Муслим Магомаев
Муслим Магомет оглы Магома́ев (азерб. Müslüm Məhəmməd oğlu Maqomayev; 1942 оны 8-р сарын 17-нд ЗХУ-ын Зөвлөлт Азербайжаны Баку хотод төрсөн- 2008 оны 10-р сарын 25-д ОХУ-ын Москва хотод нас барсан) -Зөвлөлтийн болон Азербайжаны эстрад, дуурийн (баритон) дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч, ЗХУ-ын Ардын жүжигчин (1973), Зөвлөлт Азербайжаны Ардын жүжигчин (1971).
Намтар
засварлахМуслим Магомаев 1942 оны 8-р сарын 17-нд Баку хотод төрсөн. Түүний эцэг, театрын зураач Магомет Магомаев Дэлхийн хоёрдугаар дайны фронтод нас барсан, эх нь драмын жүжигчин, түрк гаралтай Айшет Магомаева (тайзны нэр Кинжалова).
Эцгийн эцэг нь Абдул-Муслим Магомаев, Азербайжаны хөгжмийн зохиолч, Азербайжаны сонгодог хөгжмийг үндэслэгчдийн нэг юм.
Түүний анхны тоглолт Баку хотын Далайчдын соёлын ордонд болсон. Хоолойгоо алдах эрсдэлтэй байсан тул гэр бүлийнхэн нь түүний тоглолтыг эсэргүүцэж байсан. Гэсэн хэдий ч тэр өөрөө хоолой нь аль хэдийн тогтон бий болсон гэж шийдсэн байна.
1961 онд тэрээр Ар Кавказын цэргийн тойргийн мэргэжлийн дуу, бүжгийн чуулгад анхны тоглолтоо хийсэн. 1962 онд "Бухенвальд дохиолол" дуугаараа Хельсинки хотод болсон Дэлхийн залуучууд, оюутны VIII наадмын шагнал хүртсэн. 1963 оны 3-р сарын 26-нд Кремлийн Конгрессын ордонд Азербайжаны урлагийн наадмын Концертод тоглосны дараа ЗХУ-д алдартай болсон.
1963 онд Азербайжаны Ахундовын нэрэмжит Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин болжээ. 1964-1965 онд Италийн Милан хотын "Ла Скала" театрт дадлага хийсэн.
1974 онд Японд болсон нэр хүндтэй Токиогийн хөгжмийн наадамд ЗХУ-ыг төлөөлөн оролцсон. 1975-1989 онд тэрээр өөрийн бүтээсэн Азербайжан улсын эстрадын симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагчаар ажиллаж, ЗХУ-д хотуудаар олон удаа аялан тоглолт хийсэн байна.
1960-1970-аад онд дуучин ЗСБНХУ-д маш их алдар нэртэй байсан: олон мянган цэнгэлдэх хүрээлэн, ЗХУ даяар эцэс төгсгөлгүй аялан тоглолтууд, телевизээр байнга гардаг байв. Түүний дуутай пянзнууд асар ихээр хэвлэгдэж байсан.
Муслим Магомаев 2008 оны 10-р сарын 25-нд 67 насандаа Москвад зүрхний титэм судасны өвчнөөр эхнэр Тамара Синявскаягийн гар дээр нас баржээ. Уран бүтээлчийн нас барсанд Орос, Азербайжан, Украин, Беларусийн төрийн зүтгэлтнүүд, дуучныг ойроос таньдаг, хамтран ажиллаж байсан олон алдартай соёл, урлагийн зүтгэлтнүүд эмгэнэл илэрхийлжээ.
2008 оны 10-р сарын 28-нд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит концертын их танхимд дуучинтай салах ёс гүйцэтгэсэн бөгөөд тэр өдөр түүний шарилыг тусгай нислэгээр Азербайжаны нийслэл Бакуд хүргэсэн байна.
2008 оны 10-р сарын 29-нд Азербайжаны Улсын Филармонид азербайжаны ард түмэн салах ёс гүйцэтгэсэн. М.Магомаевыг Баку хотод лалын шашинтнуудын ёсын дагуу хүндэтгэлийн гудамжинд өвөг эцэг Зөвлөлтийн нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Абдул-Муслим Магомаевын дэргэд оршуулжээ.