Монголчууд Багдадыг эзэлсэн нь

Багдадын эзлэлт
Хамаарах нь: Монголын эзэгнэл
Хүлэгүгийн арми Багдад хотын хэрмийг бүсэлсэн байгаа нь
Хүлэгүгийн арми Багдад хотын хэрмийг бүсэлсэн байгаа нь
Огноо 1258 оны нэгдүгээр сарын 29-өөс 1258 оны хоёрдугаар сарын 10-ыг хүртэл хүртэл
Байрлал Багдад
Үр дүн Монголчуудын ялалт
Үр дагавар Багдад хотын сүйрэл, аббасидын халифатын төгсгөл
Зөрчилдөгч талууд

Их Монгол Улс
Ил Хаант Улс

Аббасидчууд

Удирдагч

Хүлэгү
Го хан
Аргун
Байжу
Буха Төмөр
Сунитай
Хэтбуха
Хөх Илгэ[1]

Халиф аль-Мустасим Биллах
Муджахедуддин
Сулайман Шах
Карасункур

Цэргийн хүч
120.000[2] — 150.000[3]
(үүний 40.000+ Монголчууд,[4] гүржийн явган цэрэг,
12.000 арменийн морьт цэрэг,[2]
1.000 хятадын үхэр буучин,[3]
ба түрэг болон перс цэргүүд)
50.000 цэрэг
Хохирол

тодорхой бус, маш бага

50.000 цэрэг,
100.000 гаран энгийн иргэд (арабын бус сурвалж бичигт)
2.000.000 энгийн иргэд (арабын сурвалж бичигт)[5]

Монголчууд Багдадыг эзэлсэн нь 1258 оны нэгдүгээр сарын 29 болсон ажээ. Монголчууд их хаан Мөнхийн үед Баруун Азид Исмайлитуудыг Хүлэгү нухчин дарснаар Аббасидын угсааны Багдадын Халифт Улс дангаараа монголчуудад өвдөг сөхрөлгүй үлджээ. Хүлэгү 1256 онд Каспи руу очин цэргээ амрааж байгаад их байлдан дагуулалтынхаа дараагийн алхамдаа орж,".. өөрийн биеэр ирж дагаар орон хүндэтгэл илэрхийлээгүй, исмайлитуудтай байлдахад туслах цэрэг гаргаагүй.." хэмээн халифыг буруутгажээ. Энэ үед Хүлэгүгийн цэргийн жанжин Бэхү ноён Азербейжанаас Хамзанд буцахдаа Багдад руу халдан довтлолгүй ирснээ "Энэ хот хүн ам цэрэг, зэр зэвсэг арвин хуримтлагдсан тул арга тактикаа сайтар боловсруулахгүй бол автахгүй" хэмээн тайлбарласан тул Хүлэгү цэргийнхээ бэлтгэлийг сайтар хангажээ.

Дайран довтлохын өмнө халифыг бууж өгөхийг уриалсан бичгийг удаа дараа өгч, өөрийн биеэр ирэх эс бөгөөс шадар сайдаа илгээхийг шаардсан боловч "Сая саяар агт морьд, аян дайнд мордох эрчүүд бэлэн. Тэд гагцхүү миний зарлигийг хүлээж байна. Өш хорслыг минь өдөөх аваас бид тэнгисийн усыг ч ширгээнэ" хэмээн бардамхан хариулж, дагаар орохоос эрс татгалзжээ. Хүлэгү цэргээ гурван хэсэгт хуваасан бөгөөд Бэх ноён, Багатөмөр болон Санжак жанжины удирдсан цэрэг Тигр мөрнийг гатлан Багдадын баруун талаас, өөрөө гол хүчээ авч Багдадын зүүн жигүүрээс довтлохоор төлөвлөжээ. Халиф монголчуудын гол хүч баруун талаас довтолно гэж таамаглан Бакуба бодон Басра хотын хооронд хуримтлуулаад байсан цэргээ авч Тигр мөрнийг гатлан Санжакийн удирдсан цөөн тооны цэрэгтэй учран байлдаж цохиод, цааш мөрдөн хөөж улмаар Бэх ноёны удирдсан гол цэрэгтэй учран ширүүн тулаан өрнүүлжээ. Энэ тулалдааны орой нь халифийн цэрэг тактикийн амжилтад хүрсэн боловч шөнө нь монголчууд голын усыг боож халифийн цэргийн хуаранг ар талаас нь усанд автуулж шахамдуулан дайрснаар ялав.

