Озава Шигэо
Озава Шигэо (1926 оны 8-р сарын 18 нд Токио хотноо төрсөн- 2017 онд нас барсан)- Японы монголч эрдэмтэн.
Тэрбээр 1947 оны 3-р сард Токиогийн Гадаад явдлын тусгай мэргэжлийн сургууль одоогийн Токио Гадаад Судлалын Их Сургуулийн монгол хэлний салбарыг төгссөн байна.
1951 оны 3-р сард Токиогийн Японы Эзэнт улсын их сургуулийн утга зохиолын салбарыг хэл шинжлэлийн тусгай мэргэжлээр төгсөж, 1978 онд утга зохиолын докторын зэрэг хамгаалжээ.
Озава Шигэо 1951-1957 оны хооронд Токиогийн Гадаад хэлний их сургуулийн монгол хэлний салбарт туслах багш, багш, дэд профессороор ажиллажээ.
Тэрбээр мөн 1980-1984 онд Токиогийн гадаад судлалын их сургуулийн харьяа Япон хэлний сургуулийн даргаар ажиллажээ. Үүнээс гадна 1986-1988 онд Токиогийн Гадаад судлалын их сургуулийн номын сангийн захиралаар ажилласан.
1989 оноос тэтгэвэрт гартлаа ТГСИС-ийн хүндэт профессороор ажиллажээ.
1952 онд япон хэлний шинжлэлийн нийгэмлэгийн гишүүн болж, 1982 оноос Японы Монгол судлалын холбооны дэд даргаар ажиллаж, 1986 оноос тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.
1989 оноос 2010 он хүртэл Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
1986 онд БНХАУ-ын ӨМИС-ийн хүндэт профессор, 1989 онд Японы Гадаад явдлын яамны элчин сайдын шагнал, 1990 онд Монголын ШУА-ын гадаад гишүүнээр, 1992 онд МУИС-ийн Хүндэт профессор цол тус тус хүртжээ.
“Монголын нууц товчоо” номыг Озава багш япон хэлээр хөрвүүлсэн байна.
Бүтээлүүд
засварлах“Дундад зууны монгол хэлний хэлбэр судлал” 1979,
“Одоо үеийн монгол хэлний толь” 1983,
“Монголын нууц товчооны бүгд тайлбар” дээд 1984, дунд 1985, доорд 1985,
“Монголын нууц товчооны бүгд тайлбарын үргэлжлэл” дээд 1987, дунд 1988, доорд 1989,
“Монголын нууц товчооны монгол хэлний хэлзүйн лекц” 1994, үргэлжлэл 2000,
“Алтан товчийн судлал”- 1, 1954,, “Алтан товчийн судлал” -2, 1959,
“Монгол хэлийг дөрвөн гарагт” 1963,
“Үгсийн сан 1500” 1965, зэрэг бүтээлүүдийг туурвин хэвлүүлжээ. Мөн эрдэм шинжилгээний 60 гаруй үгүүлэл нийтлүүлжээ.