-1909) гэрлэсэн. Удалгүй эргээд 1878 оны 5-р сард “193”-ын буюу “хувьсгалд уриалах” хэргээр Санкт-Петербургийн шүүхээс 9 жил цөлөгдөх ял авчээ.

Сибирь рүү цөллөгөнд явахад нь гэргий Анна Дмитриевна Чарушина дагаж явсан. Эрхүүгийн шорон руу хүргүүлэх замдаа хүнд өвчилж ухаангүй очсон гэдэг юм. Тэндээ хэсэг эмчлүүлээд “Доод Карагийн шорон”-д (Кара буюу “Хар” болон Шилка голуудын бэлчир дээрх) хуваарилагдсан байна. 1880 онд Николай, Анна хоёр охинтой болсон бөгөөд 1881 онд түүний ялыг нь хөнгөлж Ар Байгалын аль нэг хотод суурьших бөгөөд өөрийн сонирхож буй ажлаа хийж болох зөвшөөрөл гарч 1882 онд Нерчинск хотод эхнэр, охины хамт шилжиж тэндээ хүүхдүүдэд гэрэл зураг авахыг зааж өгч байжээ.

Монголд

засварлах

1886 онд гэр бүлийн хамт Троицкославск буюу өнөөгийн Монгол, Оросын хилийн боомтын Хиагт хотод шилжин суурьшаад гэрэл зургийн студи байгуулж ажлуулсан байна. Хиагт хотод цөллөгт байсан бусад нөхдийн хамт номын сан, “Оросын газар зүйн нийгэмлэг”-ийн салбар Этнографийн (угсаатан зүйн) музей нээгээд 9 жилийн нүүр үзжээ. Тэр үеэр Оросын алдарт аялагч, угсаатан судлаач Г.Н.Потанин Монголд хийсэн 3 дахь экспедиц буюу судалгааны аяллын багтаа 6 долоо хоногийн хугацаатайгаар Н.Чарушиныг гэрэл зурагчнаар авч явах зөвшөөрөл хөөцөлдөж олж авч чадсан байдаг. Улмаар тэр энэ судалгааны аялалд багтаж 1888 онд Өргөө орж Монголын нийслэл, монгол хүмүүсийн олон арван гэрэл зураг авч үлдээсэн гавьяатай.

Оросын тэр үеийн эрх баригчид 1895 оны 8-р сард төрсөн Вятск хот руугаа явах зөвшөөрөл олгосноор нутагтаа даатгалын ажилтан хийж ам залгуулах болжээ. Н.Чарушин 1905 онд улс төрийн амьдрал руу эргэн орж, бусад нөхдийн хамт “Вятск хотын Ардчилсан Холбоо” байгуулаад гэргий Анна Дмитриевна Чарушинагийн хамт 1905-1907 онуудад «Вятская жизнь», «Вятский край», «Вятская речь» зэрэг сонинууд хэвлүүлэн гаргаж байжээ. Орос улсад болсон 1917 оны Октябрийн хувьсгалын дараа “большевикууд”-ын засаглалыг хүлээн зөвшөөрөөгүй тусгаар Бүгд найрамдах улс байгуулах тухай тунхагласан Мужийн Дээд зөвлөлийн удирдлагад ороод байсан гэдгээр буруутаж, түүнийг хоёр ч удаа шинэ эрх баригчид баривчлан хорьж байсан байна.

Н.А.Чарушин 1922 оноос “Улс төрийн цөллөгдөгсдийн нийгэмлэг”-ийн гишүүн, А.И.Герцений нэрэмжит “Вятскийн эрдэм шинжилгээний номын сан”-гийн салбарын эрхлэгч хийж “О далёком прошлом” зэрэг хэд хэдэн ном бичиж үлдээжээ.

Тэрээр 85 насандаа 1937 оны 3-р сарын 6-нд Киров (хуучин Вятка) хотод нас барсан байна.