Гүн Лев Николаевич Толстой (1828 оны 8-р сарын 28-нд төрж, 1910 оны 11-р сарын 7-нд нас барсан) нь Дайн ба энх болон Анна Каренина зэрэг романуудыг бичсэн Оросын нэрт зохиолч, гүн ухаантан. Дэлхийн тэргүүний роман зохиолчдын нэг гэгддэг.

Лев Толстой (1887)

Үзэл бодлоосоо болж Оросын үнэн алдартны сүмээс хөөгдсөн. Оросын Эзэн хааны ШУА-ийн жинхэнэ гишүүн (1873). Тэрээр утга зохиолын салбарт Нобелийн шагналд нэр дэвшиж (1902, 1903, 1904, 1905) байсан бөгөөд дахин нэр дэвшихээс татгалзаж байжээ.

Лев Толстой 1828 оны 8-р сарын 28-нд эхийнхээ өв залгамжилж авсан Оросын Тула муж дахь Ясная Поляна эдлэн газарт Николай Ильич Толстойн гэр бүлд 4 дэх хүүхэд болж төржээ. Эх Мария Волконская нь Лев хүүг 3 нас хүрээгүй байхад 1830 онд эмэгтэй дүүг нь төрүүлээд зургаан сарын дараа төрөлтийн хүндрэлээс нас баржээ.

Холын хамаатан Татьяна Александровна Ергольская (1792—1874)-д өнчин хүүхдүүдийг хүмүүжүүлэх үүрэг ноогдсон байна. 1837 онд ууган хүү их сургуульд элсэхэд бэлтгэх шаардлагатай болсон тэд гэр бүлээрээ Москва руу нүүж, алдарт Плющиха гудамжинд суурьшжээ. Удалгүй түүний эцэг Николай Ильич гэнэт нас барж, гэр бүлийн хэргийг (гэр бүлийн өмчтэй холбоотой зарим нэхэмжлэлийг оруулаад) цэгцлээгүй үлдээж, гурван бага хүүхэд нь Ергольская болон түүний авга эгч, хүүхдүүдийн асран хүмүүжүүлэгч болсон Гүнж А.И.Остен-Сакен нарын хяналт дор амьдархаар болж Ясная Полянад эргэн ирж суурьшжээ.

Лев Толстой 1840 он хүртэл эндээ үлдэж, А.И.Остен-Сакен нас барахад хүүхдүүд шинэ асран хамгаалагч болох эцгийн эгч П.И.Юшковагийн руу буюу Казань руу нүүжээ.

Ах Николай, Дмитрий, Сергей нарыг дагаж Лев Толстой Казанийн Эзэн хааны Их сургуульд (тухайн үеийн хамгийн алдартай) элсэхээр шийджээ. 1844 оны 10-р сарын 3-нд Лев Толстой тус Их суруулийн Дорно дахины (Араб-Турк) уран зохиолын ангид сургалтаа хувиараа төлбөр төлдөг оюутан болжээ. Их сургуульд ороод Шарль Луи де Монтескье, Жан Жак Руссо нарыг уншиж их сэтгэгдэлтэй үлджээ.

 
Лев Толстойн өдрийн тэмдэглэл

Лев Толстой Казанийн эмнэлэгт хэвтэж байхдаа буюу 1847 оны 3-р сарын 17-ноос эхлэн Бенжамин Франклиныг дуурайн өдрийн тэмдэглэл хөтөлж, өөрийгөө боловсруулах зорилго, зорилтуудыг тавьж гарсан амжилт, алдаа дутагдлыг тэмдэглэж, түүнд дүн шинжилгээ хийж дутагдал, бодол санаа, тэдний үйл ажиллагааны сэдэл зэргийг тэмдэглэж байжээ. Тэрээр амьдралынхаа туршид энэ өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг байжээ.

Эмчилгээ дууссаны дараа 1847 оны хавар Толстой их сургуульд сургуулиа орхиж, өөрийн өвлөн авсан Ясная Поляна руу явж, тариачидтай "буруугаа цайлгаж, гэмшиж" шинэ харилцаа тогтоохыг оролдсон байна.

1848 оны 10-р сарын дундуур Толстой Москва руу явж, олон төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө амьдардаг Арбатын гудамж орчим амьдарчээ. Москвад тэрээр шалгалтад бэлдэж эхлэх гэж байсан ч хичээл эхлээгүй байна. Үүний оронд тэрээр амьдралын огт өөр тал руу татагдсан - дээдсийн амьдрал руу оржээ. Нийгмийн дээд давхрагын амьдралыг үзэх хүсэл тэмүүллийнхээ хажуугаар 1848-1849 оны өвөл Москвад Лев Николаевич анх хөзрийн тоглоомд оржээ. Гэвч тэрээр маш бодлогогүй мөрийтэй тоглож байсан тул хожигдох нь олонтаа байжээ.

Дараа нь тэрээр Москвад дахин ирж байсан бөгөөд ихэнхдээ мөрийтэй тоглоом тоглож, санхүүгийн хүнд байдалд орж байжээ. Амьдралынхаа энэ хугацаанд Толстой хөгжимд маш их сонирхолтой байсан (тэр өөрөө төгөлдөр хуур сайн тоглодог байсан бөгөөд бусад хүмүүсийн тоглолтыг маш их үнэлдэг байсан). Хөгжимд дурлах нь түүнийг хожим "Крейцерийн сонат" бичихэд хүргэсэн.

