Олон улсын Монгол судлалын Холбоо
Олон улсын Монгол судлалын Холбоо
Олон Улсын Монголч Эрдэмтний анхдугаар их хурал 1959 онд хуралдсан юм. Монголч эрдэмтний анхдугаар их хурлыг зохион байгуулж хуралдуулах үйл хэрэгт манай ахмад үеийн академичид, тухайлбал: Ц.Дамдинсүрэн (1908-1986), Б.Ринчен (1905-1977), Ш.Лувсанвандан (1910-1983), А.Лувсандэндэв (1927-1997) нар онцгой идэвх зүтгэл гаргасныг зориуд онцлон тэмдэглэе. 1970 онд Улаанбаатар хотноо 24 орны 120 гаруй эрдэмтэд хуран чуулж, гадаад, дотоодын монгол судлаачдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор “Олон улсын монголч эрдэмтний их хурлын Байнгын Хороо”-г ШУА-ын дэргэд орон тооны бус бүтэцтэйгээр байгуулжээ. Олон Улсын Монголч Эрдэмтний 2-р их хурлаас 5-р их хурлын хооронд (1959-1987) Олон улсын монголч эрдэмтний их хурлын байнгын хороо ажиллаж, уг хорооны анхны ерөнхийлөгчөөр академич Б.Ширэндэв (1912-2001), Ерөнхий нарийн бичгийн даргаар доктор СЛувсанвандан (1932-1992) нар сонгогдон ажиллаж байв.
1987 онд 36 орны 230 гаруй эрдэмтэд оролцсон монголч эрдэмтдийн тавдугаар их хурлаас олон улсын хэмжээнд монгол судлалын үйл ажиллагааг дагнан тогтвортой явуулах эрхзүйн чадамжийг өргөжүүлэн, тогтмолжуулах зорилгоор “Олон Улсын Монгол Судлалын Холбоо” (ОУМСХ)-г санал нэгтэй байгуулсан бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 107 дугаар тогтоолоор ОУМСХ-ны нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, түүний бүтэц, зохион байгуулалт, цалин хангамж зэргийг тогтоосон байна. Түүний үндсэн дээр ОУМСХ өөрийн үйл ажиллагааны чиглэл зорилтыг тусгасан дүрмээ боловсруулж, их хурлаараа батлуулан мөрдсөөр иржээ.
1990 оны ардчилсан хувьсгалын дараахан ОУМСХ-ны нарийн бичгийн дарга нарын газрын бие даасан статусыг Засгийн газрын 1991 оны 283-р тогтоолоор баталгаажуулж, улмаар тус Холбооны үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлж байх шийдвэрийг Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 30-ны хуралдаанаас гаргажээ. ОУМСХ нь янз бүрийн орны Монголч эрдэмтэд, Монгол судлалын төвүүдийг сайн дурын үндсэн дээр эвлэлдүүлсэн төрийн бус, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болно.
ОУМСХ түүний нарийн бичигийн дарга нарын газар нь монгол судлалын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тогтмол явуулж, 1988 оноос монгол судлалын Bulletin: News Information on Mongol Studies мэдээллийн цувралын 46 дугаарыг, 1990 оноос олон улсын эрдэм шинжилгээний "Mongolica" сэтгүүлийн 25 дугаарыг тус тус гаргаснаас гадна гадаад, дотоодын монголч эрдэмтдийн 40 гаруй бүтээлийг эрхлэн гаргажээ. Мөн тус нарийн бичгийн дарга нарын газарт Америк, Франц, Япон, ОХУ-ын монголч эрдэмтэд ирж 6 сараас бүтэн жилийн хугацаагаар ажиллаж байсан бөгөөд тэдний цалин хангамжийг улсын төсвөөс гаргадаг байв. Түүнчлэн олон улсын монголч эрдэмтдийн 5 удаагийн их хурлыг зохион байгуулсан бөгөөд нэг удаагийн хуралд дунджаар гучаад орны 400 орчим эрдэмтэд оролцож байлаа. Олон улсын монголч эрдэмдийн их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм.