Энэ тулаанаар халифын цэргийн гол жанжид амь үрэгдэн, 12 мянган цэрэг усанд үйж үхэн, үлдсэн цэрэг нь Шам /одоогийн Сири, Иордон/, Аль-Хилла, Аль Куфа хотын зүг дутаажээ. Зөвхөн халифын сан хөмрөгийн сайд тэргүүтэй цөөн бүлэг хүн Багдадад эргэн иржээ. Багдад тэр үед хэдэн сая хүн амтай нүсэр том хот байсан бөгөөд Тигр мөрнөөр зааглагдан хуваагдсан зүүн, баруун хоёр гол хэсгээс бүрдэж байжээ. Зүүн хэсэгт нь халифын ордон, Засгийн Газар байрлаж байснаас гол хэсэг гэгдэж байв. Бэх ноёны цэрэг хотыг баруун талаас хаасны дараа тэндэхийн ард иргэд олноор зүүн хэсэг рүү дүрвэж түүхчийн тэмдэглэснээр "... Зүүн хэсэгт аваачсан завины эздэд алтан бугуйвч, алтаар эмжээрлэсэн хувцас, мөчгө төгрөг юу байдаг бүхнээ өгч байжээ...". Энэ үед Хүлэгү хааны бас нэгэн гарамгай жанжин Хэт Бухагийн удирдсан толгойн анги цэрэг Дерденк хотын захирагч Хусам Эддин Агагийн цэргийг сүйрүүлж, улмаар Лурстаныг булаан эзэлж урагшилснаар Хүлэгүгийн гол хүч онц хохиролгүйгээр Багдадын зүүн хэсгийг тойрон бүсэлжээ. Монголчууд Багдадыг бүслэн байрласны дараа цайзын хананы дагуу шавар хана босгож, зарим хэрмийн араар далан ухах ажлыг нэг л хоногт амжуулснаар хот гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдав.

Түүнчлэн, Багатөмөр жанжин 10 мянган цэрэгтэйгээр хот орох бүх замыг хяналтад авч, Тигр мөрний эргээр хүнд зэвсэг зоож, завинуудад хүчээ хуваарилан суулгаж, хот орчны нурсан балгасыг зөөн өндөрлөг босгон, чулуу шидэгч их буу, шатагч бодисоор цэнэглэсэн хүнд зэвсгүүдийг байрлуулж, чулуу дутмаг байснаас 3 өдөрчийн газраас зөөлгөж, далдуу модны бүдүүн их биеийг чулуу хүрэлцэхээ болих үед ашиглахаар бэлтгэв. Хүлэгү өөрсдийн болон дайсны цэргийн сэтгэлзүйд онцгой анхаарч цэргүүдийнхээ цөсийг хөөргөн, зүрх зоригийг бадрааж байсны сацуу сумны үзүүрт "Эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн хэний ч гэсэн амийг өршөөн" гэсэн бичигтэй ухуулга бэхлэн дайсны цэргийн байрлал руу харван, тагнуул туршуул илгээн халифын сөрөг талынхантай холбоо тоггоож, хагарал үүсгэн хүчийг нь сулруулах арга хэмжээ шургуу авч эхлэв. Ийнхүү бэлтгэлийг сайтар хангасны дараа 1258 оны 1 дүгээр сарын 29-с Багдадын зүүн хэсэг рүү дайралтыг эхлүүлснээр энэ хэсэгт 163 цамхаг байсны хамгийн чухал Аль Ажамын цамхаг тэргүүгэн нь 2 дугаар сарын 5 гэхэд бүхлээрээ монголчуудад эзлэгдэв.

