Накасонэ Ясүхиро
Накасонэ Ясүхиро (япон. 中曽根 康弘 Накасонэ Ясухиро, 1918 оны 5-р сарын 27 -нд Японы Такасаки хотод төрсөн—2019 оны 11-р сарын 29-нд Токио хотод нас барсан) — Японы улс төрийн зүтгэлтэн. 1982 оны 11-р сарын 27-ноос 1987 оны 11-р сарын 6-ны хооронд Японы Ерөнхий сайд байсан.
Намтар
засварлах1941 онд Токиогийн их сургуулийн хуулийн ангийг төгсөөд Дотоод хэргийн яаманд ажилд оржээ. Дайны үед тэрээр тэнгисийн цэргийн хүчинд сайн дураараа элсэж Тайваньд алба хааж байжээ.
1947 онд анх Ардчилсан намаас парламентад сонгогдсон. Тэрээр энэ үед үндсэрхэг үзэл бодлоороо ялгарч байсан бөгөөд 1951 онд тэрээр Япон-Америкийн аюулгүй байдлын гэрээг Японы бүрэн эрхэд халдсан гэж үзэн санал өгөхөөс татгалзаж байжээ.
Японы Либерал ардчилсан нам (ЛАН) байгуулагдсан цагаас нь гишүүн болсон. 1959 онд анх Засгийн газарт Шинжлэх ухаан техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Улмаар Засгийн газарт Үндэсний Батлан хамгаалахын газрын дарга, Зам тээврийн сайд, Захиргааны газрын дарга зэрэг албыг хашиж байсан. ЛАН-д тэрээр Коногийн фракцид харьяалагдаж, дараа нь энэ фракцыг тэргүүлж, намын удирдагчдын нэг - Ерөнхий хэргийн зөвлөлийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
1982-1987 онд - ЛАН-ын дарга, Японы Ерөнхий сайд байсан. Накасонэ бол "дайны дараах улс төрийн эцсийн дүгнэлт хийнэ" гэсэн уриан дор сонгуулийн кампанит ажил явуулсан, улс төрийн өвөрмөц хэв маягтай, уламжлалт бус улс төрч юм. Японд неоконсерватив давалгаа эхэлсэн, төрийн өмчит компаниудын хувьчлал, засаг захиргаа, санхүүгийн шинэчлэл, мөн Японы үндсэрхэг үзлийг сэргээх хүчин чармайлттай түүний нэр холбоотой юм.
1989 онд "Рикруто" компанийн санхүүгийн луйврын хэрэгт холбогдсон гэж буруутгагдаж байсан тул ЛАН-аас албан ёсоор гарсан боловч түүний бодлогод үргэлжлүүлэн нөлөөлж байсан (1991 оны 4-р сард тэрээр ЛАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн). "Бүх дэлхийн энхтайван" судалгааны хүрээлэн байгуулсан.
Тэрээр зуу гаруй насалж 2019 оны 11-р сарын 29-нд нас баржээ.
Гэр бүл
засварлахЯсухиро Накасонэгийн хүү Хирофуми Накасонэ нь Таро Асогийн анхны засгийн газарт Кейзо Обучигийн танхимд Боловсролын сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд мөн парламентын гишүүн юм.