Эдүгээ тус Холбооны нарийн бичгийн дарга нарын газар нь гадаадын хорь гаруй орны монгол судлалын 40 гаруй төв, 300 орчим монголч эрдэмтэдтэй нягт харилцаатай ажиллаж, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хөхиүлэн дэмжих, шинэ мэдээллээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж байгаагаас гадна сүүлийн үед монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирлээ.
1970 онд Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтний их хурлын байнгын хороо байгуулагдаж, улмаар тэр нь 1987 онд Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ) болон өргөжиж, тогтмол үйл ажиллагаа явуулж иржээ. Энэхүү байгууллага нь олон улсын монголч эрдэмтдийн 10 удаагийн Их хурлыг зохион байгуулсан бөгөөд нэг удаагийн хуралд дунджаар гучаад орны 400 орчим эрдэмтэд оролцож байлаа. Тус Холбооны нарийн бичгийн дарга нарын газар нь гадаадын монгол судлалын төвүүд болон олон орны монголч эрдэмтэдтэй байнгын харилцаа холбоотой байж, монгол судлалыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжих, монгол судлалын холбогдолтой мэдээллээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж иржээ.
Их хурлууд
засварлах1959 оны 9-р сарын 1-8-нд Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал
засварлахУг Их хурал Улаанбаатар хотноо болсон түүхтэй. Хуралд Англи, АНУ, Канад, Энэтхэг, Япон, БНАГУ, БНАСАУ, ЗХУ, БНХАУ, Польш, Румын, Унгар, Финлянд, Чехословак, БНМАУ зэрэг 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож, монгол хэл, утга зохиолын сэдвээр нийтдээ 34 илтгэл хэлэлцүүлжээ.
Тус их хуралд Г.Д.Санжеев, Ю.Н.Рерих (ЗХУ), Чингэлтэй (БНХАУ), Sh.Ozawa (Япон), Ch.Bawden (Англи), P.Aalto (Финланд), P.Ratchnevski (ХБНГУ), P.Poucha (Чехословак), Udo Posh (АНУ), S.Kaluzynski (Польш), Uray Köhalmi (Унгар), Raghu Vira (Энэтхэг), Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан (БНМАУ) нарын зэрэг нэрт эрдэмтэд оролцсон байна.
Энэ удаагийн их хурал нь олон улсын монгол судлалын эрдэмтдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэх эхлэл нь болжээ.
1970 оны 9-р сард ОУМЭ-дийн 2-р Их хурал
засварлах1970 оны 9-р сарын 2-7-нд Улаанбаатар хотод болсон Олон улсын монголч эрдэмтдийн II их хуралд Австрали, Англи, АНУ, Финлянд, Франц, ХБНГУ, БНАГУ, ЗХУ, Болгар, Польш, Румын, Унгар, Чехословак, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 24 орон, олон улсын хоёр байгууллагыг төлөөлсөн 120 гаруй эрдэмтэд оролцож, “Хэл, утга зохиол”, “Түүх, эдийн засаг” гэсэн хоёр салбар хуралдаанд 110 орчим илтгэл хэлэлцүүлжээ.
Илтгэл тавьсан эрдэмтдийн дотор L.Ligeti, G.Kara (Унгар), D.Sinor, O.Lattimore , John Krueger, John G.Hangin (АНУ), W.Heissig, H.Frankе, K.Sagaster, P.Zieme (ХБНГУ), Sh.Hattori, Sh,Iwamura, M.Murakami, Sh.Ozawa (Япон) , J.A.Boyle, K.Hamphrey (Англи), Igor de Rachewiltz (Австрали), R.Hamayon (Франц), S.Kaluzynski (Польш), А.П.Окладников, Г.Санжеев (ЗХУ) зэрэг гадаадын эрдэмтдээс гадна академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Ш.Бира нарын зэрэг нэрт эрдэмтэд байжээ.
Дэлхийд нэртэй олон эрдэмтэд нэгэн дор уулзсан анхны тохиолдол болсныг хурлын төлөөлөгчид онцолж байв. Энэ удаагийн Их хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын хороог байгуулж, ерөнхийлөгчөөр нь академич Базарын Ширэндэв, нарийн бичгийн даргаар доктор С.Лувсанвандан нарыг сонгожээ.