Толстой хөгжмийн зохиолч Иохан Бах, Гендель, Шопен нарт дуртай байв. 1848 онд Санкт-Петербургт хийсэн аяллын үеэр бүжгийн ангийн авьяаслаг, гэхдээ төөрөгдөлд автсан герман хөгжимчинтэй уулзсан нь түүний хөгжимд дурлах сэтгэлийг хөгжүүлэхэд нөлөөлсөн. 1849 онд Лев Николаевич хөгжимчин Рудольфыг Ясная Поляна хотод суурьшуулж, түүнтэй дөрвөн гараараа төгөлдөр хуур тоглодог байжээ. Тэр үедээ Шуман, Шопен, Моцарт, Мендельсон нарын бүтээлүүдийг өдөрт хэдэн цаг тоглодог байв.

1850-1851 оны өвөл “Хүүхэд нас” (орос. Детство) зохиолоо бичиж эхэлсэн. 1851 оны 3-р сард тэрээр "Өчигдрийн түүх" (орос. История вчерашнего дня) бичжээ.

 
Лев Толстой

Современник сэтгүүлд уран зохиолын эхлэл амжилттай болж, Лев Николаевич өөрийгөө бүхэлд нь уран зохиолд зориулахаар шийджээ. Удалгүй Крымын дайн, Севастополийн хамгаалалтад зориулсан "Севастополийн үлгэр" цуврал гарч ирэв. Санкт-Петербургт буцаж ирээд Толстой "Современник" утга зохиолын дугуйланд элсэж, түүнийг чин сэтгэлээсээ биширсэн. Гэсэн хэдий ч зохиолч нийслэлийн хөл хөдөлгөөнөөс хурдан залхаж, Европ руу аялалд гарсан. Ясная Поляна руу буцаж ирээд тэрээр тариачны хүүхдүүдэд зориулсан сургуулийг тохижуулах ажлыг эхлүүлэв. Тэрээр "Цагаан толгой"-гоос гадна бяцхан хүүхдүүдэд зориулсан олон зуун сайхан, сургамжтай үлгэрүүдийг бичсэн.

Толстойн хамгийн чухал бүтээл бол "Анна Каренина"(1873—1876), "Дайн ба энх"(1863-1869) романууд байсан бөгөөд тэдгээрийн агуулгыг бараг хүн бүр мэддэг. Эдгээр нь зохиолч дүрүүдийн дотоод ертөнцийг нарийн нээгээд зогсохгүй нийгмийн хамгийн чухал тулгамдсан асуудлыг тусгасан сэтгэл зүйн гүн гүнзгий бүтээлүүд юм.

1862 оны 9-р сарын 23-нд Лев Николаевич 34 настайдаа 18 настай Софья Андреевна Берстай гэрлэсэн юм.

Тэрээр Христийн шүтлэгтэй ба хүч хэрэглэхийн эсрэг байдаг байсан. Түүний "Бурхны хаанчлал таны дотор бий" гэсэн бүтээлийн хүмүүст үзүүлсэн нөлөөг Махатма Ганди болон Мартин Лютер Кингтэй зүйрлэж болно.

Лев Николаевич Толстой 1910 оны 11-р сарын 7-нд (20) 83 насандаа таалал төгсөв. Үхлийн шалтгаан нь энгийн ханиад байсан бөгөөд энэ нь хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа үүсгэсэн байв. Зохиолчийг өөрийн гэрээсэлсэн ёсоор Ясная Полянад ойн захад оршуулжээ.

1910 оны 11-р сарын 9-нд Лев Толстойн оршуулгад хэдэн мянган хүн Ясная Поляна хотод ирсэн байна. Цугласан хүмүүсийн дунд зохиолчийн найз нөхөд, уран бүтээлийг нь биширдэг хүмүүс, нутгийн тариачид, Москвагийн оюутнууд, мөн эрх баригчдын Ясная Поляна руу илгээсэн төрийн байгууллагуудын төлөөлөгчид байв. Орон нутгийн цагдаа нар Толстойтой салах ёс гүйцэтгэх ёслол Засгийн газрын мэдэгдэл, магадгүй жагсаал болж хувирч магад гэж эмээж байжээ. Толстойн өөрийнх нь хүссэнээр Ортодокс буюу Үнэн алдартны шашны зан үйлгүй (санваартнууд, залбиралгүйгээр, лаа, дүрс тэмдэггүйгээр) явагдах ёстой байсан ​​анхны олон нийтийн оршуулга байв.

2018 оны байдлаар дэлхийн 25 оронд Лев Толстойн 350 гаруй шууд удмын хүмүүс амьдарч байна. Тэдний ихэнх нь их зохиолчийн хүү 10 хүүхэдтэй Лев Львович Толстойн үр удам юм. 2000 оноос хойш Ясная Поляна хотод зохиолчийн хойч үеийнхэн хоёр жил тутамд нэг уулздаг уламжлалтай болжээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Лев Николаевич Толстой – Викимедиа зураг, бичлэг, дууны сан