Хятад-Вьетнамын дайн

Хятад-Вьетнамын дайн
Хятадын Вьетнамын хотууд руу давшилсан газрын зураг
Хятадын Вьетнамын хотууд руу давшилсан газрын зураг
Огноо 1979 оны хоёрдугаар сарын 17-оос гуравдугаар сарын 16 хүртэл хүртэл
Байрлал Хятад-Вьетнамын хилийн бүс нутаг
Үр дүн Хоёр талын аль аль нь өөрсдийгөө ялагчаар тодорхойлдог
Хятадын ухралт
Үр дагавар Вьетнам Камбожийг үргэлжлүүлэн өөрийн мэдэлд авч үлдсэн
Зөрчилдөгч талууд

 Хятад

 Вьетнам

Удирдагч

Дэн Сяопин
Е Цзяньин
Ян Дэчжи
Сюй Шию

Ле Зуан
Ван Тьен Зунг
Тон Дык Тханг

Цэргийн хүч
≈ 200.000 XАЧА-ийн явган цэрэг 70.000 цэрэг
150.000 Ардын цэрэг[1]
Хохирол

Ойролцоогоор 26.000 үхсэн
37.000 шархадсан[2]

Ойролцоогоор 30.000 үхсэн
32.000 шархадсан[2]

Хятад-Вьетнамын дайн (Вьетнам хэл: Chiến tranh biên giới Việt-Trung; Хятад: 中越战争 Zhōng-Yuè Zhànzhēng) 1979 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хил дээр өрнөсөн зэвсэгт мөргөлдөөн. Анхны социалист орнуудын хооронд болсон дайн гэж мөн үздэг.

Дайны урьдчилгаа нөхцөл

засварлах

1975 онд Вьетнамын коммунистууд Умард хэсэгт ялалт байгуулж, хоёр хуваагдаад байсан Вьетнам ЗХУ-ын тусламжтайгаар нэгдсэний дараа БНХАУ-ын өмнөд хөрш Вьетнам руу чиглэсэн бодлого өөрчлөгдөж эхлэв. Хятадын удирдлага өмнөд хил дээрээ Зөвлөлтийн холбоотон хүчирхэг Вьетнам улс байгуулах сонирхолгүй байв. Зөвлөлт-Хятадын харилцаа муудаж хуваагдмал байсан үе 10-аад жил үргэлжилж байв. Хятад-Зөвлөлтийн "нөлөөний хүрээний" мөргөлдөөний жишээ бол Камбожид 1975 онд Хятадыг түшсэн Улаан Кхмерүүд засгийн эрхэнд гарч, Пол Пот Камбожийг тэргүүлж эхэлсэн явдал юм. Кхмерүүд улс дотроо нийгмийн харгис туршилтууд хийхээс гадна Вьетнамын эсрэг газар нутгийн асуудал гарган тавьж, нэхэмжлэл гаргаж, хилийн өдөөн хатгалга зохион байгуулж эхэлсэн нь эцэстээ дайн дэгдэхэд хүргэсэн юм. Иймд Вьетнамын удирдлага илүү шийдвэртэй ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. 1978 оны 11 дүгээр сард Вьетнам ЗСБНХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны урт хугацааны гэрээнд гарын үсэг зурж, Вьетнамын арми Камбожид бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлж (1978 оны 12-р сарын 25) хоёр долоо хоногийн дотор Пол Потыг түлхэн унагаж, Хенг Самриныг Засгийн эрхэнд авчирсан юм. ЗСБНХУ, Вьетнам хоёр Пномпень дахь шинэ Засгийн газрыг дэмжиж байв. Баруун Европын орнууд, АНУ, Япон улсууд Вьетнамын Камбож руу нэвтрэн орж довтолсныг буруушааж байв. Хятад Камбожийн үйл явдалд маш их санаа зовниж эхэлсэн. Нэгдүгээрт, найрсаг дэглэмийг унагаажээ. Хоёрдугаарт, Зөвлөлт-Вьетнамын гэрээнд гарын үсэг зурж, Хятадын холбоотныг түлхэн унагаав. Хятадын удирдлагад Зөвлөлт Холбоот Улс дагуул орнуудынхаа гинжээр Хятадыг аажмаар хүрээлж байгаа мэт дүр зураг харагдаж байв.

Дайны явц

засварлах

1979 оны 2 дугаар сарын 17-ны үүрээр 04:30 цагт БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми Вьетнамтай залгаа хилийн нутаг руу бүхэлд нь довтолж эхэлсэн. 19-р зууны эцсээр Францын колончлолын Засаг захиргаа болон Бээжингийн Эзэн хааны захиргаа хооронд тохиролцон байгуулсан хилийн зурвас юм. Мөн сүүлд 1955 онд Вьетнамын Хөдөлмөрчдийн нам (Вьетнамын Коммунист намын 1951-1976 онууд дахь нэр), Хятадын Коммунист нам хооронд 1600 орчим км хилийн зурвасыг албан ёсных гэж тохиролцсон байжээ.