1976 оны 8-р сард ОУМЭ-дийн 3-р Их хурал
засварлах1976 оны 8-р сарын 30-аас 9-р сарын 3-нд Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтдийн 3-р Их хурал болсон.
Хуралд Англи, АНУ, Бельги, ХБНГУ, БНАГУ, Франц, Итали, Швед, Канад, ЗХУ, Болгар, Вьетнам, Куба, Польш, Румын, Турк, Унгар, Чехословак, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 19 орон, ЮНЕСКО, Алтай судлалын олон улсын байнгын бага хурал, Олон улсын санскрит судлалын холбоо зэрэг олон улсын 4 байгууллагыг төлөөлсөн 150 гаруй эрдэмтэд оролцож, “Түүх, эдийн засаг, гүн ухаан”, “Монгол хэл зохиол, урлаг судлал”, “Монгол ба Төв Азийн орнууд” гэсэн гурван салбар хуралдаанд 140 илтгэл хэлэлцүүлжээ.
Тус их хуралд гадаадаас O.Lattimore John Krueger (АНУ), W.Heissig, H.Franke, K.Sagaster (ХБНГУ), H-P Vietze (БНАГУ), G.Kara, A. Rona-Tas (Унгар), M.Murakami, Sh.Ozawa, K.Tanaka, M.Hashimoto (Япон), R.Hamayon (Франц), S.Kaluzynski (Польш), J.Vacek (Чехословак), А.П.Окладников, Г.Санжеев, С.Ю.Неклюдов (ЗХУ) зэрэг гадаадын эрдэмтэд, Монголын талаас Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Ш.Нацагдорж, Ш.Бира, Х.Пэрлээ, А.Лувсандэндэв, Ч.Жүгдэр нарын 40-өөд эрдэмтэд оролцсон байна.
1982 оны 8-р сард ОУМЭ-дийн 4-р Их хурал
засварлах1982 оны 8 сарын 24-28-нд Улаанбаатар хотноо хуралдсан Олон улсын монголч эрдэмтдийн 4-р Их хуралд ЗХУ, АНУ, Англи, Франц, Бельги, ХБНГУ, БНАГУ, Финлянд, Норвеги, Швед, Итали, Канад, Куба, Унгар, Польш, Румын, Чехословак, Болгар, Вьетнам, Алжир, Афганистан, Турк, Иран, Лаос, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 27 улс, олон улсын 4 байгууллагын 200 гаруй эрдэмтэн оролцож, “Түүх, эдийн засаг”, “Хэл, утга зохиол”, “Соёл, урлаг, философи” гэсэн гурван салбар хуралдаанд 160 гаруй илтгэл хэлэлцжээ.
Их хуралд гадаадаас W.Heissig (ХБНГУ), Sh.Ozawa (Япон), D.Sinor, John Krueger, H.Schwarz (АНУ), S.Kaluzynski (Дольш), K.Tanaka, H.Futaki, M.Hashimoto (Япон), J.Vacek (Чехословак), А.Rona-Tas (Унгар), H.P.Vietze (БНАГУ), R.Hamayon, J.Legrand (Франц), T.Tekin (Турк), В.М.Солнцев, Л.Герасимович, Б.В.Грайворонский, П.Ц.Биткеев (ЗХУ) нар, Монголын талаас Ц.Дамдинсүрэн, П.Хорлоо, Ш.Бира, С.Лувсанвандан, А.Лувсандэндэв, Ч.Жүгдэр, Н.Ишжамц нарын зэрэг 200 гаруй эрдэмтэнд оролцжээ.
Тус Их хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын Хорооны ерөнхийлөгчөөр ШУА-ийн ерөнхийлөгч Ч.Цэрэн, дэд ерөнхийлөгчөөр О.Латтимар, Ш.Хаттори, Ш.Нацагдорж, В.М.Солнцев, В.Хайссиг, Х.П.Фитце нарыг сонгож, ерөнхий нарын бичгийн даргаар С.Лувсанвандан улиран сонгогджээ.
