Цогт хунтайжийн хадны бичээс

Цогт хунтайжийн хадны бичээс (англи. Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) 17 дугаар зууны монголын яруу найргийн сонгодог бүтээлийн нэг. Уг шүлэг нь долоон бадаг байдаг. Цогт тайжийн хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан Халуут эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лигдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Шүлэгт "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээсэн байна.

Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламж гардуулсан.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Дуут” хад хэмээн нэрлэдэг энэ байгалийн тогтоц гаднаа хар боловч дотроос нь цагаан сараал өнгө гарч ирдэг өвөрмөц сонин тогтоц бүхий хадан дээр Цогтын хунтайжийн хадны бичээс самбар дээр цагаан цэрдээр бичсэн юм шиг тодрон харагддаг байна.

Цогт хунтайжийн хадны бичээс

засварлах

1-р бадаг.

Дээр тэнгэр хааны аху (оршихуй гэсэн утгаар) хийгээд

Дэлхий дахь хан богдсын аху газар

Дээр дорын ялгал (буй) боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

2-р бадаг

Агинистайн агуй дахь бодиства нар хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.


3-р бадаг

Энд Хан Богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

4-р бадаг

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

5-р бадаг

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

6-р бадаг

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд

Орхон Туулд агч өвчит бид хоёр

Халх Онигуудын газар хол боловч

Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.

7-р бадаг

Энэ биендээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.