Третьяковын уран зургийн галерей
Третьяковын уран зургийн галерей (Орос: Государственная Третьяковская галерея) - Оросын томоохон худалдаачин, ивээн тэтгэгч Павел Михайлович Третьяковын 1856 онд үүсгэн байгуулсан, Москвагийн урлагийн музей юм. 1867 онд галерейг олон нийтэд нээж, 1892 онд Москвагийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ үед музейн цуглуулгад 1276 уран зураг, 471 зураг, Оросын зураачдын арван уран баримал, түүнчлэн гадаадын урлагийн мастеруудын 84 уран зураг багтаж байжээ.
Орос оронд болсон 1917 оны Коммунист хувьсгалын дараа уг галерейг улсын мэдэлд шилжүүлж, иргэдийн хувийн цуглуулгыг хураан авч тус музейд үзмэр болгож эхэлжээ.
1985 онд Крымский вал дахь Улсын уран зургийн галерейг Третьяковын галерейтай нэгтгэж, зураачдын төв өргөөний хамт Шинэ Третьяковын галерей хэмээх нэг музейн цогцолборыг байгуулжээ. Лаврушинскийн гудамж дахь барилгад эртний үеэс 1910-аад он хүртэлх уран зургийн цуглуулга, харин Крымский Вал гудамж дахь салбарт 20 дугаар зууны урлагийн бүтээлүүд байна.
2018 оны байдлаар үзэсгэлэн нь 180,000 гаруй эд зүйлээс бүрдэж, 11-20-р зууны үеийн уран зураг, уран баримал, үнэт металлаар хийсэн эдлэлүүд байдаг.
Түүх
засварлах1850-аад онд Павел ах Сергей хоёр Костромад даавууны үйлдвэр байгуулж, үйлдвэрлэл нь тогтвортой сайн орлого авчирчээ. Улмаар ах дүү Третьяковууд буяны ажил хийж, зураг цуглуулахаар шийджээ. Павел Оросын зураачдын бүтээлүүд, Сергей Баруун Европын мастеруудын зураг цуглуулсан байна.
Энэхүү галерей нь 1856 онд Павел Третьяков Оросын тухайн үеийн зураачид болох Николай Шилдерийн "Уруу таталт" /Искушение/, Василий Худяковын "Финландын хууль бус наймаачидтай болсон мөргөлдөөн" /«Стычка с финляндскими контрабандистами» / гэсэн хоёр бүтээлийг олж авснаар анх байгуулагдсан гэж үздэг.
1867 онд Третьяков Лаврушинскийн гудамж дахь байр музейг олон нийтэд нээсэн. Уг мүзейг анх "Москва хотын Павел, Сергей Третьяковын галерей" гэж нэрлэдэг байсан бөгөөд Оросын зураачдын 1276 зураг, 471 зураг, 10 уран баримал, түүнчлэн гадаадын мастеруудын 84 уран зурагтай байжээ.
1890-ээд оны төгсгөлд Третьяковын галерей нь хувийн өмчийн, нийтийн шинж чанартай Үндэсний музейн статусыг олж авсан. Энэ нь галерейг зочлох хүн бүрд үнэ төлбөргүй нээлттэй болгосон гэсэн үг юм. Үүний зэрэгцээ Павел Третьяков төрийн арга хэмжээг зохион байгуулахад оролцож эхлэв. Тиймээс ивээн тэтгэгч 1892 онд Парист болсон олон улсын үзэсгэлэнд Оросын уран зургийн тэнхим байгуулах асуудлыг шийдэж байжээ.
