Пак Жон Хи (солонгос. 박정희, 1917 оны 9-р сарын 30-нд төрсөн- 1979 оны 10-р сарын 26-нд нас барсан) -Өмнөд Солонгосыг 1961 оноос эхлэн 1979 онд бусдын гарт амиа алдах хүртлээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан улс төрч, генерал юм. Сүүлд 2013—2017 онуудад БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Паг Гынь-хе -гийн эцэг юм.

Пак Жон-Хыи
박정희
Паг Жон-хи


Төрсөн: 1917 оны 9 сарын 30
Кёнсан аймгийн Гүми
Нас барсан 1979 оны 10 сарын 26
БНСУ, Сөүл хот, жунну дүүрэг
Хүүхэд: Пак Жэ-Уг, Пак Гын-Хэ, Пак Со-Ён, Пак Жи-Ман
Шашин: буддын шашин

Пак Жон-хи 1961 онд Солонгосын Хоёрдугаар Бүгд найрамдах улсыг төрийн эргэлт хийж эрх мэдлийг гартаа авсан. 1963 онд ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ тэрээр Үндэсний Бүтээн байгуулалтын Дээд Консулын тэргүүнээр ажиллаж байв. 1972 онд Пак цэргийн хуулийг баталснаар улсынхаа Үндсэн хуулийг хоёрдугаарт тавьж, үндэстний дотор байсан коммунист заналхийллийн эсрэг өөрийгөө ерөнхийлөгчөөр тунхаглажээ. Түүний амь насанд халдахаар хэд хэдэн удаа оролдсоны дотор Умард Солонгосын туршуулууд хоёр удаа халдлага хийж байжээ. 1979 оны 10-р сарын 26-нд Пак Жон-хи өөрийн хамгаалалтын албаны дарга Ким Жэ Гюү-гийн гарт амиа алдсан юм. Пак Жон-хи нийт 18 жил Өмнөд Солонгосыг удирдсан байна.

Японы эзлэн түрэмгийлэлд байсан Солонгост ядуу тариачин айлын гэрт төрсөн Пак Японы тоглоомын Манж-го улсын армид цэргийн алба хааж байв. Түүнийг чадварлаг офицер болохыг нь ажиглаж, Японы эзэн хааны армийн дээд зэрэг болох Квантуны армид Дэлхийн II дайны үед элсүүлжээ. Дайны дараагаар Пак Бүгд найрамдах Солонгос улсын армид элсэв. Солонгосын дайны үед тэрээр тун залуудаа генерал цол хүртсэн юм. 1960 онд Пак Солонгосын армийн үйл ажиллагааны хэлтсийн тэргүүн болж, 1961 онд Өмнөд Солонгосыг 30 гаруй жил удирдсан цэргийнхний эсрэг төрийн эргэлт хийсэн офицеруудыг удирдсан байна.

Пак 1979 оныг хүртэл Өмнөд Солонгосыг удирдахдаа эдийн засгийн өсөлтийг нь хурдасгаж Хан мөрний эрэг дэх ид шидийг бүтээсэн. Гэсэн ч түүний дэглэмийн үед хүний эрхийг зөрчих, халдах тохиолдол их байсан. Үүнээс болж түүний талаарх хүмүүсийн бодол хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь түүний хийсэн өөрчлөлтийг үнэлэх ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь түүний авторитар захиргаадалтын дэглэмийг буруушаадаг. Түүний дэглэмийн үед залуу насаа өнгөрөөсөн ахмад үеийнхэн социалист Умард Солонгосоос өөрсдийгөө хамгаалахын тулд Пак Жон-хигийн бүтээн байгуулсан эдийн засгийн суурийг нь үнэлдэг. Харин Солонгосын шинэ үеийнхэн болоод ардчиллын төлөө тэмцэж байсан хүмүүс түүний дэглэмийг буруушааж, Өмнөд Солонгосын ардчилалд хүрэх шилжилтэд саад хийсэн хүн гэж үздэг. 1999 онд Time сэтгүүлийн “Зууны шилдэг Ази хүмүүс”-ийн эхний арван хүнд Пак Жон-хи багтжээ.

