Цагаагчин гахай жилийн хувьсгал

(Шиньхайн хувьсгал-с чиглүүлэгдэв)

1911 оны 11 дүгээр сард Бээжингийн хааны ордонд үймээн болж Манжуур руу зугтах оролдлого гарч эхэлжээ. Зарим сурвалжид 250 мянган манж хүн Манжуур руу зугтсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ эгзэгтэй үед буюу 1911 оны 11 дүгээр сарын 2-нд Чин гүрэн Юань Шикайд Ерөнхий сайдын суудлыг санал болгосон юм. Юань Шикайг Их Британи болон АНУ шууд дэмжиж байсан. Дэлхийн их гүрнүүд Чин гүрнийг унагахад Юань Шикайг ашиглахыг хичээж байсан юм. Юань Шикай эхлээд армиа “шинэчилж”, манж цэргийн дарга нарыг хөөж оронд нь Дуань цижуй, Фэн гожан, Сюй шичан нарын хятад генералуудаа дэвшүүлэн томилов. Эдгээр хүмүүс хожим Хятадын төрийн том албанд очсон билээ.

Цагаагчин гахай жилийн хувьсгал

Ингэж баттай болгож авсныхаа дараа 1911 оны 11 дүгээр сарын 16-нд Юань шикай засгийн газраа бүрдүүлж, Бүгд Найрамдах засаг тунхагласан Өмнөдөд хамтран ажиллах санал тавив. Ингэж Юань Шикай манжуудыг хувьсгалчдаар айлгаж, харин хувьсгалчдыг манж нартай хийх хэлэлцээрээр сүрдүүлсэн нь түүнийг хамгийн “мундаг” болгосон юм. Улс гүрэн нурахад… 1911 оны сүүлчээр олон мужид бослого гарав. 11 дүгээр сарын 22-нд Сычуань, Наньянд бослого гарав. Ингээд 11 дүгээр сарын 27-нд Сычуань муж “энх тайвнаар” тусгаар тогтнолоо зарлав. Учир нь Чингийн амбан сайд болон Зөвлөлдөх Хороо гэдэг байгууллага Сычуаныг Бээжингээс тусгаарлах талаар өмнө нь ярилцаж тохирсон юм. Гэтэл үүний дараахан зарласан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс Хятадын бүх хүчин нэгэн дуугаар татгалзсаныг сайтар нягтлан судлах ёстой гэж санана. Үүнтэй нэгэн зэрэг шахам Түвд тусгаар тогтнолоо зарлав. Энэ үед Өмнөдөд Сун Ятсений бүгд найрамдах засаг, Умардад Манжийн хаан бүхий хаант засаг зэрэгцэн орших болжээ. Юань Шикай өмнө зүгт Уханийн чиглэлд богино хугацааны давшилт хийж өмнөдийн “үймээн”, “самууныг” дарав. Цэргийн энэ давшилтыг Бэйяны арми хийж мөнөөх Дуань цижуй командалсан бөгөөд энэ генерал хожим Ерөнхий сайд болж Монгол руу дайрах шийдвэрийг бас л гаргасан билээ. Гэхдээ 1911 оны 11 дүгээр сарын 27-нд довтолгоогоо гэнэт зогсоов.

Яагаад гэвэл Өмнөдийг бүрмөсөн устгачихаж болохгүй байсан юм. Одоо тэр хувьсгалчдаар манжуудыг айлгаж засгийн эрхийг булааж эхлэв. Тэрээр түр Ерөнхийлөгч болох болзол тулгахаас гадна Ерөнхийлөгч болох талаар гаднын улсуудын саналыг тандаж байлаа. Юань Шикай Чингийн ордны эрх мэдлийг Пу-И-гийн авга эгч бэлэвсэн хатан Лунъюй-д шилжүүлэв. Эзэн хааны болон манжийн язгууртнуудыг Бэйяны армид ихээхэн хөрөнгө хандивладаг болгов. Хойт мужуудын цэргийн болон захиргааны албан тушаалд зөвхөн өөрийн талын хүмүүсийг томилов. Энэ бүхний дүнд Чин гүрний дээдэс аливаа нөлөөллөө алдсан ба Юань шикай дурын үедээ Чин гүрнийг унагаж болох болов. Ингэсний дараа 1911 оны 12 дугаар сарын 18-нд Юань шикай Өмнөдтэй хэлэлцээ хийж эхлэв. Энэ үеэр Умард үлэмж давуу талтай нь илт мэдэгдсэн юм. Яагаад гэвэл Өмнөдөд 14 “засгийн газар”, хэдэн арван улс төрийн байгууллага ажиллаж байжээ. Арай дэндүү хэтэрхий “ардчилсан” байсан аж. Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Нанкины конференци дийлэнхи олонхын саналаар Юань Шикайг Хятадын түр Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Энэ л түүнд хэрэгтэй байв. Яг энэ өдөр Монголчууд хаант Оросын идэвхитэй дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарласан ба мөн тэдний дэмжлэгээр түүнийгээ хамгаалж чадсан юм. Дотоод, гадаад олон хүчин зүйл нийлж байж “хувьсгалын тохироо” бүрддэг гэдгийг монголын сүүлийн үеийн түүхчид “мартаад” их удаж байна. Энд би хаант Оросын засгийн газар “сайхан санааны” үүднээс тусалсан гэж огт хэлээгүйгээ онцлон тэмдэглэж байна. Гэхдээ л монголчууд Хаант Оросоос мөнгө, цэрэг, зэвсэг, улс төр, дипломатын тусламж авч тусгаар тогтнолоо олсон нь хөдөлшгүй түүхэн баримт юм. Хэдий Хаант Орос улс энэ бүс нутгийг анхаарч байсан боловч Монголын тусгаар тогтнолыг шууд дэмжсэн гэвэл эндүүрэл болно. Учир нь тэд анхнаасаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөгүй бөгөөд тэдний хувьд Хятадтай шууд мөргөлдөөнд хүрэхгүй байх нь Монголын тусгаар тогтнолоос илүү чухал байсан юм. Харин Монголчууд нэгэнт тусгаар тогтнолоо зарласан хойно дэмжлэг үзүүлсэн явдал нь гэнэтийн явдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх зорилготой байлаа. Энэ үед Юань Шикай Өмнөдтэй хийх хэлэлцээрийг таслаж, Үндсэн Хуульт хаант засагт үнэнч байхаа илэрхийлэв. Ингээд бүр хожим 1912 оны 1 дүгээр сарын 30-нд Юань шикайн заавраар бэлэвсэн хатан Лунъюй Пу Их-гийн нэрийн өмнөөс засгийн эрх мэдлийг ард түмэнд дамжуулж байгаа болон үндсэн хуульт бүгд найрамдах засгийн хэлбэрийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. 1912 оны 2 дугаар сарын 5-нд Түр Сенат Чин гүрнийг халах нөхцлийн тухай хуулийн төслийг батлав. 1912 оны 2 дугаар сарын 12-нд Манжийн сүүлчийн эзэн хаан Пу И хаан ширээнээсээ огцров. Үүнээс хоёр өдрийн дараа Нанкины бага хурал болж Сун ятсенийг огцруулж, маргааш нь Юань шикайг Бүгд Найрамдах Хятад Улсын түр Ерөнхийлөгчөөр сонгов. Ингэж 266 жил тогтсон Манж Чин гүрэн нуран унав.