Раднаабазарын Раш

Раднаабазарын Раш (* 1953 оны 3 сарын 18-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сум) төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй бөгөөд 1990 онд УБТЗ-ын 1-р орлогч дарга, 1991 оноос 2004 он хүртэл Төмөр замын Хэрэг Эрхлэх Газрын дарга, УБТЗ-ын даргын үүрэгт ажлыг давхар хашиж, 2004 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2007 оноос Зам тээвэр, аялал жуулчлалын сайд зэрэг ажлыг гүйцэтгэж байсан улс төрч, инженер юм.

Раднаабазарын Раш
Р. Раш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тээвэрчин

Албан тушаал : Яг одоогоор УБТЗ-ын Даргын зөвлөхөөр ажиллаж байгаа. Мөн УБТЗ-ын Ёс зүйн хороо, УБТЗ-ын Ахмадын холбооны даргын зөвлөхөөр ажиллаж байна.

Мэргэжил : Төмөр замын ашиглалтын инженер

Боловсрол: 1972 онд Нийслэлийн арван жилийн 28 дугаар дунд сургууль, 1978 онд ЗХУ-ын /хуучин нэрээр Ленинград/ одоогийн Санкт-Петербург хотын Төмөр замын дээд сургууль, 1985 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй.

Ажилласан байдал

засварлах

1978-1979 онд Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд вагоны холбогч найруулагч, хөдөлгөөн зохицуулагч 1979 - 1981 онд Төмөр замын Удирдах газарт Галт тэрэгний хөдөлгөөний төв диспетчер, 1981 - 1982 онд “Толгойт” өртөөний дарга, 1982 - 1983 онд Улаанбаатар төмөр замын Ачаа тээврийн албаны ерөнхий инженер 1985 -1990 онд МАХН-ын Төв хорооны зохион байгуулагч. Мөн тэр ондоо Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан хүний нэг юм. 1990 онд Төмөр замдаа эргэн очиж, Улаанбаатар төмөр замын ХЭГ-ын нэгдүгээр орлогч дарга, 1991-2004 оны 10 дугаар сар хүртэл УБТЗ-ын дарга, Төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус 14 жил давхар ажиллажээ. Раднаабазарын Раш нь УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан анхны Монгол дарга юм. 2004 оны сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож төр түшилцсэн байна. 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын албыг хашиж байв.

Монголын төмөр замын удирдлагын бүтэц нь мэргэжлийн албадад тулгуурлан зохион байгуулагддаг. Ерээд оны эхнээр улс орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих явцад тулгарсан хүнд үед УБТЗ хэмээх том айлыг хүлээн авч улсын эдийн засгийн гол өндөрлөгүүдийг холбосон, олон улсын тээврийн зах зээлд өрсөлдөх чадвартай, орчин үеийн техник, технологиор бэхэжсэн, үйлчилгээг чанарын түвшинд хүргэж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг үндсэнд нь шийдвэрлэсэн, монголын төмөр замын нэр хүндийг олон улсад таниулж, итгэлийг нь олж гадаадын түншүүдийн дэмжлэгийг олсон бие даасан байгууллага болгож чадсан байна. 1998 онд гавьяат тээвэрчин болсноосоо хойших 6 жилд Улаанбаатар, Дарханы илчит тэрэгний болон вагон депо, Зүүнхараагийн депо зэрэг бааз үйлдвэрүүдэд өргөтгөл хийж, Хөтөлд төмөр бетон дэрний үйлдвэр байгуулж, Япон, Герман, АНУ, Хятад, Итали зэрэг орны орчин үеийн техник, технологийг нэвтрүүлсэн байна. Илчит тэрэгний тоог нэмэгдүүлснээр 1999 онд хоногт дунджаар 17 илчит тэрэг явдаг байсан бол 2003 онд 32 болж, ачаа тээвэрлэлт мөн хугацаанд 48,6 хувь өсчээ. Улаанбаатар-II, Түшлэг зэрэг 9 өртөө, зөрлөг шинээр нээж, шилэн кабелийн технологийг анх нэвтрүүлж, 1402 км урт кабель тавьж ОХУ, БНХАУ-тай шилэн кабелийн сүлжээгээр холбогдсон зэрэг олон ажил бүтээсэн байна. 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. МАХН-ын сүүлчийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Төмөр замын Төв Засварын үйлдвэрт хийсэн зүтгүүр: 2ZAGAL