Өсвөр нас

засварлах

Пак Жон Хи 1917 оны 9-р сарын 30-нд Солонгосын колонийн Гиёнбук мужийн Гумид төржээ. Тэр ядуу тариачныд таван ах, хоёр эгчтэй айлын отгон хүүхэд болон төрсөн. Залуудаа тэрээр Дэгүд сургуульд багшлах гэрчилгээ авч, багшийн сургууль төгссөний дараа Мунгёнд багшаар ажиллах болжээ. Энэ үедээ тэр Такаги Масао хэмээх япон нэртэй болсон юм. Японы дайны дараагаар Пак Манж-гогийн эзэн хааны армийн Чанчуны цэргийн академид элсэхээр шийджээ. 1942 онд сургуулиа төгсөхөд нь чадварлаг офицер болохыг нь япон цэргийн зааварлагч нар нь олж мэдээд түүнийг Япон дахь Эзэн хааны Цэргийн коллежид үргэлжлүүлэн суралцахыг санал болгожээ. 1944 онд гуравдугаар ангиа төгссөний дараа Пакыг Японы дээд зэргийн Квантуны армид дэслэгч болгож, Дэлхийн II дайны төгсгөлөөр алба хаалгажээ.

Дайны дараа нутагтаа эргэн ирсэн Пак Солонгосын цэргийн академид бүртгүүлжээ. 1946 онд ахмад цолтой төгссөн Пак Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэрэг армийн засгийн газрын харъяан дахь цагдаагийн армид офицер болжээ. Сингман Рий-гийн удирдсан Өмнөд Солонгосын шинээр байгуулагдсан засгийн газар 1948 оны 11-р сард Пакыг Солонгосын цагдаа доторх коммунист бүлгийг удирдсан хэргээр баривчлав. Түүнийг цэргийн шүүхээс цаазаар авах ял оноосон ч Солонгосын цэргийн дээд зэргийн офицеруудын ятгалгаар Рий ялыг нь хөнгөрүүлжээ. Өмнөд Солонгосын Ажилчдын намын гишүүн байхад Пакыг цэргийнхний дотор бүлэг үүсгэсэн гэх баримт нотолгоо олдоогүй. Солонгосын дайн эхэлсний дараа Пак Өмнөд Солонгосын армид хошууч болон эргэн иржээ. 1950 оны 9-р сард тэрээр дэд хурандаа, 1951 оны 4-р сард хурандаа цолтой болж дэвшив. Хурандаа болсныхоо дараа дайны үед II болон III их бууны ангийг удирдаж байв. Пак 1952 онд Армийн дээд удирдлагын тагнуулын хэлтэст орлогч дарга болсон бол 1953 онд дайн дуусахад бригадын генерал болтлоо дэвшжээ. Солонгосын дайныг зогсоох эвлэрлийн гэрээ байгуулагдсаны дараа Пак зургаан сарын сургалтанд хамрагдахаар Америкийн Форт Силл рүү явжээ.

Солонгост эргэн ирснийхээ дараа тэр маш хурдан албан тушаал дэвшив. 1958 онд хошууч генерал болохоосоо өмнө Өмнөд Солонгосын армийн 5 болон 7-р хэлтсийг удирдаж байлаа. Үүний дараа Нэгдүгээр Армийн Штабын дарга болсноор Солонгосын 1 болон 6-р дүүргийг удирдах болж, Сөүл хотын аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн байна. 1960 онд Өмнөд Солонгосын армийн Үйл ажиллагааны дарга, Хоёрдугаар Армийн орлогч командлагч болсноор Пак Жон-хи цэргийн хамгийн нөлөөтэй, хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болсон юм.