Хятадын Урьдчилан их буугаар ширүүн бөмбөгдсөний дараа 200 мянган хятадын цэрэг танкийн дэмжлэгтэйгээр үндсэн гурван чиглэлээр цөмрөн орсон гэдэг боловч байлдааны үйл ажиллагаа хоёр улсын нийт хилийн зурвасын дагуу болсон байна. Байлдааны эхний үед Вьетнамын тал армийнхаа үндсэн хүчийг умард хил рүүгээ татаж амжаагүй байсан тул зөвхөн хил хамгаалах цэрэг болон сайн дурынхны 100 мянган цэргийн хүчээр партизаны дайны тактик ашиглаж хэсэгчилсэн тулалдаануудад орж байжээ. Хятадын арми гурван өдрийн дотор Вьетнамын баруун хойд нутгийн Лаокай мужийн төвийг эзэлж фронтын зарим хэсгээр нутгийн гүн рүү 15 орчим км нэвтэрч арваад хоногийн дараа олон мянган хүний амь болон техникийн хохирол амсан давшсаар зүүн умард нутгийн Каобанг мужийн төв болон бусад хэдэн арван хот сууринг эзлэн авч чадсан байдаг юм.

1979 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Ардын Чөлөөлөх Арми Вьетнамын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсаны эцэст Вьетнамын нийслэл Ханойгоос зүүн хойд чиглэлд 150 орчим км зайд орших Лангшон хотыг эзлэн авсан нь уг дайны оргил үе болсон гэж үздэг.

Вьетнамын тал дайны хувьд стратегийн өндөр их ач холбогдолтой Лангшон хотыг дайсанд алдсаны маргааш нь буюу 3 дугаар сарын 5-нд бүх нийтийн цэрэг татлага зарласан. Харин Хятадын удирдлага мөн тэр өдөр довтолгооноо зогсоож, цэргээ Вьетнамын газар нутгаас эгүүлэн татахаа албан ёсоор зарласан боловч Хятадын арми 3 дугаар сарын 16-нд Вьетнамаас бүрэн гартал байлдааны үйл ажиллагаа зогсоогоогүй байна.

Хятадын цэрэг Вьетнамын гүн рүү нэлээд довтлон орсон хэдий боловч албан ёсоор довтолгооноо зогсоож цэргээ татах болсон шалтгааныг тэр үед Номхон далайн зүүн өмнөд хэсэгт, ЗХУ-Хятадын умард хилийн дагуу болон хөрш Монгол Улсад ихээхэн цэрэг-техник төвлөрүүлээд байсантай судлаачид холбон үздэг.

Дайны үр дүн

засварлах

Энэ дайны дүнд Хятадын талаас 20 мянга, Вьетнамын талаас 20 мянган орчим хүн амиа алдсан гэдэг дүгнэлт байдаг байна.

1979 оны уг дайны зорилгыг Камбожтой холбож тайлбарлдаг боловч Хятадын Вьетнам руу довтолсон улс төрийн үндсэн зорилго өөр байсан гэж судлаачид үздэг. Хятад тухайн үеийн ЗХУ-ын удирдагчдын сул эргэлзээтэй байгаа талыг мэдэрч, ойрын холбоотноо яаж дэмжихийг туршиж ЗХУ гадаад бодлогынхоо ашиг сонирхлыг хамгаалахын тулд хүч хэрэглэхэд бэлэн байгаа эсэхийг шалгасан үйл явдал гэж үздэг. Энэ мөргөлдөөний дараа хятадуудын өөртөө итгэх итгэл нэмэгдэж 1979 оны 4 дүгээр сард “Зөвлөлт-Хятадын найрамдал, эвсэл, харилцан туслалцааны гэрээ”-нээс Хятадын тал татгалзсан байдаг. 1970-аад онд Зөвлөлтийн тал Хятадад шинэ гэрээ байгуулахыг үе үе санал болгохыг оролдож байсан ч 30 жилийн хугацаатай (1980 он хүртэл) байгуулсан уг гэрээг сунгаагүй байна. Хятад улс Вьетнам руу уг гэрээний дуусгавар болох жил довтолсон нь мөн анхаарал татаж нэгийг хэлж байсан юм.

Дайн дууссаны дараа Хятад, Вьетнамын харилцаа удаан хугацаанд 10 гаруй жил хурцадмал хэвээр байж ирсэн. Хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн 1980 оны 6 дугаар сар, 1981 оны 5 дугаар сар, 1983 оны 4 дүгээр сар, 1984 оны 4 дүгээр сар, 1985 оны 6 дугаар сар, 1986 оны 12 дугаар сараас 1987 оны 1 дүгээр сар хүртэл зэрэг тасралтгүй явагдаж байсан. Хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн хамгийн сүүлд 1988 оны 3 дугаар сард болсон байна.

  1. King C. Chen: China's War with Vietnam, 1979. Issues, Decisions, and Implications. Hoover Institution Press, Stanford 1987, ISBN 0-8179-8572-7, S. 103.
  2. 2.0 2.1 Xiaorong Han: Sino-Vietnamese Border War, in: Xiaobing Li (Hrsg.): China at War - An Encyclopedia, Santa Barbara 2012, S. 411–413.