Петр Павел
Петр Павел (чех. Petr Pavel; 1961 оны 11-р сарын 1-нд Чехословакийн Прага хотод төрсөн) - чехийн төрийн, цэргийн болон нийгмийн зүтгэлтэн. 2023 оны 1-р сарын 28-нд Чех улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2023 оны 3-р сарын 9-нд Тангараг өргөж албан тушаалдаа орно. 2012-2015 онд Чех улсын Армийн Жанжин штабын дарга, 2015-2018 онд НАТО-гийн Цэргийн байнгын хорооны дарга (англи. Chairman of the NATO Military Committee, франц. Président du comité militaire de l'OTAN).
Боловсрол
засварлахПетр Павел 1975-1979 онд Чехийн Опава дахь цэргийн дунд сургуульд сурч төгсөөд Вишков хотын Хуурай цэргийн дээд сургуульд (чех. Vysoká vojenská škola pozemního vojska) элсэж 1983 онд төгссөн байна. 1988-1991 онд Брно хот дахь Цэргийн академид сурсан. 1995 онд Их Британид ахлах офицеруудын курс, 2005 онд Лондон хотод Эзэн хааны батлан хамгаалах судалгааны коллежийн Жанжин штабын (англи. Royal College of Defence Studies) курс, 2005-2006 онд Лондон хотын Кингс коллежид олон улсын харилцааны хөтөлбөрт хамрагдсан байна.
Англи, франц, орос хэлтэй. Инженерийн шинжлэх ухааны эрдмийн зэрэгтэй.
Намтар
засварлахПетр Павел цэргийн албааа 1983 онд Чехословакийн армийн тусгай үүрэгт тагнуулын шүхэрчдийн взводын даргаар томилогдсоноор эхэлсэн байна. Хоёр жилийн дараа түүнийг 1988 он хүртэл ротын захирагчаар томилогдсон байна. 1991 онд Павел Чехийн цэргийн тагнуулын албанд шилжсэн, 1993-1994 онд Бельги дэх Чех улсын ЭСЯ-ны цэргийн болон агаарын цэргийн атташегийн орлогчоор ажиллаж байжээ.
1996 онд Павел Чехийн Цэргийн тагнуулын газрын даргын туслах болж, жилийн дараа Простежов дахь тусгай хүчний бригадын командлагчаар томилогдов. 1999-2002 онд Брунсум дахь Холбоотны умард бүсийн командлалын газрын даргын цэргийн туслахаар ажиллаж байсан.
2002 оны 12-р сард Петр Павел бригадын генерал цол хүртэж, БНЧУ-ын армийн тусгай хүчний командлагчаар томилогдсон.
2006-2007 онд тэрээр Чехийн БХЯ-ны шуурхай хэлтсийн дарга байсан.
Тэрээр 2007-2009 онд Европын Холбоо, НАТО дахь Чех улсын цэргийн төлөөлөгчийн орлогч, 2010 оны 1-р сараас Европ дахь НАТО-гийн Дээд удирдах газрын дэргэд Чехийн Бүгд Найрамдах Улсын цэргийн үндэсний төлөөлөгч.
2011 оны 7-р сарын 1-нд Павел Бүгд Найрамдах Чех Улсын Армийн Жанжин штабын орлогч дарга, 2012 оны зургадугаар сарын 29-нд Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаус тэтгэвэртээ гарсан Пичекийн оронд Петр Павелыг Чехийн Армийн Жанжин штабын даргаар 2015 он хүртэл томилогдон ажиллажээ.
2015-2018 онд НАТО-гийн Цэргийн байнгын хорооны дарга (англи. Chairman of the NATO Military Committee, франц. Président du comité militaire de l'OTAN).
2018 онд Цэргээс халагдаж тэтгэвэрт гарсаны дараа Павел 2023 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. 2020 он хүртэл Павел энэ мэдээллийг батлаагүй бөгөөд үүний дараа тэрээр яах тухай шийдвэрээ сүүлд зарлана гэж мэдэгджээ. Харин 2022 оны 6-р сарын сүүлчээр Павел сонгуульд оролцохоор төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдэж 8-р сард албан ёсоор кампанит ажлаа эхлүүлсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд тэрээр 1,975,056 (35.4%) санал авч, Ерөнхий сайд асан Андрей Бабишийн хамт хоёрдугаар шатанд шалгарсан.
Хоёр дахь шатанд тэрээр 58 гаруй хувийн санал авч, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчөөр 2023 оны 1-р сарын 28-нд сонгогдсон байна.