Варшавын бослого

Варшавын бослого (пол. powstanie warszawskie) - 1944 оны 8-р сарын 1-ээс 10-р сарын 2-ны хооронд Варшав хотыг эзлээд байсан нацист Германы эсрэг Польшийн Эх орны армийн (Armia Krajowa) командлал болон цөллөгт байсан Польшийн Засгийн газрын төлөөлөгчийн газрын хамтран зохион байгуулсан зэвсэгт бослого юм.

Варшавын бослогод оролцогчид
Варшавын бослогод зориулсан хөшөө

Энэ бослогод тухайн үед түрэмгийлэгч Германы эсрэг үйл ажиллагаа явуулж байсан польшийн нууц, далд байгууллагууд бүгд оролцсон байна. Уг бослого Варшав хотын зүүн дүүргүүдийн хэсэг, баруун дүүргийн жижиг хэсэг, түүнчлэн Кампинос ой, Легионово, Марки орчмыг хамарсан юм. Энэ зэвсэгт бослого бол дэлхийн 2-р дайны үед булаан эзлэгч фашист хүчний эсрэг нууц далд байгууллагын хийсэн хамгийн том тулаан байсан ажээ.

Варшавын бослого нь Германы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг байсан бөгөөд улс төрийн хувьд ЗХУ болон түүний гар хөл болсон Польшийн коммунистуудын эсрэг чиглэгдсэн байв. Эх орны арми буюу Армия Крайова-гийн Тадеуш Коморовски тэргүүтэй командлал Улаан арми орж ирэхээс өмнө нийслэлийг дангаараа чөлөөлөхөөр төлөвлөж байсан бөгөөд ингэснээр цөллөгт байгаа Польшийн Засгийн газрын олон улсын байр суурийг бэхжүүлж, Иосиф Сталины Польшийг захирч улмаар цаашид Зөвлөлт эрх баригч дэглэмтэй болгох үйл явцыг зогсоох боломжтой гэж найдаж байжээ.

Бослого эхэлсэний дараа Зөвлөлтийн Улаан Арми бослогод дэмжлэг тусламж үзүүлэхээс татгалзаж Варшавын чиглэлд довтолгоогоо зогсоосон байна. Нөгөөтэйгүүр, АНУ, Их Британийн босогчдод үзүүлсэн дэмжлэг нь хязгаарлагдмал байсан бөгөөд Варшавын бослогын нөхцөл байдалд төдийлөн нөлөө үзүүлж чадаагүй ажээ. Үүний үр дүнд зэвсэг муутай босогчдын ангиуд 63 хоногийн турш Германы хүчирхэг цэргүүдтэй ганцаардсан тулалдаанд ороод 1944 оны 10-р сарын 3-нд бууж өгчээ.

Хоёр сар үргэлжилсэн тулалдааны үеэр Польшийн 16 мянга орчим цэргүүд амь үрэгдэж, сураггүй алга болсон, 20 мянга шархадаж, 15 мянга олзлогдсон байна. Германы зохион байгуулсан агаарын дайралт, их бууны буудлага, амьдралын хүнд нөхцөл зэргийн улмаас 150-200 мянган нийслэлийн энгийн оршин суугчид амь үрэгдсэн байна.

Бослого гарсаны улмаас Германчууд хотыг системтэйгээр нураасны үр дүнд Варшав хотын төв болон Висла мөрний зүүн эрэг дээрх ихэнх барилгууд, тэр дундаа олон зуун үнэлж баршгүй дурсгалт газрууд, соёл, оюун санааны асар их үнэ цэнэтэй зүйлс сүйрчээ.

Варшавын бослого нь Польшийн орчин үеийн түүхэн дэх хамгийн чухал онцгойлох үйл явдлуудын нэг гэж үздэг. Түүний эмгэнэлт үр дагавар, ялангуяа хүний ​​болон эд материалын асар их хохирол учирсан тул бослого гаргасан шийдвэр зөв байсан эсэх асуудал польшийн нийгэмд ширүүн маргаан дагуулсан сэдэв хэвээр байгаа юм.