Сеза́р шагнал (франц. César) —Францын үндэсний кино шагнал. Францын "Кино урлагийн академи" (франц. Académie des arts et techniques du cinéma) ийн санал асуулгаар 1976 оноос олгож эхэлсэн шагнал.

Энэхүү шагналыг Францын уран барималч Сезар Балдаччини-гийн нэрэмжит болгон нэрлэсэн байна.

Шагнал гардуулах ёслол жил бүрийн 2-р сарын сүүл эсвэл 3-р сарын эхээр Парисын Плейел (франц. salle Pleyel) концертын танхимд болдог (2002-2016 онуудад Парис хотын Шатле театрт болсон).

Түүхэнд хамгийн олон Сезарын шагналыг (тус бүр 10) хоёр кино авсан - Франсуа Трюффо-гийн найруулсан "Сүүлчийн метро" (франц. Le Dernier Métro, 1980), Жан-Поль Раппно-гийн найруулсан "Сирано де Бержерак" (франц. Cyrano de Bergerac, 1990) юм. Эдгээр хоёр киноны гол дүрд Жерар Депардье тоглосон байна. Депардье эдгээр киногоороо хоёрхон удаа эрэгтэй гол дүрд нь Сезар шагнал авсан ч карьерынхаа туршид 16 удаа нэр дэвшиж байжээ. 2005 онд Жак Одиар-ын (франц. Jacques Audiard) найруулсан "Зүрх маань тэр хэмнэлийг алгассан байна" (франц. «De battre mon cœur s'est arrêté») кино 8 шагнал хүртэж байсан түүхтэй.

Жүжигчид дотроос энэ шагналыг 1982, 1984, 1989, 1995, 2010 онуудад 5 удаа шилдэг эмэгтэй жүжигчнээр Изабель Аджани (франц. Isabelle Yasmina Adjani) шалгарсан байна.

1974 онд Жорж Кравенн Францын "Кино урлагийн академи"-д Америкийн Оскарын шагналтай нэгэн адил Францын кино шагналыг бий болгох санааг анх дэвшүүлсэн байна.

1976 оны 4-р сарын 3-нд анхны Сезарийн шагнал гардуулах ёслолын анхны ерөнхийлөгчөөр Жан Габэн сонгогдож байсан түүхтэй.