Мөнххайрханы соёл

Мөнххайрханы соёл нь Монгол Алтайн ноёлох оргилуудын нэгийн нэрээр нэрлэгдсэн хүрлийн эхэн үеийн оршуулгын өвөрмөц дурсгал юм.

Мөнххайрханы соёлыг Монгол-Оросын хамтарсан “Төв Азийн археологи” төслийн шинжилгээний анги анх Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Алтайн ноён оргил Мөнххайрханы хормойд орших Улаан говийн үзүүр гэдэг газар 2003 онд илрүүлэн олж, малтан шинжилсэн байна.[1]

Тархалт

засварлах

“Мөнххайрханы соёл”-ын дурсгал өнөөгийн байдлаар манай улсын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын нутгийг хамарч тархаж байсан нь тодорхой болжээ.[2]

Соёлын онцлог

засварлах

Булш, оршуулга

засварлах

“Мөнххайрханы соёл”-д хамаарах дурсгалын байршил зүйн онцлог нь гол дагасан хөндийн дэнж дэвсэг газар, уул, толгодын нар ээсэн энгэр газруудад байрлана. Энэ соёлын дурсгал оршуулга, тахилгын байгууламж гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Эдгээр нь нэг дор зэрэгцэн оршихоос гадна тус тусдаа байх явдал ч бий. Булш нь тэг дугуй, тэгш дөрвөлжин гэсэн 2 үндсэн хэлбэртэй. Булшны дараас чулууг зөвхөн нэг үе хавтгайлан өрж тавьдаг учраас бусад булш, хиргисүүрийн адил овойж харагддаггүй, дараас чулууд тэгш тэвхгэр харагддаг. Дугуй хэлбэрийн булшны хэмжээ 3-40 м хүртэл голчтой байна. Тэгш дөрвөлжин хэлбэртэй нь дунджаар 3х3 м, 6х6 м, 8х4 м зэрэг олон янз. Тахилын байгууламжууд нь том, жижиг харилцан адилгүй хэмжээтэй тохиолдоно. Булшны дараас чулуудын төв хэсэгт зууван дугуй хэлбэртэй оршуулгын нүхтэй болох нь тодорхой мэдэгддэг. Булшны том жижиг байхаас үл хамааран оршуулгын нүхний хэлбэр, нүхийг дүүргэсэн чулууны байдал, хэмжээ өөрчлөгдөхгүй. Оршуулгын нүхний хэмжээ нь дундажаар 0.7-1.2 м, 0.8 м гүн байдаг. Нүх нь баруун урдаас зүүн хойшоо чиглэлтэй байна. Нүхэнд хүнээ толгойг нь зүүн хойш хандуулан атийлган хурааж тавьсан байдаг. Оршуулгын дурсгалаас модон бариултай, нэг талдаа иртэй, үзүүр нь үл ялиг ээтэн махир богино хүрэл хутга, дөрвөлжлөн давтаж үзүүрлэсэн модон иштэй хүрэл зүү, ясаар хийсэн халбага, цагаан чулуун сувс, ясаар хийсэн хүзүүний зүүлт зэрэг эд өлгийн зүйлс олддог. Оршуулгад дагалдуулсан ясан халбага, хүрэл хутга, хүрэл зүү зэрэг эдлэлийг хүний хөлийн өвдөг, нуруу, бүсэлхий хавьд тавьдаг нь нийтлэг ёс заншил бололтой.

Тахилгын байгууламж

засварлах

Тахилгын байгууламж нь 3 хэлбэр байгаа нь мэдэгдэж байна. 1-р хэлбэр нь тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун өрлөг бүхий эргэн тойрон чулуун хөшөөтэй, 2-р хэлбэр нь дугуй хэлбэртэй эргэн тойрон чулуун хөшөөтэй, 3-р хэлбэр нь чулуун хөшөө босгон тавьсан байгууламж байна. Эдгээр тахилгын байгууламжид мал амьтны ясны үлдэгдэл, эд өлгийн зүйл байхгүй, магадгүй дүрсийн бэлгэдлээр тахилын зан үйлээ илэрхийлж байсан бололтой.

Радио-карбоны шинжилгээгээр “Мөнххайрханы соёл”-ын холбогдох он цаг нь НТӨ 1780-1630 онд холбогдохоор гарсан байна.

Холбоотой мэдээлэл

засварлах
  1. https://mongoltoli.mn/history/h/683
  2. https://mongoltoli.mn/history/h/683