Сиднейн дуурийн театр
Сиднейн дуурийн театр (Англи: Sydney Opera House) нь Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн Сидней хотод байрладаг.
Сиднейн дуурийн театр* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
шөнийн үзэмж | |
Улс | Австрали |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i |
Дугаар | 166 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 2007 (31-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Театрын жилд 3 мянга орчим үзүүлбэрийг 2 сая орчим үзэгчид (2013 оны байдлаар) үздэг байна. Театрын барилгыг жилд 10 сая орчим жуулчин, хотын иргэд үзэж сонирходог үүнээс 200 мянган хүн тайлбарлагчтай үздэг байна.
Энэхүү барилга нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн болон дэлхийн архитектурын шилдэг бүтээл юм. Энэхүү театрын барилга нь дэлхийн өөр ямар ч барилга байгууламжтай адилгүй өвөрмөц харагдуулдаг усан онгоцны далбаа хэлбэртэй дээврийн давтагдашгүй цуврал бүрхүүлтэй юм. Долоон сая орчим австрали доллар зарцуулж гурван жилийн дотор барина гэж төлөвлөж байсан боловч барилгын ажил арван жил сунжирч, өртөг нь 100 орчим сая австрали доллар болж өссөн байна.
1954 онд Сиднейн "нэрийн хуудас" болох шинэ дуурийн театрын зураг төсөлд уралдаан зарлаж дэлхийн 32 орноос 220 бүтээл (хэдийгээр 1000 орчим нь бүртгэгдсэн) оролцсон боловч нэг нь ч комиссын гишүүдийн сонирхлыг татсангүй. Гэвч гучин найман настай Данийн уран барилгач Йорн Утзоны зураг төсөл ихээхэн шуугиан тарьж улмаар түүний төсөлөөр баригджээ. Энэхүү Дуурийн театрыг 1973 оны 10-р сарын 20-нд Австралийн хатан хаан II Елизабет нээж байжээ.
Энэхүү барилгын ажлаараа 2003 оны уран барилгачдын хамгийн дээд шагнал болох Прицкерийн шагналыг хүртжээ.
2007 онд уг барилгыг дэлхийн өвд бүртгэхдээ XX зууны хамгийн гайхамшигтай, давтагдашгүй үзэсгэлэнт барилгуудын нэг бөгөөд дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай төвүүдийн нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.
Энэ барилга нь Сиднейн усан боомтод оршдог бөгөөд завьны далбааг санагдуулахуйц хэлбэртэй. 1.8 га талбайг эзлэх уг байгууламж нь 183 м урт, 120 м өргөн. 588 ширхэг үелсэн бетон далан дээр байгуулагдсан Сиднейн дуурийн театр нь далайн түвшнээс дээш 25 м өргөгдсөн байдаг. Уг байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 25000 хүнтэй сууринд ч хүрэлцэхээр 645 км урт цахилгааны кабель утас оржээ. Барилгын оройг Шведэд үйлдэрлэсэн 1056006 ширхэг V хэлбэрийн цагаан өнгөт гялгар хавтангаар бүржээ.