1987 оны 9-р сард ОУМЭ-дийн 5-р Их хурал
засварлах1987 оны 9-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Олон улсын монголч эрдэмтдийн V их хуралд Австри, Англи, АНУ, Франц, Финлянд, Бельги, ХБНГУ, БНАГУ, Голланд, Дани, Швед, Швейцарь, Итали, Канад, Норвеги, ЗХУ, Польш, Румын, Болгар, Югослав, Турк, Унгар, Чехословак, Куба, Австрали, Шинэ Зеланд, Афганис¬тан, Иран, Хятад, Энэтхэг, Пакистан, Япон, БНАСАУ, Лаос, Вьетнам, Монгол зэрэг 36 орны 300 орчим эрдэмтэн оролцож, “Түүх, эдийн засаг, философи”, “Хэл, утга зохиол, урлаг” “Монгол болон Төв Азийн улс түмний соёл, иргэншлийн харилцаа холбоо” гэсэн гурван салбараар хуралдаанд 230 гаруй илтгэл хэлэлцүүлжээ.
Энэ удаагийн их хуралд гадаадаас В.М.Солнцев, А.П.Деревянко, В.И.Рассадин, Д.А.Павлов (ЗХУ), O.Lattimore, John Krueger, John G.Hangin, J.Bosson (АНУ), Robert I.Binnick (Канад), Igor de Rachewiltz (Австрали), G.Stary (Итали), R.Hamayon, Marie-Lise Beffa, J.Legrand (Франц), W.Heissig (ХБНГУ), H-P.Vietze, Udo Barkmann (БНАГУ), Ch.Bawden (Англи), J-O.Svantesson (Швед), G.Kara, A.Sarkozi (Унгар), A.Fedotov (Болгари), Sh.Ozawa, H.Okada, K.Tanaka, T.Morikawa, M.Hashimoto, H.Kuribayashi (Япон), Бүрэнбэх, Ринчиндорж (БНХАУ) нар, Монголын талаас Б.Ширэндэв, П.Хорлоо, С.Лувсанвандан, Ч.Жүгдэр, Чулууны Далай, Г.Лувсанцэрэн, Д.Цэрэнсодномын зэрэг нэрт эрдэмтэд оролцжээ.
Тус их хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын Хороог өргөтгөн Олон Улсын Монгол Судлалын Холбоо хэмээх тогтмол үйл ажиллагаатай төрийн бус олон нийтийн байгууллагыг байгуулж, тус Холбооны ерөнхийлөгчөөр Америкийн нэрт монголч эрдэмтэн O.Lattimore, ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол улсын нэрт эрдэмтэн Ш. Бира нар сонгогдлоо.
Энэ удаагийн Их хурлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, ЮНЕСКО ивээн тэтгэжээ.
1992 оны 8-р сард ОУМЭ-дийн 6-р Их хурал
засварлах1992 оны 8-р сарын 11-15-нд Улаанбаатар хотод хуралдсан Олон улсын монголч эрдэмтдийн VI их хуралд Австрали, Англи, Франц, Финлянд, ХБНГУ, АНУ, Израиль, Казахстан, ОХУ, Чехословак, Солонгос, Тайвань, Хятад, Япон Монгол, зэрэг 20 орны 200 гаруй эрдэмтэд оролцож, “Монгол хэл, бичиг”, “Уран зохиол, соёл урлаг судлал”, “Археологи, эртний ба дундад зууны түүх”,“Монголын орчин цагийн түүх”, “Эдийн засаг, гүн ухаан, хууль зүй болон улс төр судлал” гэсэн таван салбар хуралдаанд 188 илтгэл хэлэлцүүлжээ.
