Спартак
Спартак (латин. Spartacus, грек. Σπάρτακος; төрсөн он мэдэгдэхгүй байгаа-МЭӨ 71 онд Силари гол орчим Апулия нутагт нас барсан)— МЭӨ 73-71 онд Италид болсон боолууд болон гладиаторууд бослогын удирдагч. Балканы хойг дахь Фрак гаралтай боол бөгөөд сүүлд гладиатор болсон хүн.
МЭӨ 73 онд 70 дэмжигчийн хамт тэрээр Капуа дахь гладиаторын сургуулиас зугтаж Везуви галт уулын хормойд хоргодож, түүний эсрэг илгээсэн засгийн газрын цэргийн ангийг ялсан гэдэг. Үүний дараа тэрээр боолууд болон Италийн ядуусаас бүрдсэн хүчирхэг, харьцангуй сахилга баттай 70-120 мянга орчим хүнтэй арми байгуулж, Ромчуудад хэд хэдэн ноцтой цохилт өгсөн гэж үздэг байна.
Ромын Сенат Маркус Лициниус Крассыг түүний эсрэг дайны командлагчаар томилсон байна. Улмаар Спартак армитайгаа Бруттиум нутаг руу ухарч, тэндээсээ Сицили руу гатлахаар төлөвлөж байсан ч Мессина хоолойг гаталж чадаагүй ажээ. Красс түүнийг Италийн бусад хэсгээс шуудуу, бэхлэлтээр таслав; босогчид дахин тулалдаанд ялж чадсан. Эцэст нь МЭӨ 71 оны дөрөвдүгээр сард бослогчдын нөөц шавхагдаж, Ромын хоёр арми Италид гарч ирэхэд Спартак Силари гол дээрх сүүлчийн тулалдаанд орж нас барсан гэж эрдэмтэд тогтоожээ.
Спартак судлал 19-р зуунаас хойш маш их алдартай болсон: бослогын удирдагч нь олон алдартай ном, уран сайхны кино болон бусад урлагийн бүтээлийн гол дүр юм. Түүхчид Спартакт өндөр үнэлгээ өгсөн. МЭӨ 1-р зуунд Ромд өрнөсөн "Боолчлол"-ын эсрэг тэмцэл нь "иргэний дайн"-ы хэмжээний үйл явдал болохыг олон судлаачид тэмдэглэжээ.