Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим

Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим (Этические принципы монгольских журналистов. Ethical principles of Mongolian journalists).

Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг тодорхойлсон энэхүү баримт бичгийг 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II их хурлаар хэлэлцэж баталжээ.

“Мэдээлэл хүртэх, үг хэлэх эрх чөлөө бол хүн төрөлхтний үндсэн эрх мөн гэдгийг дээдэлж, сэтгүүлчийн эрх үүргээс нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж Монголын сэтгүүлчид дараах ёс зүйн зарчмыг өөрсдийн мэргэжлийн хэм хэмжээ хэмээн тунхаглаж байна” гэсэн баримт бичгийн үндсэн зорилго, учир утгыг тайлбарласан оршил хэсэгтэй 10 заалттай юм.

Сэтгүүлчийн ёс зүй хэдий чинээ өндөр байна, сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд төдий чинээ өндөр байдаг.

Ёс зүйн зарчмын тунхаг

засварлах

Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим

засварлах

            Мэдээлэл авах, үг хэлэх эрх чөлөө бол хүний үндсэн эрх гэдгийг дээдэлж, сэтгүүлчийн эрх үүргээс нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж, Монголын Сэтгүүлчид дараах ёс зүйн зарчмыг өөрсдийн мэргэжлийн хэм хэмжээ хэмээн тунхаглаж байна.

Нэг. Олон түмний үнэнийг мэдэх эрх ашигт ямагт захирагдана.

Хоёр. Мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүйн төлөө ажиллана.

Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төр гутаахыг цээрлэнэ.

Өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулахаас зайлсхийнэ.

Нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хахууль авахыг ёс бус гэж үзнэ.

Баримтыг нуун дарагдуулахыг мэргэжлийн алдаа гэж үзнэ.

Гурав. Бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ.

Дөрөв. Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцална.

Тав. Бусдын бүтээлийг хулгайлах, хуулбарлахыг цээрлэнэ.

Зургаа. Шашин шүтлэг, хүйс, яс үндсээр ялган гадуурхах, гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй байна.

Долоо. Хувийн нууц, бусдын зовлон шаналлыг ойлгож хүнлэг, энэрэнгүй ёсыг ямагт сахина.

Найм. Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.

Ес. Буруу ташаа мэдээлэл гаргасан бол засаж залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ.

Арав. Монголын сэтгүүлчид мэргэжлийн нэр төрөө эрхэмлэн, энэхүү ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгохыг үүрэгтэй.

1980-аад оны үеэс манай оронд Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг боловсруулах, баталж мөрдөх ажлыг эхэлсэн.

1982 онд (МСХ-ны хорооны II бүгд хурал) анхны сэтгүүлчийн ёс зүйн баримт бичгийг боловсруулав.

1996 онд (МСХ, МЧАСЭ-ийн нэгдсэн их хурал) хоёр дахь баримт бичгийг боловсруулж баталсан.

2003 онд Монголын Чөлөөт Сонинуудын Холбоо гурав дахь баримт бичгийг боловсруулсан. Гэвч янз бүрийн шалтгааны улмаас амьдралд хэрэгжиж чадаагүй юм.

2005 онд баталсан Монголын сэтгүүлчдийн ёс зүйн энэхүү зарчим нь сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагуудын боловсруулсан дөрөв дэх баримт бичиг юм.

Чөлөөт сэтгүүл зүйн эх сурь тавигдсаны дараа нийт сэтгүүлчдийн санал бодлыг тусгаж, сэтгүүлчдийн их хурлаар хэлэлцэж баталсан анхны томоохон баримт бичиг болсноороо чухал ач холбогдолтой гэж үздэг.

Мөн үзэх

засварлах

Ёс зүй

Сэтгүүлчийн ёс зүй ба хэм хэмжээ

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Баримт нягтлах нь