Энэ удаагийн их хуралд В.М.Солнцев, В.И.Рассадин, М.Гольман, Г.Ц.Пюрбеев (ОХУ), Sh.Ozawa, H.Okada, M.Hashimoto, T.Morikawa, K.Tanaka (Япон), W.Heissig, K.Sagaster, H-P.Vietze (Герман), John Krueger, A.Campi, Sechin Jagchid (АНУ), A.Sanders (Англи), R.Amitai (Израйль), Igor de Rachewiltz (Австрали), L.Harvilahti (Финланд), J-O.Svantesson (Швед), G.Kara (Унгар), J.Legrand (Франц), M.Haider (Энэдхэг), Сагараажав, Хагаанчулуу (Тайвань), Ринчендорж, Зууннаст, Хас-Эрдэнэ, Норжин, Сайшаал, Жамц (БНХАУ) зэрэг гадаадын нэрт монголч эрдэмтэд, Монголын талаас Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Ш.Бира, П.Хорлоо, Ш.Гаадамба, Ц.Далай, Г.Сүхбаатар, А.Лувсандэндэв, Н.Ишжамц, Д.Цэнд, Д.Цэрэнсодном, Ж.Цолоо, Л.Хүрэлбаатар нарын зэрэг тавиад эрдэмтэд оролцжээ.
Тус их хурлаас ОУМСХ-ны ерөнхийлөгчөөр Японы нэрт монголч эрдэмтэн Озава Шигэо-г сонгожээ.
ОУМЭ-ийн 6-р их хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО ивээн тэтгэсэн байна.
1997 оны 8-р сард ОУМЭ-дийн 7-р Их хурал
засварлах1997 оны 8-р сарын 12-16-нд Улаанбаатар хотод хуралдсан Олон улсын монголч эрдэмтдийн 7-р Их хуралд Австрали, Англи, Америк, Канад, Дани, Норвеги, Швед, Итали, Бельги, Финлянд, Франц, Герман, Унгар, Польш, Чех, Словак, Болгар, Казахстан, ОХУ, Солонгос, Тайвань, Хятад, Япон, Монгол зэрэг 25 орны 330 орчим эрдэмтэд оролцож, “Түүх, эртний судлал, хүн судлал”, “Хэл бичиг”, “Монголын утга зохиол, соёл, урлаг”, “Эдийн засаг, гүн ухаан, хууль зүй, улс төр судлал” гэсэн дөрвөн салбар хуралдаанд 300 гаруй илтгэл хэлэлцүүлжээ.
Тус их хуралд Igor de Rachewiltz (Австрали), H.Schwarz, Ch.Atwood (АНУ), G.Kara, E.Csaki (Унгар), H-P.Vietze (Герман), M.Gervers (Канад), J-O.Svantesson (Швед), H.Okada, M.Hashimoto, H.Wakamatsu, (Япон), Choi Dong-Guen (БНСУ), В.М.Солнцев, М.И.Гольман, Г.И.Слесарчук, Т.Д.Скрынникова, К.Н.Яцковская, Г.Ц.Пюрбеев (ОХУ), Чингэлтэй, Chin Nai-Syun, Ринчендорж, Ц.Норжин, Хишигтогтох, Чойжи, Мандах (БНХАУ), Sagarajav (Тайвань) зэрэг эрдэмтэд, Монголын талаас Н.Ишжамц, Ч.Далай, Д.Цэрэнсодном, Ж.Цолоо, Х.Нямбуу Ц.Шагдарсүрэн, Ж.Болдбаатар, Х. Сампилдэндэв, Л.Болд, А.Очир, Ш.Чоймаа, С.Дулам, Ш.Сонинбаяр (Монгол) нарын зэpэг ахмад үеийн нэрт эрдэмтэд оролцсноос гадна дунд болон залуу үеийн эрдэмтэд олноор оролцсон нь монгол судлалын шинэ үе эхэлж байгаагийн тод илрэл болсон байна.
Тус их хурлыг Монголын Засгийн газар, UNESCO, «Japan Foundation», «Sasakawa Fund» зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн байна.
2002 оны 8-р сард ОУМЭ-дийн 8-р Их хурал
засварлах2002 оны 8-р сарын 5-11-нд Улаанбаатар хотод хуралдсан ОУМЭ-дийн VIII их хуралд Англи, АНУ, Канад, Бельги, Герман, Франц, Голланд, Грек, Итали, Дани, Швед, Норвеги, Унгар, Финлянд, Чех, Румын, Турк, ОХУ, Узбекстан, Казахстан, Солонгос, Тайвань, Хятад, Япон, Энэтхэг, Вьетнам, Монгол зэрэг 27 орны 300 гаруй эрдэмтэн оролцож, “Монголын нүүдлийн иргэншил ба түүний суурьшмал иргэншлүүдтэй холбогдох нь”, “Монгол хэлтнүүдийн хэл утга зохиол, тэдгээрийн бусад улс түмний хэл, утга зохиолтой холбогдох нь”, “Монголын соёл: Уламжлал ба шинэчлэл”, “Монголын тогтвортой хөгжлийн асуудал: Хүний хөгжил ба хүрээлэн буй орчин”, “Монгол ба олон улсын харилцааны шинэ орчин: Геополитик, гадаад харилцааны асуудал” гэсэн таван салбар хуралдаанд 300 шахам илтгэл хэлэлцүүлжээ.
