Цогзолын Нацагдорж

Цогзолын Нацагдорж нь (1951 оны дөрөвдүгээр сарын 17 - 2010) Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч хүн байв.

Цогзолын Нацагдорж
Төрсөн1951 оны 4 сарын 17 (1951-04-17)
Нас барсан2010
ҮндэстэнМонгол
Ажилхөгжмийн зохиолч

Тэрээр 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Шаврын ханан" гэдэг газар төржээ. Нацагдорж нь 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид (багш нь Ё.Цэрэндолгор), 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид (багш нь Н.Пузей) суралцан төгссөн. 1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

1994 оноос Сонгодог урлагийн академик театрын даргаар ажилласан юм. 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг 2-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараар, 1993 онд "Үүлэн заяа" дуурь, 4-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараараа Төрийн соёрхол хүртэв.

           Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн дуурийн уран бүтээлүүд нь дуулаачийн бүтээл гэхийн зэрэгцээ симфонийн, симфонилог бүтээл гэх хэмжээнд хүрсэн байдаг юм. Учир нь түүний дууриудын симфони найрлын хөгжим нь тайзны жүжгийн чимэг, дагалдах хөгжим төдий бус тайзны жүжгийн өрнөлт явцын салшгүй нэг хэсэг мөнөөс мөн юм. Үйл хөдлөл бүрийг, дүр бүрийг хөгжмөөр тодотгож өгсөн байдаг ба үзэгдлүүдийн хооронд үйл явдлаа үргэлжлүүлсэн, тодотгосон хөгжим оруулж өгсөн нь ихээхэн ач холбогдолтой юм.  Мөн тэрээр монголын дуурийн урлагийн түүхэнд Хаадын тухай дууриудаараа алдаршин тэмдэглэгдэх болно.   

Түүний "Нутгийн чулуу" хэмээх дуу нь ард түмэнд хэдийнээ танил болсон түүхтэй.

1992 онд Дамбын Төрбатын цомнолоор “Гүюг хаан” 2 бүлэгт балетын хөгжмийг бичсэн нь УДБЭ Театрт балетмейстер Балганы Батжаргалын дэглэлтээр тоглуулжээ .

Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 3-р сард МУСГЗ зохиолч Дамбын Төрбатын зохиолоор бичсэн түүний "Гүн гэрийн гүнж" дуурийг ДБЭТеатрын тайзнаа тавьсан байна. Найруулагчаар Батнасангийн Сүхээ(Ph.D), тайзны зураачаар ДБЭТеатрын ерөнхий зураач, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт,МУУГЗ Гунгаасүхийн Ганбаатар нар ажиллав.

Ц.Нацагдорж морин хуур хөгжимд зориулж дөрвөн концерт бичжээ. Тэдгээр нь нэг талаас хөгжмийн хэллэгийн хувьд өвөрмөц хэрнээ шинэлэг өнгө аястай, нөгөө талаас морин хуур хөгжмөөр тоглох ур чадварын асуудлыг өндөр төвшинд гаргаж өгсөн гэдгээрээ онцгой ач холбогдолтой юм. Ц.Нацагдоржийн морин хуурт зориулсан нэгдүгээр концертод туульсын шинж давамгайлсан, ардын бий биелэгээ, татлагыг санагдуулсан, зарим талаар алеаторик зэрэг орчин үеийн хөгжмийн зохиомжийн арга барилыг хэрэглэсэн байдаг бол “Морин хуур, хөөмэй, найрал хөгжимд зориулсан концерт” нь зөвхөн морин хуурчид төдий бус морин хуурч-хөөмэйчид зориулагдсан гэдгээрээ онцлог бүтээл болсон байдаг.

Дуурь:

  • "Үүлэн заяа" (1988)
  • "Өгөөдэй хаан" (1991)
  • "Гэсэр хаан" (1995)
  • "Гүн гэрийн гүнж" (2004)
  • "Тунгалаг тамир" мюзикл(2007)

Симфони:

  • Симфони №1 (1978)
  • Симфони №2 (1979)
  • Симфони №3 (1988)
  • Симфони №4 (1990)
  • Симфони №5 (2002)

"Хөдөөгийн сайхан" 4 ангит симфони чуулбар(1979)

Балет:

  • “Гүюг хаан”(1992)
  • "Нүүдэл" (2010)

Хөгжмийн урлагийн нэгэн томоохон төрөл болох концерт хэмээх төрөл зүйлд бүтээсэн туурвилууд:

  1. Төгөлдөр хуур найрал хөгжимд зорулсан концерт. 1978
  2. Альт хөгжимд зориулсан бэсрэг концерт. 1981
  3. Ятганд зориулсан бэсрэг концерт. 1982
  4. Концертын удиртгал. 1984
  5. Морин хуур, найрал хөгжимд зориулсан концерт. 1984
  6. Эвэр бүрээ, найрал хөгжимд зориулсан концерт №1. 1984
  7. Лимбэ, найрал хөгжимд зориулсан концерт. 1998
  8. Ёочинд зориулсан концерт. 1999
  9. Хуучир хөгжимд зориулсан концерт. 2000
  10. Морин хуур, найрал хөгжимд зориулсан концерт №2. 2000
  11. Цохивор ба төгөлдөр хуур хөгжимд зориулсан концерт. 2000
  12. Шудрага хөгжимд зориулсан концерт. 2001
  13. Морин хуур, найрал хөгжимд зориулсан концерт №3. 2004
  14. Ятга хөгжимд зориулсан концерт. 2005
  15. Морин хуур, хөөмэй, найрал хөгжимд зориулсан концерт №4. 2007
  16. Эвэр бүрээ хөгжимд зориулсан концерт. 2010