Николай Чарушин

Чарушин Николай Аполлонович (1851-1937) — Оросын зохиолч, хувьсгалч, аялагч, гэрэл зурагчин.

Чарушин Николай Аполлонович (1851-1937)

Николай Чарушин 1851 оны 12 дугаар сарын 23-нд Оросын Вятск мужийн /Губерния/ Вятка голын баруун эрэг дээрх 3,5 мянган хүн амтай Орлов /сүүд Халтуринск/ гэж жижиг хотод төржээ. Эцэг Аполлон Иванович тойргийн /Окружное управление/ захиргаанд бичиг хэрэг хөтлөгчөөс тойргийн захирагчийн туслах хүртэл алба хашиж байсан. Эх нь Екатерина Львовна дампууралд орсон худалдаачны охин байсан бөгөөд бичиг үсэг муу мэддэг ч ухаантай, ажилсаг нэгэн байжээ. Николай Чарушин айлын 8 хүүхдийн хоёрдахь нь байсан гэж 1926 онд хэвлэгдсэн байсан өөрийн дурьтгал болсон “О далёком прошлом” хэмээх номондоо бичиж үлдээсэн байна. Бяцхан Николай хүү Орлов хотдоо бага сургуульд сурч дуусхад эрэгтэй хүүхэд ном сурах ёстой гээд эцэг Аполлон Иванович 11 настай хүүгээ 1862 онд 90 км зайтай мужийн төв Вятск хотын гимназид шалгалт өгүүлж оруулаад тэндээ айлд үлдээх хэцүүхэн шийдвэр гаргаж байсан байдаг.

Удалгүй 1866 онд түүний эцэг Аполлон Иванович нас барж ар гэрийн байдал хүнд байдалд орж олон нялх хүүхэдтэй үлдсэн эх Екатерина Львовна тулгарсан бүхий л асуудлыг өөрийн ёэргэлэн ухаан, сэтгэлийн хат болон нагац ахын дэмжлэг тусламжийг авч даван туулсан байна.

1871 онд Н.Чарушин Вятскад гимназиа төгсөөд Санкт-Петербургийн Технологийн Их сургуульд орон нутгийн тэтгэлэгээр элсэн сурсан боловч дүүргэж чадаагүй байна. Тэрээр энэ үеэс “Чайковцы” (Н.В.Чайковский хэмээх нэгэн удирдагчийн нэрээр нэрэлсэн) улс төрийн дугуйланд элсэж хувьсгалын үзэл санаанд бүрэн автаж Санк-Петербургийн ажилчид дунд суртал ухуулга хийдэг байжээ. Николай Чарушин 1874 оны 1 дүгээр сарын 5-нд анх улс төрийн хэргээр баривчлагдаж “Литов”-ын шорон дараа нь алдарт “Петропавловын цайз”-д 4 жил хоригдсон байна. Николай Аполлонович Чарушин 1878 онд урьдчилан хорих байрны "Сүм"-д гимназид хамт сурч байсан найз Владимир Кувшинскийгийн охин дүү улс төрийн үзэл санаа нэгт Анна Дмитриевна Кувшинская-д сэтгэл алдарч (1851-1909) гэрлэсэн. Удалгүй эргээд 1878 оны 5 дугаар сард “193”-ын буюу “хувьсгалд уриалах” хэргээр Санкт-Петербургийн шүүхээс 9 жилийн цөллөгдөх ял авчээ. Сибирь рүү цөллөгөнд явахад нь гэргий Анна Дмитриевна Чарушина дагаж явсан байдаг. Эрхүүгийн шорон руу хүргүүлэх замдаа хүнд өвчилж ухаангүй очсон гэдэг юм. Тэндээ хэсэг эмчлүүлээд “Доод Кара-гийн шорон”-д /Кара буюу “Хар” болон Шилка голуудын бэлчир дээрх/ хувиарлагдсан байна. 1880 онд Николай, Анна хоёр охинтой болсон бөгөөд 1881 онд түүний ялыг нь хөнгөлж Ар Байгалийн аль нэг хотод суурьших бөгөөд өөрийн сонирхож буй ажлаа хийж болох шийдвэр гарч 1882 онд Нерчинкс хотод эхнэр, охины хамт шилжиж тэндээ хүүхдүүдэд гэрэл зураг авахыг зааж өгч байжээ.

1886 онд гэр бүлийн хамт Троицкославск буюу өнөөгийн Монгол, Оросын хилийн боомтын Хиагт хотод шилжин суурьшаад гэрэл зургийн студи ажлуулсан байна. Хиагт хотод цөллөгөнд байсан бусад нөхдийн хамт Номын сан, “Оросын газар зүйн Нийгэмлэг”-ийн салбар Этнографийн /угсаатан зүйн/ музей нээгээд 9 жилийн нүүр үзжээ. Тэр үеэр оросын алдарт аялагч, угсаатан судлаач Г.Н.Потанин Монголд хийсэн 3 дахь экспедиц буюу судалгааны аялалын багтаа 6 долоо хоногийн хугацаатайгаар Н.Чарушиныг гэрэл зурагчнаар авч явах зөвшөөрөл хөөцөлдөж олж авч чадсан байдаг. Улмаар тэр энэ судалгааны аялалд багтаж 1888 онд Өргөө орж Монголын нийслэл, монгол хүмүүсийн олон арван гэрэл зураг авч үлдээсэн гавьяатай.

Оросын тэр үеийн эрх баригчид 1895 оны 8 дугаар сард төрсөн Вятск хот руугаа явах зөвшөөрөл олгож нутагтаа даатгалын ажилтан хийж ам залгуулж байжээ. Н.Чарушин 1905 онд улс төрийн амьдрал руу эргэн орж бусад нөхдийн хамт “Вятск хотын Ардчилсан Холбоо” байгуулаад гэргий Чарушина Анна Дмитриевнагийн хамт 1905-1907 онуудад «Вятская жизнь», «Вятский край», «Вятская речь» зэрэг сонингууд хэвлүүлэн гаргаж байжээ. Орос улсад болсон 1917 оны Октябрын эргэлтийн дараа “большевикууд”-ын засаглалыг хүлээн зөвшөөрөөгүй тусгаар Бүгд найрамдах улс байгуулах тухай тунхагласан Мужийн Дээд зөвлөлийн удирдлагад ороод байсан гэдгээр буруутаж хоёр ч удаа шинэ эрх баригчид баривчлан хорьж байсан байна.

Н.А.Чарушин 1922 оноос “Улс төрийн цөллөгдөстийн нийгэмлэг”-ийн гишүүн, А.И.Герцены нэрэмжит “Вятскийн эрдэм шинжилгээний номын сан”-гийн салбарын эрхлэгч хийж “О далёком прошлом” зэрэг хэд хэдэн ном бичиж үлдээжээ. Тэрээр 85 насандаа 1937 оны 3 дугаар сарын 6-нд Киров /хуучин Вятка/ хотод нас барсан байна.