Ням-Осорын Цүлтэм
Ням-Осорын Цүлтэм (1923 онд Арханай аймгийн Өндөр-Улаан суманд төрж, 2001 оны 7-р сарын 23-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт зураач юм.
Ням-Осорын Цүлтэм | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | Зураач |
Намтар
засварлахБагадаа хийдэд шавилан сууж бурхны шашны ном заалгасан ч удалгүй Улаанбаатар хотод бага сургуульд шилжин орж суралцан төгсчээ. ЗХУ-д /хуучин нэрээр/ 1945-1951 онд В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургууль төгссөн. Монголын анхны мэргэжлийн уран зураачдын нэг юм.
1971 онд “Монголын дүрслэх урлагийн тойм” сэдвээр урлаг судлалын ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.
1940 оноос Улсын төв театрт зураачаар ажиллаж, Зөвлөлтийн мэргэжилтэн Н.Н.Бельский, зураач Л.Гаваа нараар тайзны зураг чимэглэлийн онцлогийг заалгажээ.
Дээд сургууль төгсөж ирээд уран зураг, дүрслэх урлагийн ажилд шуудран зүтгэж “Мартагдашгүй уулзалт”, “Уриа”, “Зураач Д.Манибадар”, “Ардын жүжигчин Ц.Цэгмид”, “Үхэрчин Ядамсүрэн”, “Намуун орой”, “Гол дээр”, “Талын охин”, “Чингис хаан”, “Мандухай цэцэн хатан”, “Сүлд тэнгэр” зэрэг байгаль, түүх, аж байдлын сэдэвт уран зураг, хөрөг олныг туурвин бүтээж, “Талын айл”, “Хивс нэхэгч” тосон будгийн зургаараа төрийн шагнал хүртсэн байна.
“Талын айл”, “Нэхмэлчид” бүтээлүүдээрээ төрийн шагнал хүртсэн бол 1984 онд ардын зураач, 2000 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Хамгийн сонирхолтой нь, тэрбээр их урлагт бүтээсэн туурвилуудаасаа гадна нийгэм, соёлын нэн өргөн хүрээнд ажиллаж амьдарсан.
Тэрээр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үндэслэн байгуулж, Дүрслэх урлагийн сургуулийг бие даасан сургууль болгон байгуулсан бол Монголын Урчуудын Эвлэлийг 33 жил удирдсан байна.
Уран бүтээлчийнхээ хувьд зөвхөн өөрийн бүтээлд зориулах цаг машид хомс байсан нь намтрыг нь үзэхэд илэрхий. Хөдөлмөрийн хүндэт медалиас хөдөлмөрийн баатар хүртэлх манай улсын төрийн бүх одон, медаль, шагнал, цолыг хүртсэн нь бас л нэгэн сонирхол татам түүх ажээ. Цүлтэм гуайн урлаг судлалын бүтээлүүд болох Монголын сонгодог урлагийн шилдэг бүтээлийн “Уран зураг”, “Уран баримал”, “Г.Занабазар”, “Гоёл чимэглэлийн урлаг”, “Монголын орчин үеийн дүрслэх урлаг” зэрэг номыг өнөөгийн урлаг сонирхогчид мэдэх байх. Харин зураачийн амьдрал бүтээлийн тухай “Ням-Осорын Цүлтэм” нэртэй ном англи хэлнээ 2005 оны үед гарчээ.
1955 онд 79Х159 харьцаатай "Талын айл" зотон тосон зураг нь Монголын урлагийн хосгүй үнэт уран бүтээлд ордог.
“Монголын урлагийн түүхэн хөгжил”, “XVII зууны Монголын нэрт уран барималч Г.Занабазар”, “Монгол зураг”, “Монголын гоёл чимэглэлийн урлаг”, “Монголын уран баримал”, “Монголын уран барилга” судалгаа, сурталчилгаа ном, цомгууд бүтээж орос, англи, франц, испани хэлээр хэвлэн нийтлүүлж, өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ Герман, Болгар, Унгар, Япон, Орос улсад дэглэн дэлгэж, Монголынхоо дүрслэх урлагийг дэлхийд сурталчлахад томоохон хувь нэмэр оруулсан байна.
Үр хүүхэд
засварлахИхэр хоёр хүү Ц.Энхжин, Ц.Мөнхжин, охин Ц.Нармандах нар нь Монголын нэртэй зураачид юм. Ц.Энхжин нь төрийн шагналт, Ц.Мөнхжин нь гавьяат цол хүртсэн, охин Ц.Нармандах нь урлаг судлаач болж бүгд эх орныхоо уран зураг, дүрслэх урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.
Ажил үйлс
засварлахМонголын урчуудын байгууллагыг олон жил толгойлж, дүрслэх урлагийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Ардын урлагийг урчуудын эвлэлийн урын сангийн бодлогод оруулж, түүнийг дэлхийд нээж өгсөн, дэлхийд Г.Занабазарыг таниулсан гавьяатай хүн ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын төв хорооны орлогч болон жинхэнэ гишүүнээр сонгогдож байсан төр, нийгэм, урлагийн том зүтгэлтэн байжээ.
Уран бүтээл
засварлах- “Талын айл”-77х159 см хэмжээтэй, тосон будгийн зураг.
- “Нэхмэлчид”
- “Борогчингийн замд”
- “Буянтай ээж"
- "Зам" 1983 он.
Гавьяа Шагнал
засварлах- Төрийн шагнал
- Урлагийн гавьяат зүтгэлтэн
- Ардын зураач
- Хөдөлмөрийн баатар
- Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.
Гадаад холбоос
засварлахТөрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн 90 насны ой тохиож байна