Бямбын Дагвадорж

Бямбын Дагвадорж (1944 онд төрсөн) нь Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор юм.

Б.Дагвадорж нь 1944 онд Говь-Алтай аймгийн Наран, одоогийн Халиун сумын нутаг Минций хэмээх газар төрсөн. 1952-1954 онд Наран сумын бага сургуульд, 1954-1962 онд Алтай хотын арван жилийн сургуульд суралцан, 1967 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1984 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1967-1973 онд Алтай хотын Нэгдсэн эмнэлэгт дотрын их эмч, тасгийн эрхлэгчээр, 1973-2000 онд Анагаах ухааны дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2000 оноос Элэг эмнэлгийн захирал, зөвлөх эмчээр ажиллаж байна. Б.Дагвадорж Югослав улсын Белград, ЗХУ-ын Москва, Болгарын Софи, Японы Нагоя, Тайландын Бангкок хотын анагаах ухааны их сургуулиудын эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлсэн. 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдон Монгол Улсын Үндсэн Хуулийг батлалцсан эмч юм.

Гавьяа шагнал

засварлах

Б.Дагвадоржийн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Эрүүлийг хамгаалахын болон Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2002 онд Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор тус тус шагнасан. Элэгний өвчин судлалаар олон жил ажиллан "Элэгний Дагвадорж" гэсэн эрхэм алдрыг ард түмнээсээ хүртсэн. Дагвадорж эмч өнөөдөр ч хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож, Монголын хоол боловсруулах эрхтэн судлагч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Эрүүлийг хамгаалахын ерөнхий мэргэжилтэн, зөвлөхийн албанд зүтгэсээр байна.