Эрх мэдэлд хүрсэн нь

засварлах

1960 оны 4-р сарын 19-нд өрнөсөн оюутнуудын эсэргүүцлийн дараа Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч И Сын-мань буюу Сингман Рий (солон. 이승만, англи. Syngman Rhee) 4-р сарын 25-нд албан тушаалаасаа огцров. Наймдугаар сарын 13-нд ардчилсан шинэ засгийн газар байгуулагдсан ч төдий л удсангүй огцорлоо. Юн Бо Сён ерөнхийлөгч хэмээн нэрлүүлж байсан ч, үнэн хэрэгтээ ерөнхий сайд Чан Мён бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн байв. Асуудал маш хурдан урган гарлаа. Учир нь ямар ч хүн Ардчилсан намын олонхийг юмуу танхимын бүтцийг захирч чадахгүй. Ерөнхий сайд Чан 5 сар тутамд танхимын албан тушаалыг 3 удаа сольж улс төрийг тогтвортой байлгахаар зорьж байв. Яг энэ үеэр И Сын-маны захиргаа авлигад идэгдэж, удирдлагагүй болсноос эдийн засаг уналтанд орж, оюутнууд И Сын-маныг огцрохыг шаардах болов. Гудамжаар дүүрэн улс төр, эдийн засгийн өөрчлөлт хийхийг шаардсан жагсагчид. Цагдаа хүчний байгууллага И Сын-маны засгийн газрын заавраар ажиллаж байсан тул хууль, дүрмийг үл тоосон нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэжээ. Эрх баригч Ардчилсан намыг засгийн эрхээс зайлуулахыг олон нийт шаардсаар байлаа.

Олныг хамарсан энэхүү тогтворгүй байдлын эсрэг хошууч генерал Пак Жон-хи Хувьсгалт Цэргийн Хороог байгуулжээ. 1961 оны 5-р сарын 16-нд буюу Армийн Тэргүүн Чан До Ёныг оргон зайлсны дараа өдөр энэ байгууллага цэргийнхний дунд төрийн эргэлт хийв. Цэргийнхэн ийнхүү төрийн эрх мэдлийг хүчээр авснаар ерөнхийлөгч Юний ардчилсан сонгуулиар гарч ирсэн засгийн газрыг унагаж, Хоёрдугаар Бүгд Найрамдахыг төгсгөл болгожээ.

Анхандаа Пакыг дэмжиж байсан цэргийн офицерууд шинэ засаг захиргааг бүрдүүлж байв. Шинэчлэн байгуулагдсан Үндэсний Сэргээн байгуулалтын Дээд Консулыг генерал Чан удирдлаа. Гэсэн ч 1961 оны 7-р сард Чаныг баривчилсны дараагаар Пак Жон-хи консулын хяналтыг гартаа бүрэн авсан юм. Улс төрийн эмх замбараагүй байдалд туйлдаж ядарсан энгийн ард иргэд төрийн эргэлтийг хүчтэй дэмжиж байв. Ерөнхий сайд Чан төрийн эргэлтийг эсэргүүцэн зогсож, ерөнхийлөгч Юн цэргийнхнийг эмх журамд оруулж АНУ-ын Наймдугаар Армийг ятган Солонгосын Армийн зарим командлагчдыг шинэ засгийн газарт саад хийхгүй байлгахыг оролдож байв. Төрийн эргэлтийн дараахан Пак Жон-хи дэслэгч генерал болсон юм.

1961 оны 6-р сарын 19-нд цэргийн консулаас гадаад болон дотоодын дайснуудаас хамгаалж, дахин төрийн эргэлт хийхээс сэрэмжлэн Өмнөд Солонгосын Тагнуулын Төв Газрыг (СТТГ) байгуулав. Мөрдөн байцаах эрхийнхээ дагуу Тагнуулын төв газар засгийн газрын эсрэг бодолтой байгаа болон үйл ажиллагаа явуулахаар санаархаж буй хэмээн сэжиглэсэн бүхнээ баривчилж, цагдан хорьдог байлаа. Тус байгууллагын анхны даргаар Пак Жон-хигийн ойрын зүтгэлтэн бөгөөд төрийн эргэлт хийхэд гар бие оролцсон, чөлөөнд суусан хурандаа Ким Жон Пил ажиллаж, түүний удирдлага дор Тагнуулын төв газар гадаад харилцаа, эдийн засгийн салбарт хүчээ нэмэгдүүлж байв.

