Монгуш Буян-Бадыргы
Монгуш Буян-Бадыргы (тува. Хүн Ноян Моңгуш Буян-Бадыргы Үгер-Даа; монгол. Буянбадрах, 1892 оны 4-р сарын 25-нд төрсөн —1932 оны 3-р сарын 22-нд нас барсан) — Тувагийн улс төрч, Урианхайн Хэмчиг хошууны ноён байсан. Ар Монголоос Тагнын урианхай нарыг тусгаарлахыг санаачилсан бөгөөд Оросын II Николай хаанд ивээлдээ авахыг хүссэн захидал бичсэн гэдэг.
Намтар
засварлахАр Монголын Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуунд харьяалагдаж байсан Өвөр Ширхтэн урианхайн Аянгат хэмээх газар (тува. Аянгаты, Сарыг-Бёль) адуучин Номчул Монгушийн хүү болж төрсөн. Удалгүй түүний нагац ах Хэмчиг хошууны Даа ноён Монгуш Хайдып (монгол. Монгуш Хайдав, Буурал Ноён) түүнийг хүүгээ болгон өргөж авсан байна. Өргөж авсан Хайдав бол Тувагийн улс төрийн түүхэнд нөлөөтэй хүчирхэг хүмүүсийн нэг байсан гэдэг. Түүнтэй уулзсан Европ, Оросын аялагчид түүний өндөр боловсролтой язгууртан бөгөөд удирдах өндөр чадвартай болохыг тэмдэглэж байжээ. Хайдав ноён Орос-Японы дайнд Орос ялагдсаны дараа оросуудыг нутгаасаа хөөн гаргах ажил хийж байжээ. Нөхцөл байдал дордож, Хайдав ноён Сибирийн казакууд Усинск руу хэлэлцээр хийхээр урьжээ. Тэрээр буцаж ирээд өвдөж байгаад нас баржээ. Хайдав ноён нас барахаасаа өмнө хэлснээр асуудалд бууж өгөөгүйн төлөө оросууд түүнийг хордуулсан гэдэг.
Буянбадрах багаасаа хурц ухаантай, өөртөө итгэлтэй, сайхан зантай, боломжтой үед буулт хийдэг гэдгээрээ бүсдаас ялгардаг байв. Тэр үеийн хүмүүс түүний өндөр боловсролыг тэмдэглэж байсан. Төрөлх тува хэлнээсээ гадна монгол, төвд, орос хэлээр чөлөөтэй ярьдаг байсан. Өргөж авсан Хайдав ноёноос Буянбадрах өөрийн хурц ухаан, аливаад ухаалаг хандах зан чанарыг өөртөө шингээж авчээ. Тэрээр 1908 онд өргөмөл эцгээ нас барсны дараа 16 настайдаа хошууныхаа Даа-ноён болж Тува, Орос, Монголчуудын дунд зохих эрх мэдэлтэй нэр хүндэй байсан гэдэг. Монгуш Буянбадрах нь Асгал Үржит гэж монгол лам багштай байсан.
1912 онд Шиньхайн хувьсгал, улмаар Манж Чин улсын эрх мэдэл суларсаны дараа Буянбадрах монголчуудын нэгэн адил "орос"-ын талыг баримталсан байна. Тэрээр түүний багш Урианхайн хамба лам Лувсанжамцын хамт Оросын II Николай хаанд ивээлдээ авах хүсэлт захиа гаргаж байжээ. Түүхэн баримтаар нотлогдсон энэхүү хүсэлтийг II Николайд мэдэгдэхэд 1914 оны 4-р сарын 4-нд Оросын хаан Урианхайн хязгаарыг Оросын хаант улсын хамгаалалтад авах шийдвэр гаргахыг зөвшөөрч байжээ.
Буянбадрах Тагнын урианхай улсыг үүсгэн байгуулах Их хуралдай эхлэхээс өмнө хошууны ноёдыг цуглуулж, Танну-Тува улсын бүрэн эрхт байдлыг тунхагласан Үндсэн хуулийн төслийг боловсруулжээ. Уг төслийг И.Сафьяновын (Эккендея) төслийн хамт их хурлаар хэлэлцүүлэхээр санал болгож, зөвшөөрчээ. Буянбадрах 1924 онд болсон Тува, ЗСБНХУ, БНМАУ-ын төлөөлөгчдийн гурван талын бага хурлыг даргалж, хурлыг амжилттай болоход ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Хурлын үр дүнд Зөвлөлт Холбоот Улс (1924 онд), Монгол Улс (1926 онд) Тува улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Буянбадрахыг 1929 онд баривчлан шоронд хорьжээ. 1932 оны 3-р сард болсон БНТАУ-ын ТАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурал дээр Монгуш Буян-Бадыргийг бусадтай хамт 1924 онд феодалуудыг буудаж "хувьсгалын эсэргүү дээрэмчин", бослогод оролцсон "хар, шар"-ын хэрэг зэрэгт буруутгасан байна. Түүний хамт Ерөнхий сайд асан Куулар Дондукыг мөн буудан хороожээ.
1994 онд Монгуш Буянбадрахыг (2007 онд бүрэн цагаатгасан) цагаатгасан байна.
2014 онд түүний 100 насны ойг тохиолдуулан Кызыл хотод Монгуш Буянбадрахад зориулсан хөшөө босгосон байна.