Тадэуш Коморовски

Тадэуш Коморовски (польш. Tadeusz Komorowski; 1895 оны 6-р сарын 1-нд төрсөн- 1966 оны 8-р сарын 24-нд нас барсан) - польшийн цэргийн жанжин, Дэлхийн хоёрдугаар дайны үед нууц Бур (польск. Bór) нэр дор польшийн Армия Крайова-г удирдаж байсан генерал.

Тадэуш Бор-Коморовски

Т.Коморовски 1895 онд Тернополь (тэр үеийн Галиц, Австро-Унгар) хотын ойролцоох Хоробровев тосгонд Корчак хэмээх сүлдтэй эртний угсаат гэр бүлд төрсөн байна. Львов хотод лицейд сураад дараа нь Вена хот дахь Франц-Иосифын цэргийн академид сурч 1915 онд төгссөн байна. Сургуулиа төгсөөд Дэлхийн нэгдүгээр дайнд австрийн армид бага даргаар орос, италийн фронтод байлдаж явжээ.

1918 оноос Польшийн армид; Зөвлөлт-Польшийн дайнд эскадрил командлаж байгаад шархадсан байна. 1923 оноос Варшав дахь артиллерийн болон инженерийн офицерын сургуульд алба хаасан ажээ.

1933 оноос 9-р Малопольскийн морин цэргийн командлагч. 1938 оны 10-р сараас - Морин цэргийн сургалтын төвийн дарга. 1936 онд Берлинд болсон Олимпын наадамд тэрээр Польшийн морин спортын багийн ахлагчаар ажиллаж, мөнгөн медаль хүртсэн байна.

Дэлхийн 2-р дайн эхэлсний дараа 1939 оны 9-р сарын 7-нд Төвийн курсантуудыг удирдаж фронт руу явсан. Тэрээр Деблин орчим Висла дахь хамгаалалтыг удирдаж, дараа нь "Люблин" армийн бүрэлдэхүүнд нэгдсэн морин цэргийн бригадын командлагчийн орлогч байв. Генерал Тадеуш Пискорын нэгтгэлийн хамт бууж өгсөн. Олзлогдогсдын хуаранд шилжихдээ тэрээр Краков руу зугтаж чадсан бөгөөд тэнд нууц цэргийн байгууллагыг байгуулж, удалгүй "Зэвсэгт тэмцлийн холбоо"-нд /ЗТХ/ нэгдэж 6-р (Краковын) дүүргийн анги удирдсан байна. Энэ үед нууц Бур нэр авчээ. 1940 оны 2-р сард бригадын генерал цол хүртсэн байна. 1941 оны 3-4- сард ЗТХ-ны Краковын дүүргийн ангийг гестапо устгасан ажээ. Улмаар тэрээр Варшав руу зугтаж очсон бөгөөд 1942 оны 2-р сарын 14-нд Армия Крайова (АК) байгуулагдахад Ерөнхий командлагчийн орлогч болжээ.

1943 оны 7-р сарын 9-нд Армия Крайовагийн Ерөнхий командлагч генерал Стефан Ровецки-г гестапо баривчилахад оронд нь томилогдсон байна. Жилийн дараа Т.Коморовски 1944 оны 3-р сард дивизийн генерал цол хүртсэн байна.

1944 оны 2-р сард Коморовский цөллөгт буюу Лондонд байсан Польшийн Засгийн газрыг Армия Крайовагийн бие даасан ажиллагааны төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхийг ятгаж чаджээ. 1944 оны 8-р сарын 1-нд Улаан арми Варшав руу ойртсон Зөвлөлтийн довтолгоонд Германы цэргүүд суларсан гэж найдаж байсан ч Улаан армийн командлалтай тохиролцоогүй тул тэрээр удирдаж байсан Варшавын бослогыг эхлүүлэх тушаал өгсөн байна. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн Улаан Армийн довтолгоо тэр үед зогссон (энэ нь зөвхөн 1945 оны 1-р сард товтолгоогоо эхлүүлсэн) тул бослого нурж, Варшавыг бүрэн устгахад хүргэсэн байна. Барууны зарим судлаачид Улаан арми зориуд довтолгоогоо зогсоосон гэж үздэг нь оргүй биш юм.

1944 оны 10-р сарын 2-нд Бур-Коморовски Германы талд бууж өгсөн тухай Хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Үүний дараа тэрээр IV-C (Кольдиц, Саксония) нэртэй хорих газар 1945 оны 5-р сарын 4-нд чөлөөлөх хүртэл суусан байна.

Тэрээр чөлөөлөгдсөнийхөө дараа өрнөд дахь польшийн хүчний тэргүүн байсан. 1947-1949 онуудад хилийн чанд дахь Польшийн Засгийн газрын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байжээ. 1954 оноос Владислав Андерс, Эдвард Рачински нарын хамт — "Гурвын Зөвлөл"-ийн гишүүн байжээ.

Генерал Бур-Коморовски Лондон хотод 1966 оны 8-р сарын 24-нд нас барж Кенсингтоны шинэ оршуулгын газар нутаглуулсан бөгөөд сүүлд 1994 оны 7-р сарын 30-нд түүний чандарыг Варшав хотын Повонзки оршуулгын газар шилжүүлсэн ажээ.

2010-2015 онд Польшийн Ерөнхийлөгч байсан Бронислав Коморовски генерал Ташэуш Коморовски -гийн холын хамаатан ажээ.