Ерөнхийлөгч Юн албан тушаалдаа үлдэж, цэргийн дэглэмийг хууль ёсны болгов. 1962 оны гуравдугаар сарын 24-нд Юн огцорсны дараа Үндэсний Сэргээн байгуулалтын Дээд Консулын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Пак түүний халааг авч ерөнхийлөгч болон генерал цолтой болжээ. Кэннэдийн засаг захиргаанаас үзүүлж буй шаардлагын дагуу иргэний нийгмийг сэргээхээр болов. 1963 онд тэрээр шинээр байгуулагдсан Ардчилсан Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, ерөнхийлөгчөөр сонгогдсон. Иргэний намаас нэр дэвшигч ерөнхийлөгч асан Юнийг тэрээр тун бага 156 000 санал буюу 1,5%-иар ялсан бол 1967 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Юнийг мөн л багахан зөрүүгээр ялсан юм.

Өмнөд Солонгосын тэргүүн

засварлах

Гадаад бодлого

засварлах

1965 оны 6-р сард Пак Японтой харилцаагаа хэвийн болгох Гэрээнд гарын үсэг зуржээ. Үүнд Японоос нөхөн төлбөр, хөнгөлөлттэй зээл авч хоёр улсын хооронд хөрөнгө оруулалт болоод худалдааг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг юм. 1966 оны 7-р сард хоёр орны хооронд илүү эрх тэгш харилцаатай болгохын тулд цэргийн хүчний хамтын ажиллагааны Гэрээг АНУ-тай байгуулжээ. АНУ-аас үзүүлэх аюулгүй байдал, эдийн засгийн баталгаатайгаар Умард Солонгосоос ирэх аюул заналаас сэргийлэх боломж ийнхүү бүрдсэн байна. Үүний дагуу Вьетнамын дайн ширүүсэхийн хэрээр 1965 оны 3-р сард Өмнөд Солонгос явган цэргүүдээ илгээж, 9-р сард Өмнөд Вьетнамд Тэнгисийн цэргийн II бригад, Цэргийн дивизээ илгээсэн бол жилийн дараа 1966 оны 9-р сард Цагаан морин дивизээ илгээсэн. 1960-аад онд Пак Япончууд Солонгосыг эзлэн түрэмгийлж байсан Британийн эзэнт гүрэн болон Англи-Японы нэгдлийг буруушаасан мэдэгдэл хийж байжээ.

Вьетнам

Вьетнамын дайны үеэр АНУ-ын хүсэлтийн дагуу Америкийн талд байлдуулахаар 320 000 цэргээ Өмнөд Вьетнам руу илгээжээ. Ийнхүү тусалсан нь АНУ-тай цэрэг-улс төрийн ойрын холбоотон болж, Зүүн Ази дахь коммунизмаас сэргийлж, улсаа олон улсад нэр хүндтэй болгох зорилготой нь холбоотой байв. 1965 оны 1-р сард Үндэсний Ассамблэйд цэргүүд илгээх талаар санал хураалт явуулсан өдөр (106 саналаас 11 эсэргүүцсэн) Пак “Өмнөд Солонгос бусдаас тусламж хүссэн үлбэгэр байдлаасаа гарах цаг нь болсон. Олон улсын асуудалд үүрэг хариуцлагатай оролцож, санаачлагатай байх нь чухал юм” хэмээн мэдэгджээ.

