Ральф Рөүз
Ральф Вальдо Рөүз (Англи: Ralph Waldo Rose, 1885 оны 3 сарын 17 – 1913 оны 10 сарын 16) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч.
| |||||||||||||||||||||||||
|
Калифорни муж улсын Хеалдсбургт төрсөн тэрээр 1.97 м өндөртэй, 113 кг жинтэй том биетэй байсан тул хөнгөн атлетикийн шидэлтийн төрлүүдэд өндөр амжилт үзүүлдэг байлаа. Түүний бөөрөнцөг түлхэлтээр тогтоосон 15.54 м-ийн амжилт нь 16 жилийн турш дэлхийн дээд амжилт байв. 1904 онд Мичиганы Их Сургуулийн оюутан байхдаа Миссури муж улсын Сент-Луйст зохиогдсон 1904 оны зуны олимпод оролцож, бөөрөнцөг түлхэлтээр алт, зээрэнцэг шидэлтээр мөнгө, дүүгүүр шидэлтээр хүрэл медаль хүртсэнээс гадна 56 фунт (25.4 кг) хүндийн шидэлтэд 6-р байр эзэлжээ.
Дөрвөн жилийн дараа Английн Лондонд болсон олимпод бөөрөнцөг түлхэлтээр дахин олимпын аварга цол хүртэв. Тус олимпын нээлтийн ёслолд АНУ-ын тугчийн үүргийг гүйцэтгэсэн Рөүз Их Британийн эзэн хааны суудлын өмнө далбаагаа буулгаагүй (үүнийг олонхи нь Ирланд гаралтай тамирчид байсан АНУ-ын багийн ихэнх нь дэмжиж байсан) бөгөөд энэ нь хоёр улсын хооронд асуудал үүсгэсэн удаатай. Мөнхүү олимпын үеэр Британийн шүүгчид АНУ-ын тамирчдад хатуурхаж байсныг үүнтэй холбоотой гэж үзэх нь бий. Лондонд Рөүз мөн олс таталтын төрлөөр өрсөлдсөн ч медаль хүртэж чадаагүй.
Шведийн Стокхольмд болсон 1912оны зуны олимпод тэрээр хоёр гарын бөөрөнцөг түлхэлтээр (баруун болон зүүн гараар ээлжилж шидэх төрөл, нийлбэр дүнгээр 27.70 м-ийн амжилт үзүүлсэн) алт, бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн медаль зүүж, дүүгүүр шидэлтээр 9, зээрэнцэг шидэлтээр 11-р байр эзэлжээ.
Харамсалтай нь тэрээр 1913 онд 28-хан насандаа Сан-Франциско хотноо хижиг өвчнөөр нас баржээ.[1]
Эшлэл
засварлах- ↑ Нью-Йорк Таймс, 1913 оны 10 сарын 17
Цахим хуудас
засварлахСпортын амжилт | ||
---|---|---|
Өмнөх - |
Америкийн Нэгдсэн Улсийн тугч Лондон 1908 |
Дараах Жорж Бонхаг |
Үзүүлэлт | ||
Өмнөх - |
Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн дэлхийн дээд амжилтын эзэн 1909 оны 8 сарын 21 – 1928 оны 5 сарын 26 |
Дараах Эмиль Хиршфелд |