Тусгаар тогтнол (шүлэг)
“Тусгаар тогтнол” шүлгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж бичсэн байна.
Зохиолч, яруу Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлэг Монгол Улсын Тусгаар тогтнолын үнэ, цэнийг тодорхой илэрхийлсэн алдартай бүтээл юм. Уг шүлгэнд "Улс гэрээ тунхагласан эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон мянган цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн үндэсний дархлаагаа тунхаглан зарлаж, бахархан омогшиж, үр хойчдоо үеийн үед үүрд сануулан үгээр сийлсэн бүтээл юм.
“Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилгоор жил бүр уншиж хэвшүүлж байгаа юм.
2018 оны 4-р сард "Тусгаар тогтнол" шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын газрын зураг гарган Сүхбаатарын талбайд зогсож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт уншсан байна.
2019 онд 2222 сурагч Ерөнхийлөгчийн хамт уг шүлгийг уншсан байна.
Шүлэг бүтсэн түүх
засварлахЯруу найраг судлаачдын үзэж буйгаар энэхүү шүлгийг Д.Пүрэвдоржид бичих санаа Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэний дараа анх төрсөн бөгөөд 1968 онд тэрээр харийн нутагт Москва хотод Утга зохиолын сургууль төгсөөд энэхүү алдарт шүлгээ хэвлүүлсэн байна.
Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хүйсийн шүүдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сүндэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн хатирч хүрэхгvй билчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгүй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.