Өмнөд Солонгос АНУ-тай цэргийн холбоотон болж хүчээ нэмэгдүүлж дайнд оролцсоны хариуд санхүүгийн их дэмжлэг авч байлаа. АНУ-ын засгийн газраас Өмнөд Солонгосын цэргийн бүтэц бүрэлдэхүүнийг цалинжуулж байсан бөгөөд эдгээр цалинг засгийн газар руу нь шууд шилжүүлж байжээ. Пак өөрсдийнхөө цэргийг Вьетнам руу олноор илгээж дайныг сунгах далд төлөвлөгөөтэй байв. Цэргүүд нь эргэн ирэх үед Өмнөд Солонгос хэдэн арван тэрбум ам.долларын тэтгэлэг, зээл, мөнгөн тэтгэмж, технологи, хөнгөлөлттэй худалдааг АНУ-аас авсан байлаа. Энэ бүх боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон болон Ричард Никсон нарын засаг захиргаа олгосон юм.

Умард Солонгос

Хоёр Солонгосын хоорондын өөрчлөлтийг Пак ажигллаж байв. 1964 оны 10-р сараас эхлэн Умард Солонгос туршуулуудаараа дамжуулан Өмнөдөд суртал ухуулга, үймээн самуун зохион байгуулах болсон. 1966 оны 10-р сард Умард Солонгосын хорлон сүйтгэгч нарын гаргасан буудалцааны улмаас Өмнөд Солонгосын 30 гаруй цэрэг, 10 гаруй энгийн иргэн амиа алдсан юм. Яг энэ үеэр Солонгосын армид генерал Чарльз Бонстийлийн зөвшөөрлийг авалгүйгээр хариу дайралт хийхийг Пак Жон-хи тушаажээ. Энэ явдал нь Пакын засгийн газар болон Солонгос дахь АНУ-ын цэргийн багийн хооронд гал зогсоох хэлэлцээрийг үл тоож дур мэдсэн алхам гэж түүнийг буруушаасан юм.

Пакын цэргийн хүчин хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд байрлах болсноор 1966-1969 оны хооронд тэдний хоорондох мөргөлдөөнийг улам хурцатгасан. Заримдаа Солонгосын II дайн хэмээн нэрлэгддэг энэхүү мөргөлдөөн 1966 оны 10-р сарын 5-нд Умардын удирдагч Ким Ир Сений 1953 онд байгуулсан "Гал зогсоох гэрээ"-г хууль ёсны бус хэмээн мэдэгдсэнтэй холбоотой. Өмнөд Солонгосын цэргийн хүчин Вьетнамын дайнд оролцож байгаа тул дайн болох боломжтой гэж Ким Ир Сэн мэдэгджээ. Умард Солонгосын зүгээс АНУ-ын цэргүүд рүү зэвсэглэсэн өдөөн хатгалга хийвэл Пак Жон-хигийн засаг захиргаанд нөлөөлнө гэж тэр таамаглаж байв. Энэ нь Америк дэлхий дахинд өгсөн амлалтаа эргэн харж магадгүй байдалд хүргэх байлаа Пакын эсрэг Өмнөдөд болох үймээн самуун, хагарал тэмцэл Умардуудад томоохон боломж өгч байсан юм.

1968 оны 1-р сарын 21-нд Умард Солонгосын армийн тусгай хүчний “Юнит 124” хэмээх 31 хүнтэй баг Пакын аминд халдахаар оролдлого хийжээ. Цагдаагийн шалган нэвтрүүлэх хүчнийхэн Умардын цэргийнхэнийг ерөнхийлөгчийн амьдарч, ажилладаг Цэнхэр Ордоноос ердөө 800 метрийн зайд л зогсоож чадсан. Энэ үеэр болсон буудалцаанд Умард Солонгосын 2 туршуул амиа алдсан. Үүний хариу болгож Ким Ир Сенийг алуулахаар “Юнит 684”-ийг Пак Жон-хи байгуулсан ч 1971 онд татан буулгасан байна.

