Обүчи Кэйзо
Обүчи Кэйзо (япон. 小渕恵三, 1937 оны 6-р сарын 25-нд төрсөн—2000 оны 5-р сарын 14-нд нас барсан)—Японы төрийн зүтгэлтэн, Японы парламентын доод танхимд 12 удаа сонгогдож байсан гишүүн. 1998 оны 7-р сарын 30-наас 2000 оны 4-р сарын 5-ны хооронд Японы Ерөнхий сайдын албыг хашсан.
Обүчи Токиогийн ойролцоох Наканожо хотод сүлжмэлийн үйлдвэр эзэмшдэг улстөрчийн гэр бүлд төржээ. Тэрээр 13 настайдаа Токиогийн хувийн дунд сургуульд суралцаад, 1958 онд Васэда Их сургуульд элсэн орж, зохиолч болохоор шийдэж Английн уран зохиолын түүхийг судалж эхэлжээ. Мөн оны 5-р сард түүний эцэг Кохэй Обүчи есөн жил хүчин зүтгэсний эцэст Төлөөлөгчдийн танхимын гишүүний суудал эргүүлэн авсан ч гурван сарын дараа гэнэт нас баржээ. Үүний дараа оюутан Кэйзо Обучи эцгийнхээ үйл ажлыг үргэлжлүүлж, улс төрч болохоор шийджээ. Ирээдүйн карьерынхаа төлөө тэрээр Японы олон залуу улстөрчдөд замыг нээж өгсөн "Юбенкай" клубт элссэн байна.
1963 оны 11-р сард 26 настай Обүчи Кэйзо Либерал Ардчилсан намаас Японы парламентад сонгогдож, Японы парламентын хамгийн залуу гишүүн болжээ. Тэр цагаас хойш тэрээр Гумма мужаас Төлөөлөгчдийн танхимын сонгуульд хэзээ ч ялагдаж байгаагүй байна. 1970 онд Обүчи шуудан, харилцаа холбооны яамны дэд сайдаар томилогдсон. Дараа нь парламентын гишүүнээр давхар ажилласан. Барилгын сайд, Ерөнхий сайдын Тамгын газрын дэд дарга зэрэг албан тушаалтай байсан.
1991 онд Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, 1994 онд намын дэд даргаар ажиллажээ. 1997 онд Ерөнхий сайд Хашимото Рюүтаро түүнийг Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилсон бөгөөд Обүчи Курилын арлуудын өмчлөлийн асуудлаар Оростой хэлэлцээ хийж, Солонгосыг нэгтгэх хэлэлцээрт оролцож байжээ.
1998 оны 7-р сард Хашимото огцорсны дараа тэрээр ЛАН-ын дарга болж парламентын доод танхимын шийдвэрээр Ерөнхий сайд болсон. Обүчи Кэйзо шинэ албан тушаалдаа Оростой энхийн гэрээ байгуулах, Японы эдийн засгийг сэргээх гэсэн хоёр асуудалд анхаарлаа хандуулав. 1999 оны 9-р сард ЛАН-ын даргаар улиран сонгогдож, улмаар Ерөнхий сайдын албан тушаалаа сунгасан байна.
2000 оны 4-р сарын эхээр Обучи хүнд байдлаар цус харваж, Токиогийн Жунтендо эмнэлэгт хүргэгджээ. Тэр оройдоо ухаан алджээ. Эмч нар бүх оролдлого хийсэн ч түүнийг ухаангүй байдлаас нь гаргаж чадсаагүй ажээ. Кейзо Обүчи 2000 оны 5-р сарын 14-нд таалал төгссөн байна.