1892 онд Павел Третьяков галерейг Москва хотын захиргаанд шилжүүлэн хандивлах шийдвэр гаргасан байна. Үүний шалтгаан нь түүний ах Сергей нас барахаасаа өмнө Москва хотод Лаврушинский Переулок дахь байшингийн талыг, 125 мянган рублийн хөрөнгө, цуглуулсан урлагийн цуглуулгыг гэрээслэн үлдээсэн ажээ. Шилжүүлгийг хурдасгахын тулд Павел өөрийн цуглуулгуудыг ахых дээрээ нэгтгэж, хотод хандивлав. Тэр үед ах дүү Третьяковын цуглуулгад уран зураг, уран баримал, графикийн хоёр мянга гаруй бүтээл багтжээ. Хотын Думын шийдвэрээр Павел Третьяковыг галерейн насан туршийн удирдагчаар /куратор/ томилжээ. Түүний үүрэг хариуцлагад байнгын үзэсгэлэнд зориулж бүтээл сонгох, төсвийн хөрөнгөөр шинээр зураг худалдаж авах, музейн байрыг өргөтгөх асуудлыг шийдвэрлэх зэрэг байжээ.
Музейн цуглуулгын үндэс нь 1860-1880-аад онд бий болсон. 1872-1873 онд зураач Перов Третьяковын мүзейд зориулж зохиолч Фёдор Достоевский, Иван Тургенев, түүхч Михаил Погодин, эрдэмтэн Владимир Даль, яруу найрагч Аполло Майков нарын хөргийг зуржээ. Оросын зохиолч Тургеневын хөрөг нь зохиолчийг биечлэн таньдаг Третьяковт "амьд биш" гээд таалагдаагүй гэдэг.
1873 онд Третьяковын галерейн цуглуулгад зориулж зураач Иван Крамской алдарт зохиолч Лев Толстойн хөргийг зуржээ.
1880-аад оны эцэс гэхэд арван дөрвөн өрөөг эзэлсэн Третьяковын цуглуулга өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор галерейн барилгыг дахин барьж дуусгажээ. Цуглуулга нэмэгдэхийн хэрээр урлагийн бүтээлийг хадгалах, үзүүлэхэд шаардлагатай шинэ байр танхимууд байшингийн орон сууцны хэсэгт нэмэгдсэн - 1873, 1882, 1885, 1892 онуудад ижил төстэй өргөтгөлүүдийг хийжээ. 1898 онд Павел Третьяковыг нас барсны дараа уг байрыг үзэсгэлэнд зориулан сэргээн засварлав.
Өнөө үед тус музей нь идэвхтэй үзэсгэлэнгийн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс 2016 онд Шинэ Третьяков галерейн байранд Валентин Серовын бүтээлийн үзэсгэлэн гарч, зураачийн 250 гаруй уран зураг, түүний дотор гадаадын музей, хувийн цуглуулгуудаас толилуулжээ. Үзэсгэлэнгийн үеэр 400 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна. Музейн хэвлэлийн албаны мэдээлснээр Серовын үзэсгэлэн нь сүүлийн 50 жилийн хугацаанд хамгийн олон үзэгчтэй урлагийн арга хэмжээ болж, олон цагаар дараалал үүсгэсэн - музейн удирдлагууд хүмүүсийг халуун хоолоор хооллохын тулд хээрийн гал тогоог хүртэл зохион байгуулжээ.
ОХУ-ын Соёлын яамны Музейн газрын дарга Владислав Кононовын хэлснээр, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Третьяковын галерейд байгуулагдсан ашгийн бус сан 2017-2018 онд үйл ажиллагаа, дүрмийн зорилгод дэмжлэг үзүүлэх зорилгоор 2.6 тэрбум гаруй рубль шилжүүлсэн байна. Кононовын хэлснээр музей болгон дээр ийм санг бүрдүүлэх ёстой ажээ.
Музейн удирдлага
засварлах- Илья Остроухов (1905—1913)
- Игорь Грабарь (1913—1925)
- Николай Щёкотов (1925—1926)
- Алексей Щусев (1926—1929)
- Михаил Кристи (1930—1939)
- Поликарп Лебедев (1939—1941)
- Александр Замошкин (1941—1951)
- Борис Иогансон (1951—1954)
- Поликарп Лебедев (1954—1979)
- Юрий Королёв (1980—1992)
- Валентин Родионов (1993—2009)
- Ирина Лебедева (2009—2015)
- Зельфира Трегулова (2015 оноос)