Тэдний хооронд өрнөх дайсагналыг үл тоон Өмнөд, Умардын хооронд дахин нэгдэх гэрээ хэлцлийн талаар яриа хэлэлцээр болж байв. 1972 оны 7-р сарын 4-нд хоёр орон ижил утгатай, хоёр тусдаа мэдэгдэл хийв. Дахин нэгдэх асуудлыг бид дотроо шийдэх бөгөөд үүнд гадны хүчний оролцоо байхгүйгээр, цэрэг зэвсгийн хүчийг ашиглалгүй энхийн замаар, талууд улс төрийн болоод үзэл суртлын тогтолцооны ялгаанаас үл хамааран улс үндэстнээ нэгтгэхийн тулд хийх болно гэж мэдэгджээ. АНУ энэхүү мэдэгдэлд тун таагүй хандсан бөгөөд 1979 онд Пакыг алагдсаны дараа энэ тухай бичиг баримт чимээгүйхэн устсан байдаг юм.

1974 оны 8-р сарын 15-нд Колончлолоос гарсны 29 жилийн ойн баяраар Сөүлийн Үндэсний Театрт Пакыг үг хэлэх үед урд эгнээнээс нь Мун Сэ Кван хэмээх залуу Пак руу буудав. Японд төрсөн Умард Солонгосыг дэмжигч алуурчны сум Пакыг бус эхнэр Юк Ён Сү (тэр өдрөө нас барсан) болон тайзан дээр байсан бусад хүнийг оножээ. Амьсгал хурааж буй эхнэрийг нь эмнэлэг рүү авч явж байхад Пак тайзан дээрээс үгээ үргэлжлүүлэн хэлж байлаа. Аллага үйлдсэн Муныг дөрвөн сарын дараа Сөүлийн шоронд цаазаар авсан юм.

Эдийн засгийн бодлого

засварлах

Өмнөд Солонгос барууны орнуудаас хөрөнгө оруулалт хийж экспортод тулгуурласан хүчирхэг эдийн засагтай болоход Пак Жон-хи голлох үүргийг гүйцэтгэсэн хүн юм. 1961 онд түүнийг засгийн эрхэнд гарах үед Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох ДНБ 72 ам.доллар байлаа. Харин Умард Солонгос эдийн засаг, цэргийн хүчний хувьд хангалттай сайн бөгөөд эрчим хүч, химийн үйлдвэрүүдтэйн зэрэгцээ Хятад, Зүүн Герман, ЗХУ зэрэг бусад коммунист улсуудаас санхүү, техник технологи, эдийн засгийн ихээхэн тусламж авдаг байв. Пакын удирдлага дор Өмнөд Солонгосын үйлдвэрүүд өндөр хөгжилд хүрсэн билээ. Засгийн газар болон корпорацийн хамтарсан нэгдэл нь Өмнөд Солонгосын экспортыг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, зарим компанийг Солонгосын өнөөгийн шилдэг компаниуд болоход нь нөлөө үзүүлсэн юм. Мөн тэрээр эдийн засгийн хөгжлийн дараах агентлагуудыг байгуулсан:

  • Эдийн засгийн төлөвлөлтийн зөвлөл
  • Худалдаа, үйлдвэрлэлийн яам
  • Сангийн яам

Дотооддоо баримталсан бодлого

засварлах

1963 оны Үндсэн хуулиар ерөнхийлөгчийг дарааллан хоёроос илүү удаа сонгогдохыг хязгаарласан байдаг тул 1967 онд дахин сонгогдож, үүрэгт ажлаа авсныхаа дараагаар Пак 1971 онд албан туушаалаасаа бууна гэж амлаад байсан. Гэсэн ч энэ Үндсэн хуулийн заалтыг амжилттай өөрчилж, ерөнхийлөгчөөр гурван удаа дарааллан сонгогдож болох заалтыг оруулсан. Түүний Ардчилсан Бүгд найрамдах нам Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблэйд олонх болсон учир ийнхүү өөрчилжээ. Өөрийн Тагнуулын төв газрыг Пак дотоодын улс төрд нөлөөлөх, санал зөрөөтэй байгаа хэсэг бүлгийг эрүүдэж, амыг нь барих зорилгоор ашигладаг байсан.