Хуралд оролцогсдын дотор G.Campi, John G.Hangin, Ch.Atwood, E.Endicott (АНУ), M.Gervers (Канад), U.Bulag (Англи), J.Janhunen (Финланд), B.Agnes (Унгар), Rodica Pop (Румын), Sh.Ozawa, H.Okada, M.Hashimoto, T.Nakami, H.Futaki, M.Morikawa, K.Matsuda, Yu.Shibayama, T.Matsukawa, K.Okada (Япон), Choi Dong-Guen (БНСУ), В.В.Грайворонский, Г.И.Слесарчук, Н.Н.Крадин, Т.Д.Скрынникова, Л.Скородумова, И.В.Кульганик, А.Цендина, Э.Омакаева, ¬¬Е.Бойкова (ОХУ), Чойжинжав, Даваадагва, Ринчендорж, Хишигтогтох, С.Гарди, В.Мандуга, Улаан (БНХАУ), Sagarajav, Su-yin Hsiao (Тайвань), П.Хорлоо, Ш.Бира, Д.Цэрэнсодном, Х.Сампилдэндэв, Л.Болд, Д.Галбаатар, А.Очир, Ш.Чоймаа, С.Дулам (Монгол) нарын зэрэг гадаад дотоодын олон нэрт эрдэмтэд байснаас гадна 200 гаруй залуу эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Тус Их хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО, Япон сан ивээн тэтгэсэн байна.
2006 оны 8-р сард ОУМЭ-дийн 9-р Их хурал
засварлах2006 оны 8-р сарын 8-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Олон улсын монголч эрдэмтдийн 9-р Их хуралд Австрали, Англи, АНУ, Франц, Бельги, Герман, Голланд, Финлянд, Дани, Швед, Швейцарь, Израиль, Итали, Турк, Казахстан, ОХУ, Болгар, Чех, Унгар, Польш, Румын, Тайвань, Хятад, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 26 улсын 400 орчим эрдэмтэд оролцож, “Төрт ёсны уламжлал, шинэчлэл”, “Нийгэм, эдийн засгийн асуудал”, “Үндэсний хэл бичиг, утга зохиол”, “Соёл, урлаг”, “Дэлхийчлэл ба Монгол улс” гэсэн үндсэн таван салбараар хуралдаанд 400-аад илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан “Монголын төрт ёс: өнгөрсөн ба эдүгээ цагт” гэсэн сэдвийн дор зохион байгуулсан тус их хурал нь сэдвийнхээ хүрээгээр ч, оролцогсдынхоо тоогоор ч урьд өмнө болсон бүх хурлуудаас илүү өргөн цар хүрээтэй болжээ.
Тус Их хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО, Япон сан ивээн тэтгэсэн байна.
2010 оны 8-р сард ОУМЭ-дийн 10-р Их хурал
засварлах2011 оны 8-р сарын 9-13-нд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монголч эрдэмтдийн 10-р Их хуралд Австри, Англи, АНУ, Канад, Франц, Герман, Голланд, Финлянд, Дани, Швед, Швейцарь, Израиль, Итали, Испани, Турк, Казахстан, Азербайжан, ОХУ, Болгар, Чех, Унгар, Польш, Румын, Тайвань, Хятад, Энэтхэг, Балба, Япон, Монгол зэрэг гучаад орны 350 орчим эрдэмтэд оролцжээ.