засварлах

Монголын Төмөр Замчдын маань бахархал, Монгол инженерүүдийн маань ур ухаан шингэсэн 2 Загал-005 зүтгүүр. Зөвлөлтийн 2М62, М62УМ, 2ТЭ10М серийн илчит тэрэгний кузов, явах анги дээр АНУ-ын General Electric компаний 7FDL дизель хөдөлгүүрийг хослуулан бүтээсэн илчит тэрэг юм. 1995-1996 онуудад Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын хэмжээнд удаа дараа яригдсаар Улаанбаатар төмөр замын дарга Р.Раш 1997 оны намар 10-р сарын 20-нд Монголын төмөр замд “Загал-2” серийн илчит тэргийг угсрах, зохион бүтээх тухай бүрэн шийдэлд хүрч, УБТЗ-ын дарга Р. Раш, Зүтгүүрийн албаны ерөнхий инженер Л.Ганбаатар нар АНУ явж Монголын төмөр замд ямар зүтгүүр ашиглаж болох тухай албаны хүмүүстэй уулзаж зохих шийдэлд хүрсэн билээ. Улмаар 1996 оны намар инженер Л.Ганбаатар, Х.Сүрэнжав, Улаанбаатар депогийн дарга Ю.Идэрчулуун нар АНУ-ын Пенсельван мужийн үйлдвэрийн жижиг хот Эрид “GENERAL-ELECTRIC” заводод одоо ажиллаж буй DASH зүтгүүрийг Монголд явуулах бэлтгэл ажилтай 20 гаруй хоног танилцаж, туршилтад оруулан Монголд 1997 онд авчирсан юм.

Тэр үед Орос зүтгүүрийн раман дээр өөрийн заводын дизель генераторыг байрлуулж угсрах тухай бидэнд ярьж улмаар Казахстан улсын хоёр ширхэг зүтгүүрийн раманд угсарч буйгаа үзүүлж танайх үйлдвэрийн энэ шугамд орох хэрэгтэй гэж ухуулж байсан юм. Бараг найман жилийн хойно 2003-2004 онд ОХУ-ын Коломенскийн заводод хийсэн Д49 дизель генераторыг 2М62М-ын металл ломд хаягдсан раман дээр байрлуулах ажлыг тус депогийн инженер техникийн ажилчид зориглон орж хийж эхэлсэн юм. Нийт 10 ширхэг секцэнд тоноглож 2005 оны тавдугаар сарын 9-нд Ялалтын баяраар анхны аялалд үдэж байв. Энэ шинэ дизель генераторын илчит тэрэг хуучин 2М62М-ээс чадлаар илүү ачааг татах хүч нь 300 тонноор нэмэгдсэн юм.

Энэ модернизацийг Украин улсын Полтавын засварын заводод хийж Монголд явуулж тодорхой техникийн дэвшилд тус завод хүрлээ гэж яригдаж байсан цаг үед Монголд модернизаци хийсэнд Полтавчууд гайхаж байсан сураг дуулдсан. “Zagal 2” серийн илчит тэргийг угсрах бүр шинээр хийх зураг төсөл гаргах бэлтгэл ажил 2005 оны 1-2 дугаар сард хангагдаж АНУ-аас анхны дизель генератор ирж ажил эхэлсэн юм. Нийт 60 хоног үргэлжилж “Zagal 001” илчит тэргийг хийсэн билээ. Улаанбаатар зүтгүүрийн депогийн инженер техникийн ажилчид өндөр мэргэжлийн засварчид нэг баг болж, ер нь депо тэр аяараан хөдөлж “Zagal 001” илчит тэргийг угсрахад УБТЗ-ын дарга Р.Раш, 1-р орлогч дарга В.М.Гернего, В.В.Магдей нар өдөр тутмын бодит дэмжлэг, сэтгэл санаа тавьж 2 ЗАГАЛ илчит тэрэгийг үйлдвэрлэн гаргахад хүн бүрийн хүчин зүтгэл шингэсэн юм.

  • 1996 онд Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одон,
  • 1998 онд ОХУ-ын “Найрамдал одон” ,
  • 1998 онд Монгол Улсын Гавъяат тээвэрчин /1998-07-17/,
  • 2004 онд УИХ-ын гишүүн байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2004-10-07. №414/.
  • 2004 онд ОХУ-ын Засгийн газрын “Мельников” медаль, “Транссибирийн төмөр зам" медаль,
  • 2006 онд Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,
  • 2006 онд Төрийн хичээнгүй түшээ өргөмжлөл хүртсэн. Монгол, Оросын хүндэт төмөр замчин.