1971 онд Пак Жон-хи өрсөлдөгч Ким Дэ-жүныг ялан дахин ерөнхийлөгчөөр сонгогдлоо. “Олон улсын нөхцөл байдал аюултай байна” хэмээн мэдэгдсэнийхээ дараагаар улсдаа онцгой байдал зарласан юм. 1972 оны 10-р сард Пак хууль тогтоох байгууллагыг тарааж, 1963 оны Үндсэн хуулийг түр түдгэлзүүлсэн. Үүний дараагаар шинэ Үндсэн хуулийн төслийг бэлтгэж эхэлсэн юм. Хэдхэн долоо хоногийн өмнө яг ижилхэн алхам хийсэн Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркостай адил 1972 оны 11-р сард нэлээд удаан хэлэлцсэн Юшин Үндсэн хуулийг баталсан юм.

Шинэ Үндсэн хуульд засаг захиргааны тухай албан заалтууд бас оржээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндэсний Конференц хэмээх сонгуулийн коллежид шилжүүлжээ. Энэ нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн билээ. Түүнд хүчээ нэмэгдүүлэх, Үндсэн хуулиар эрх чөлөөг түр түдгэлзүүлэх эрхийг олгосон. Энэ бүх зорилго, зорилтын төлөө Пакын ерөнхийлөгчийн засаглал хууль ёсны дарангуйлал болсон юм. 1972 болон 1978 оны сонгуулиудад түүнийг эсэргүүцэх улс төрийн хүчин байгаагүй.

Амьдралынх нь сүүлийн жилүүд болон аллага

засварлах

1960-аад онд Пакыг ерөнхийлөгч болоход Өмнөд Солонгосын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн ч 1970-аад оны эхээр эдийн засгийн өсөлт саарч ирсэн. Өмнөд Солонгосчуудын дунд түүний дарангуйллын дэглэмийг буруушаагчид нэмэгдэж байв. Түүний аюулгүй байдлын арга ажиллагаа, хориг саад нь хувь хүний эрх чөлөөг хаан боогдуулж байв. Пак Жон-хи Солонгосын дайны үе шиг онцгой байдлын хуулиар далайлган өөрийн засаг захиргааг хуульчлан, хэвлэлийн болон үг хэлэх эрх чөлөөг хаасан юм. Үүнээс гадна түүний дор ажилладаг Тагнуулын төв газар бусдыг баривчлах, байцаах эрх дархтай байсан тул Пакыг эсэргүүцэгч нарыг шүүлгүйгээр шууд цаазлаж байсан юм. Юшиний системийг эсэргүүцэгчдийн жагсаал улс даяар болж Пакын нэр хүнд улам бүр унаж эхэлсэн.

1979 оны 10-р сарын 16-нд жагсагчдын хувьд шийдвэрлэх мөч болсон. Бусаны Үндэсний их сургуулийн хэсэг оюутан Юшиний системийн дарангуйллыг зогсоохыг шаардав. “Пу-Ма” хэмээн нэрлэгдсэн (Пусан, Масаны нутгийн нэр) хөдөлгөөн төд удалгүй газар авч хотын гудамжинд оюутнууд, цагдаа нарын хооронд өдөржин мөргөлдөөн болж өрнөсөн байна. Тэр оройдоо Пусан хотын захиргааны Төв танхимд 500 000 хүн цуглажээ. Дараах хоёр өдөр нь олон нийтийн газруудад эмх замбараагүй байдал үүсч, 400 жагсагчийг баривчилсан байна. 10-р сарын 18-нд Пакын засгийн газар Пусанд дайны байдал зарласан байна. Яг энэ өдөр нь жагсагчид Масан дахь Кённам их сургуульд хүрсэн байлаа. Голдуу оюутан, ажилчдаас бүрдсэн 10 000 гаруй хүн Пакын байгуулсан Юшиний системийг эсэргүүцэн нэгджээ. Эрх баригч намын удирдаж буй хотын захиргаа, цагдаагийн газрууд руу дайрснаар хүчирхийлэл маш хурдан газар авав. Шөнө дунд гэхэд Масанд тэр чигт нь хөл хорио тогтоосон юм.

