Тогтох (Канли аймаг)

Тогто буюу Тогтох (хятад: 脱脱, пиньинь: tuō tuō) (1272-1327) нь Юань Улсын төрийн сайд, түрэг угсааны канли овгийн хүн. Эцэг нь канли аймгийн язгууртан гаралтай Яя хэмээгч бөгөөд, Гүюг, Мөнх хаадын үед хишигтэн, цэргийн ноён байсан. Тэрбээр зургаан хөвүүнтэй айлын отгон нь болой. Нэг ах нь Юань Улсын баруун гарын чинсан Ашабуха юм.

Тогтох нь 1272 онд төрсөн. Хожим нь нас биед хүрээд Сэцэн хааны шадар хишигтэн цэрэгт элссэн. 1299 онд Өлзийт хааны зарлигаар хан хөвүүн Хайсаныг дагаж, Монгол нутагт ирж цэрэг захирч суусан. 1301 онд Хайсаны удирдлагаар Өгэдэй хааны удмын Хайду хааны эсрэг байлдсан. 1307 онд Хүлэг хааны зарлигаар Цэргийн явдлын хүрээлэнгийн хамт мэдэгч түшмэл болж, дараа нь Төвлөн засах яамны пинжан жэнши түшмэл, Зарга шийтгэх яамны тэргүүн сайдын албан тушаалд дараалан томилогдсон. Дараа нь Жянань мужийн зарга шийтгэх яамны сайд, тус мужийн зүүн гарын чинсангаар томилогдон, цинь гуо гүн цолоор өргөмжлөгдөв. 1308 онд Зарга шийтгэх яамны Юйрэнь хүрээлэнгийн (虞仁院) сайд болж тушаал дэвшив. Мөн жилдээ төвлөн засах яамны зүүн гарын чинсан болов. 1309 онд цэргийн явдлын хүрээлэнгийн сайд болсны дараа эрхин сайдын яамны баруун гарын сайд Тогтохыг албан тушаалдаа эрдэж, авилгалыг өөгшүүлж, төрийн хэргийг завхруулсныг шүүмжлэн шийтгэхийг хүсч хаанд бодрол бичиг өргөв. Буянт хааны эхэн үед Жяньжэ мужийн зүүн гарын чинсангийн тушаалд томилогдож очоод бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэнийг амаржуулав. 1320 онд Гэгээн хааны үед түүнийг төрд буцаан дуудаж зарга шийтгэх яамны сайдаар томилж, жяньнань мужийн зарга шийтгэх салбар яамны сайдын албыг давхар хариуцуулав. Хожим нь түүнд атаархагч ноёдын шахалтаар албан тушаалаа хураалгаж, Юньнань муж руу цөллөгдсөн. 1327 онд 56 насандаа нас нөгчсөн.

Тогоонтөмөр хааны үед түүний гавьяа зүтгэлийг нэхэн дурсаж төрийн гавьяат сайд, тайш (太師), кайфу итун санси(開府儀同三司) зэрэг, дээд улсын түшээ(上柱國),хэнин ван (和寧王) цолыг давхар соёрхож, үнэнч шудрага (忠獻) хэмээн өргөмж нэр хүртээв.

Тогтох нь есөн хөвүүнтэй байснаас Төмөрдаш, Даштөмөр хэмээх хоёр хөвүүний нэр нь түүхэнд бичигдэж үлдсэн.

Холбоотой өгүүлэл

засварлах