Монгол-Оросын харилцаа
Монгол, Оросын харилцаа - Монгол Улс, Оросын Холбооны Улстай Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болжээ. Шинэ түүхэнд Монгол Улсын анхны дипломат харилцаа тогтоосон орон болсоноороо онцлогтой. Монгол Улсын Хоёр улс 1922 онд Төлөөлөгчийн газраа Улаанбаатар, Москвад тус тус харилцан нээсэн байна.
Монгол |
Орос |
---|
Найрсаг харилцаа
засварлахСүүлийн жилүүдэд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, эрдэс баялаг, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэндийн салбаруудад идэвхитэй хөгжиж ирсэн бөгөөд өндөр, дээд түвшний айлчлал тогтмол хэрэгжсэн байна.
Хоёр улс 2009 оноос Стратегийн түншлэлийг хөгжүүлж эхэлснээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоожээ.
Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 5 дугаар сард оросын "Эх орны дайнд" ялсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын 70 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаалд анх удаа монгол цэргүүд оролцсон байна.
Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 2014 оны 12 сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрч, Монголын импорт 1,5 тэрбум ам.доллар, экспорт 61,6 сая ам.доллар болсон. 1990-2014 оны хооронд Монгол Улсад ОХУ-аас нийтдээ 297 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь дээрх хугацаанд Монгол Улсын эдийн засагт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын дөнгөж 2,1% нь болж байна.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүд, хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, эрх зүйн орчинг нь сайжруулах талаар хоёр тал яриа хэлэлцээ явуулж, энэ чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2000-2014 онд ОХУ-ын их, дээд сургуульд гурван мянга орчим Монгол Улсын иргэд Оросын Засгийн газрын зардлаар суралцжээ.
“Иргэд харилцан визгүй зорчих тухай тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Хэлэлцээр”-ийн манай хоёр дагуу нэг улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй болоод байна. Визгүй болсон анхны жил буюу 2014 оны 12 сарын 1-нээс 2015 оны 12 сарын 1-ны хооронд давхардсан тоогоор монголын 500 мянга орчим иргэд ОХУ-д төрөл бүрийн зорилгоор зорчжээ.
2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр орны найрамдал, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хугацаагүй Хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ тухай хоёр улсын удирдагчдын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн.Уулзалт, хэлэлцээний үеэр ярилцсан зүйлээ Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглалдаа тусгасан.
Хоёр улсын хооронд байгуулсан үндсэн Гэрээ, Хэлэлцээрүүд:
засварлах- 1912 оны 11 дүгээр сард Монгол-Оросын Гэрээ байгуулсан. Богд хааны Засгийн газрын тэргүүн Сайн ноён хан Намнансүрэн, Дотоод явдлын яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж, Сангийн явдлын яамны тэргүүн сайд Түшээт ван Чагдаржав, Цэргийн явдлын яамны тэргүүн сайд Жүн ван Гомбосүрэн, Шүүх явдлын яамны тэргүүн сайд жүн ван Намсрай нартай Оросын талаас И.Я.Коростовец, Шишмарёв нар хэлэлцээ хийсэн байна.
- 1914 онд Орос-Монголын хоорондын нууцаар байгуулсан дөрвөн зүйлийн Гэрээг (мөнгө зээлүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээ байгуулах) Хаант Оросын консул Миллер, Дотоод яамны тэргүүн сайд Дашзэвэг, Сангийн яамны тэргүүн сайд Чин ван Чагдаржав, Гадаад яамны дэд сайд гүн Цэрэндорж нар хэлэлцэн тогтоосон.
- 1915 оны 5 дугаар сарын 25-нд Хиагт хотод Монгол, Орос, хятадын төлөөлөгчид "Хиагтын гэрээ" байгуулсан.
- 1921 оны 11 дүгээр сарын 5-нд Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн газар хоорондын найрсаг харилцааны тухай Гэрээ байгуулсан. ( Бүтэн нэр нь:-“Монгол, Оросын хоорондохи найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн Газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн Газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”).
- 1923 оны 6 дугаар сард Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд Худалдааны анхны Хэлэлцээр байгуулсан.
- 1929 оны 6 дугаар сарын 28-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондын харилцааны үндсэн зүйлүүдийг батлан тогтоосон Гэрээ бичиг.
- 1936 оны 3 дугаар сарын 12-нд Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах Протокол (орос. Протокол Взаимпомощи между Союзом Советских Социалистических Республик и Монгольской Народной Республикой) БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулагдсан Гэрээ. Улаанбаатар хотод БНМАУ-ын Бага хурлын дарга А.Амар, Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд П.Гэндэн, ЗХУ-аас Монголд суугаа бүрэн эрхт төлөөлөгч В.Х.Таиров нр гарын үсэг зуржээ.
- 1966 оны 1 дүгээр сарын 15-нд "Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондын найрамдал хамтын ажиллагааны болон харилцан туслалцах Гэрээ" Улаанбаатар хотод байгуулсан. Ю.Цэдэнбал, Л.Брежнев нар гарын үсэг зурсан.
- 1971-1975 онд ЗСБНХУ ба БНМАУ-ын хооронд бараа ханган нийлүүлэх тухай гэрээ.
- 1976 оны 10 дугаар сарын 19-нд Зөвлөлт-Монголын хил хязгаарыг тогтоох комиссын ажлын үр дүнд ЗХУ, Монгол Улсын хоорондох хилийн зурвасын тухай Гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1993 оны 1 дүгээр сарын 20-нд "Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ" байгуулсан. Москва хотод Ерөнхийлөгч П.Очирбат, Б.Ельцин нар гарын үсэг зурсан.
- 2000 оны 11 дүгээр сарын 14-нд Ерөнхийлөгч Н.Багабанди, В.Путин нар “Улаанбаатарын Тунхаглал” гаргасан.
- 2003 оны 7 дугаар сарын 1-нд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Москва хотноо гарын үсэг зурсан байна.
- 2009 оны 8 дугаар сард Монгол Улс, ОХУ-ын хооронд “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал” байгуулсан.
- 2014 оны 9 дүгээр сарын 3-нд “Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” байгуулжээ.
- 2019 онд Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Гэрээ /хугацаагүй/ байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар гарын үсэг зурсан.