1979 оны 10-р сарын 26-нд Тагнуулын газрын дарга Ким Жэ Гюү ерөнхийлөгч Пакыг Сөүлийн Жонно гу дүүргийн Гунжён-дон дахь хамгаалалтай байшинд оройн хоолны дараагаар буудан хөнөөжээ. Ингэхдээ Ким ерөнхийлөгчийн бие хамгаалагчийг ч мөн алсан байна. Тагнуулын төв газрын бусад хүмүүс байшинд мөн амиа алдсан бөгөөд дөрөв нь ерөнхийлөгчийн бие хамгаалагч байжээ. Ким Жэ Гюүгийн бүлгийнхнийг Өмнөд Солонгосын Армиас баривчилж, бүгдийг нь яллан цаазаар авсан. Болсон явдлыг бүхэлд нь тусгай албаныхны урьдчилан төлөвлөж, төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үздэг юм. Пак ардчилалд садаа болж байсан тул өөрийгөө эх оронч алхам хийсэн гэж Ким Жэ Гюү хэлжээ. Буддын шүтлэгтэй байсан Пакыг Сөүлийн Үндэсний оршуулгын газар хүндэтгэлтэйгээр нутаглуулсан. Харин Кимийг 1980 оны 5-р сарын 24-нд цаазаар авсан байна.

Хувийн амьдрал

засварлах

Пак Жон-хи залуудаа Ким Хо Намтай гэрлэсэн ч удалгүй салжээ. Үүний дараа Юк Ён Сүтэй гэрлэж, хоёр охин, нэг хүүтэй болсон. Том охин Пак Гын Хэ нь улс төрч болж улмаар 2012 оны 12-р сарын Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгч Мүн Жэ Инийг ялж, Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон түүхтэй юм.

Хууль, тогтоомж

засварлах

Өмнөд Солонгосчуудын олонх, ялангуяа Пакын төрсөн нутаг Ённам нутгийнхан Пак Жон-хиг Солонгосын түүхэн дэх агуу удирдагчдын нэг бөгөөд түүний дэглэмийн дор Өмнөд Солонгосын эдийн засаг өсч, үйлдвэржсэнийг түүний байгуулсан алдар гавъяа хэмээн үздэг байна. Мөн Өмнөд Солонгост эдийн засгийн хөгжлийг авчирсан томоохон хүмүүсийн нэг гэж түүнийг үнэлдэг. Түүнийг солонгосчууд одоо хүртэл Өмнөд Солонгосыг өнөөгийн эдийн засгийн хөгжилд авчирсан, улсынхаа хамгийн сайн удирдагч байсан хэмээн хүндэлэн дурсдаг. Гэсэн ч түүнийг хувь хүний эрх чөлөөг хязгаарладаг дарангуйлагч байсан хэмээн тооцох нь цөөнгүй бий.

Пак Жон-хигийн дэглэмийн үед Өмнөд Солонгосын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь тавигдсан юм. Гёнбу хурдны зам, ПОСКО, Өмнөд Солонгосын 5 жилийн төлөвлөгөө, Шинэ Холбооны Хөдөлгөөн зэргийг энд дурдаж болно. Түүний охин Пак Гын Хэ 2004 онд консерватив Үндэсний намын даргаар сонгогдсон бол 2012 онд Өмнөд Солонгосын 11 дэх буюу анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдон 2013 оны хоёрдугаар сард тангарагаа өргөсөн билээ.


Өмнөх
Юнь Бу-сонь
БНСУ-ын ерөнхийлөгч
1963—1979 он
Дараах
Чуй Гё-ха