Тарваган тахал
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
Тарваган тахлын үүсгэгч Y.pestis зууван хэлбэртэй, Грам сөрөг савханцар бөгөөд аналины будгуудаар хоёр туйлтай будагдана. Тарваган тахлын, нянгийн хоруу өндөртэй омгууд тэжээлт орчинд барзгар гадаргуутай буюу "R„ хэлбэрээр ургана. Тахлын нян саармаг агааргүйтэх бөгөөд үр үүсгэхгүй, хөдөлгөөнгүй, тэжээлт орчинд өсгөвөрлөж, ургуулах тохиромжтой дулаан нь 28 хэм, ээдэмцэр, хоттингерийн агар, загасны ясны гурил, цустай тэжээлт орчинд (рН-7.0-7.2) сайн ургана.Тарваган тахлын нян 37 хэмийн дулаанд бүрээс үүсгэнэ. Тарваган тахлын нян бүүргийн ходоодонд 0-15 хэмд 396 хоног хүртэл, мэрэгчдийн нүх ноохой, газрын хөрс, хүйтэн, чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай бөгөөд бусад бичил биетний нөлөө болон нарны гэрэл, химийн бодисын нөлөөнд тэсвэргүй. 1:1000-ын сульма, 3-5% хлорамин, 3% карболын хүчил, 10%-ын хлорын шохойн сүүн уусмал зэрэг халдваргүйтгэлийн бодисууд, мөн цефалоспорин, стрептомицин, тетрациклин, левомицетин зэрэг олон антибиотикт мэдрэг. Тархвар судлал Тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтан, шимэгчид/ бүүрэг бөөс.гм/ өвчилсөн хүн эх уурхай болно. Тарваган тахлын нян байгальд мэрэгч-бүүрэг-мэрэгч гэсэн гинжин хэлхээнд орчилж байдаг зүй тогтолтой. Байгалийн голомтод тахал өвчний нянг мэрэгчийн нэг бодгалиас нөгөөд дамжуулан эпизоотын процессыг нөхцөлдүүлэгч үндсэн дамжуулагч нь бүүрэг юм.
Тарваган тахал дараах замаар хүнд халдварлана. • шууд хавьтал • дам халдвар • агаар дусал • хоол хүнс
Шууд хавьтлын зам. өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилнө. Дам халдварын зам. Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөн хазуулах зэрэг тохиолдлуудад халдварлана.
Агаар дуслын зам. Тарваган тахлын уушигны хэлбэрээр өвчилсөн хүн түүний нэгдүгээр хавьтлаас халдварлана. Лабораторид осол гарсан үед уушигны хэлбэрээр өвчилж болно Хоол хүнсний зам. Тахлаар өвчилсөн тарваганы мах, махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэх явцад халдварлана.
Тархвар судлалын үндэслэл: - Тарваган тахлын голомтот нутагт амьдардаг эсэх - Тарвага, зурмыг агнасан, арьсыг өвчсөн, мах эвдсэн эсэх - Тарвага зурам зэрэг мэрэгчдийн бүүрэг, бөөсөнд хазуулсан эсэх - Тарваган тахлын сэжигтэй болон өвчтэй хүнтэй цуг байсан эсэх - Тарваган тахлын халдвартай байж болзошгүй эд, зүйлстэй харьцсан эсэх
Дархлал: Тарваган тахлаар өвчилсний дараа дархлал тогтоох боловч тодорхой хугацааны дараа дахин өвчилж болно. Дархлаажуулалтын дараа идэвхгүй дархлаа /6 сар орчим/ тогтоно.