Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын газар

Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын газар - Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад албан ёсоор болон албан бусаар айлчилж байгаа гадаад орны төрийн хамгаалалтанд байдаг төр, засгийн газрын тэргүүн, дээд, өндөр хэмжээний зочид, төрийн яамд болон хамгаалуулагчийн байрлаж байгаа барилга, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагыг таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлдэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага юм.

Монгол Улсын төрийн хамгаалалтын байгууллага нь Хүннү гүрний үеэс үүсч, Их Монгол Улсын үед хүчирхэгжин бэхжиж ирсэн дэлхийн эртний түүхтэй хамгаалалтын албадын нэг бөгөөд түүхт хишигтэн цэргийн зүй ёсны залгамжлагч юм.

1204 оны хавар Чингис Хаан Наймантай байлдахаар мордохын өмнө цэргээ аравтын тогтолцоонд оруулж, уламжлалт турхаг цэрэгт үндэслэсэн хишигтэн цэргийг байгуулж мянгат, зуут, аравтын захирагчид, урт дурын /чөлөөт/ иргэдийн хөвүүд дүү нараас сонгон авч 80 хэвтүүл, 70 торгууд томилов.

Мөн 1000 шилдэг баатрыг сонгон авч “Хатгалдах өдөр өмнө минь байж хатгалдтугай. Олон өдөр /тайван цаг/ турхаг хишигтэн минь болтугай” хэмээгээд Архай Хасарт захируулжээ. 70 торгуудыг Өэлэн-Чэрби ахалж Худус-Халчинтай зөвлөж яв гэв. Хочин, турхаг, хэвтүүл, баарч, үүдэч, агтач нарын үүргийг нарийн хуваарилж цааз болгож байсан түүхтэй.

Ардын хувьсгал ялсан 1921 онд бүх цэргийн командлагч Д.Сүхбаатар, засгийн газрын байрыг хамгаалах болсон бөгөөд энэ ажилд Зөвлөлтийн улаан цэргээс халимаг үндэстнүүдийг сонгон авч тэднийг хамгаалалт, монгол цэргүүдийг сургахад ашиглаж байсан түүхтэй.

Шинэ үеийн Төрийн тусгай хамгаалалтын албаны эх үүсвэр 1938 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангийн амь насыг хамгаалах үүрэг бүхий ажилтнуудыг томилсноор тавигдсан.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих хүрээнд тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн актууд хүчингүй болсонтой холбогдуулан БНМАУ-ын НАХЯ-ны 3 дугаар газрыг цомхотгосон.

1995 онд Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх газрын статустайгаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг батлуулж байсан бөгөөд 2020 оны 6 сар хүртэл дээрх хуулийг дагаж мөрдөн, хамгаалуулагч нар болон төрийн тусгай хамгаалалтад байх зүйлсийн хамгаалалт, үйлчилгээг иж бүрэн явуулж ирсэн байна.

2020 оны 5-р сарын 14-ний өдөр Монгол Улсын УИХ-аас Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсныг үндэслэн Засгийн газар 2020 оны 6-р сарын 12-ны өдөр “Агентлаг байгуулах тухай” 218 дугаар тогтоол гаргаж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулсан.

Эдгээр эрх зүйн шинэчлэлийн үр дүнд ТТХГ нь Засгийн газрын тохируулагч агентлаг болж өөрчлөн байгуулагдах, үйл ажиллагаагаа тагнуулын байгууллагаас хараат бусаар, бие дааж явуулах эрх зүйн үндэс бүрдсэн.

Үе үеийн удирдлага

засварлах
  1. Хурандаа Жамбалын Намжил (1938-1947, 1950)
  2. Хурандаа Жамсрангийн Самбууням (1947-1949, 1952-1953)
  3. Хурандаа Санжаагийн Банзрагч (1950-1952)
  4. Хурандаа Пүлжингийн Дашдаваа (1953-1960)
  5. Хурандаа Гонингийн Сэрээнэн (1960-1961)
  6. Хошууч генерал Дамдинцэрэнгийн Батаа (1961-1966)
  7. Хурандаа Өлзийбаярын Сүх-Очир (1966-1969)
  8. Хошууч генерал Билэгтийн Банзрагч (1969-1982)
  9. Дэслэгч генерал Чимэдийн Сангишарав (1982-1984)
  10. Хошууч генрал Шагдарын Нацагдорж (1984-1990)
  11. Хурандаа Бямбажавын Цагаанхүү (1990-1990)
  12. Хурандаа Гарьдын Базарсад (1991-1994)
  13. Хурандаа Доржийн Бадарч (1994-1996)
  14. Хурандаа Ядамсүрэнгийн Батсуурь (1996-1997)
  15. Хурандаа Очирын Баяраа (1997-1999)
  16. Хурандаа Гомбодоогийн Жаргалсайхан (1999-2001)
  17. Хошууч генерал Доржготовын Чимэд-Юндэн (2001-2005)
  18. Хурандаа Цогоогийн Уугангэрэл (2005-2008)
  19. Хурандаа Лодонгаваагийн Батзориг (2008-2012)
  20. Хурандаа Батхуягийн Батсайхан (2014-2016)
  21. Хурандаа Жавхлантын Наранбаатар (2013-2014)
  22. Хурандаа Шагдаржавын Болорсүх (2012-2013, 2016-2017)
  23. Бригадын генерал Пүрэвжавын Батаа (2017-2021)
  24. Бригадын генерал Л.Алтангэрэл ( )

ТТХГ-ын албан ёсны цахим хуудас: https://sspa.gov.mn/mn