Энэ удаагийн их хурлыг “Монголын гадаад харилцаа ба түүхэн туршлага” гэсэн ерөнхий сэдвийн дор “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монгол ба гадаад ертөнц”, “Монгол хэл, соёлын тулгамдсан асуудлууд”, “Монголын эдийн засаг, улс төр”, “Монголын гадаад харилцаа, дипломат ёс”, ”Монголын тусгаар тогтнол, хувьсгал” гэсэн таван салбар хуралдаантайгаар зохион байгуулжээ.
Их хуралд гадаадаас E.Endicott (АНУ), M.Gervers (Канад), A.Sanders (Англи) J.Legrand (Франц), G.Bethlenfaly, A.Sarkozi, O.Borbala (Унгар), E.Ragagnin (Герман), J.Vacek (Чех) Jan Rogala (Польш), M.Hashimoto, K.Matsuda, T.Matsukawa, H.Futaki, T.Nakami, K.Okada (Япон), Lee Seong-Gyu (БНСУ) L.Chandra, Sh.Soni (Энэдхэг), И.В.Кормушин, М.И.Гольман, В.В.Грайворонский, В.И.Рассадин, А.Цендина, Э.Омакаева, И.В.Кульганек, П.О.Рыкин (ОХУ), Ринчендорж, Хишигтогтох, Сэцэнцогт, Б.Улаан (БНХАУ) нарын зэрэг 200 гаруй эрдэмтэн, Монголын талаас Ж.Цолоо, Д.Цэрэнсодном, Л.Болд, Ж.Болдбаатар, Д.Цэвээндорж, Ц.Шагдарсүрэн, Ц.Өнөрбаян, Ш.Чоймаа, С.Дулам, Ш.Сонинбаяр нарын зэрэг зуу гаруй эрдэмтэн судлаачид оролцож, нийтдээ 280 орчим гаруй илтгэл хэлэлцүүлжээ.
Тус их хурлаас ОУМСХ-ны ерөнхийлөгчөөр Германы монголч эрдэмтэн, профессор Klaus Sagaster-ийг, мөн тус Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар хэл шинжлэлийн эрдэмтэн, академич Домийн Төмөртогоог тус тус санал нэгтэй сонгов. Мөн ОУМСХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Японы профессор Озава Шигэо, академич Шагдарын Бира нарыг сонгосон болно.
2016 оны 6-р сард ОУМЭ-дийн 11-р Их хурал
засварлах11-р Их хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болж дотоодын 100 гаруй, гадаадын 29 орны 300 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Хуралд Австрали, Австри, Англи, АНУ, Вьетнам, Канад, Франц, Герман, Голланд, Финлянд, Дани, Швейцарь, Израиль, Итали, Турк, Казахстан, ОХУ, Чех, Унгар, Польш, Румын, Тайвань, Хятад, Энэтхэг, Япон, Монгол,Солонгос зэрэг 29 орны 412 монголч эрдэмтэн оролцжээ. XI их хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат нар баяр хүргэж, үг хэлсэн байна.
Олон улсын монголч эрдэмтний ээлжит 11 дүгээр их хурал Монгол хэл бичиг, эрт эдүгээгийн Монголын түүх,археологи, уламжлал соёл, утга зохиол, гадаад харилцааны түүхэн уламжлал, төрийн бодлого, өнөөгийн нийгэм, эдийн засаг судлал зэрэг асуудалд анхаарал хандуулж, судалганыхаа тэргүүн чиглэл болгоэ байсныг онцлон тэмдэглэжээ. Тус хурлаас Унгарын Монголч Эрдэмтэн Агнеш Берталаныг холбооны Ерөнхийлөгчөөр, доктор профессор С.Чулууныг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.
2023 оны 8-р сард ОУМЭ-дийн 12-р Их хурал
засварлах2023 оны 8 дугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдав. 12-р Их Хурлын ерөнхий сэдэв: “Монголын энх тайван ба түүхэн туршлага” (Pax Mongolica and historical experiences). Их Хурал таван салбар хуралдаантай байв.
Үүнд:
Салбар 1. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд
Салбар 2. Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе
Салбар 3. Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз
Салбар 4. Монголын гадаад ертөнц ба харилцаа
Салбар 5. Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл
Их Хуралд 20 орны 307 эрдэмтэд илтгэл тавьжээ.