Халифын сангийн сайд эзнээ оргон зугтахыг ятгаад дийлэлгүй өөрөө зуггахаар завдсан ч 3 усан онгоцоо эрэгт байрлуулсан хүнд зэвсэгт харвуулан живснээр гэдрэг буцжээ. Бууж өгөхөөс өөр замаар бүслэлтээс гарах аргагүй болсныг ойлгосон халиф эхлээд шадар сайдаа Багдадын христийн тэргүүн ламтай, дараа нь ойрын 9 түшмэл, шашны том зүтгэлтнүүдээ илгээгээд нэмэр болсонгүй. Эцэст нь 1258 оны 2 дугаар сарын 10-нд өөрийн биеэр 3 хүү, 3000 орчим түшмэл, бараа бологчийн хамт очин Хүлэгүд бууж өгчээ. Гэхцээ үүгээр Багдад хотын эсэргүүцэл бүрэн унасангүй хотын ард иргэд үргэлжлэн эсэргүүцсээр байлаа. Иймд Хүлэгү тэдний эсрэг хатуу арга хэмжээ авахаар шийдэв. Тухайлбал, хотын дотроос харвасан сум Хүлэгүгийн бичээч Хиндугийн нүдэнд тусаж, сохолсны өс болгож энэ хэсгийн Аль Халабагын хаалганд ирээд бууж өгч байсан олон иргэдийг бүгдийг цаазлах тушаал өгчээ.

1258 оны 2 дугаар сард монголчууд эцсийн шийдвэрлэх дайралтаа зүүн баруун хэсгээс хавсруулан хийж бүтэн хоног ширүүн тулалдсаны эцэст Багдад хотыг бүхэлд нь эзлэн улмаар 7 хоног талан дээрэмджээ.Ухуулгад автан монголчуудыг эсэргүүцэн байлдаагүй, мөн Хүлэгүгийн христ шашинт Докуз хатны нөлөөгөөр Багдадын христ шашинтнууд аюулгүй нэгэн сүмд цугларч дээрэм халдлагад өртсөнгүй үлдсэн ба амь дүйсэн зарим лал шашинтан тэдэнтэй хамт сүмд орж бүх хөрөнгөө өгч амьд үлдэхийг эрмэлзсэн ч Багдадын христчүүдийн тэргүүн Несторын гэгээн хамба зөвшөөрсөнгүй тэднийг монголчуудын сэлэмний дор орхижээ. Харин еврейчүүд мусульмануудтай мөр зэрэгцэн тулалдсаны төлөөс болж тэдэнтэй адил гай гамшгийн золиос болов.

Хэдийгээр түүхчид янз бүрийн тооцоо хийдэг ч хамгийн багаар бодоход Багдад хотод сая гаруй, ихдээ 2 сая хүн амь үрэгджээ. Халиф ордны төв хэсэгт алтаар дүүргэсэн газар доорхи зоорио монголчуудад зааж өгөхөд үнэхээр их хэмжээний алтан эдлэл гарчээ. Иймд Хүлэгү хаан халифийн өмнө алт мөнгөн эдлэл, үнэт чулуу өрж "Чи юунд энэ эрдэнэсийг надад илгээсэнгүй. Эсэргүүцэн тулах үедээ үүгээрээ цэргээ юунд зассангүй. Өөрөөсөө хүртэл харамласан энэ эрдэнэсээрээ цадталаа хоолло..." хэмээн битүү өрөөнд түгжин өлсгөж алсан байна.

Багдадыг эзэлснээр Иракт монголчуудын өөдөөс үзүүлэх бодит эсэргүүцэл үндсэндээ зогсчээ. Ялангуяа Иракийн төв хэсгийн шийтүүд элчээ илгээн монгол захирагч илгээхийг санал болгож, Хилла хотын иргэд /750 жилийн дараа монголчууд энд энхийг сахиулахаар очсон билээ/ Евфрат мөрөнд гүүр барьж монгол цэргүүдийг талархан уггав. Энэ далимыг ашиглан Хүлэгүгийн хүргэн Багатөмөр жанжин өмнөд нутгийн гүн рүү хөдөлж 1258 оны 2 дугаар сарын 23 гэхэд эсэргүүцлийн сүүлчийн голомтуудыг дарж, арай хожим Тастр, Аль Басра зэрэг зангилаа хот бусад газруудыг бүрэн эзэлжээ.

Цахим холбоос

засварлах
  1. John Masson Smith, Jr.: Mongol Manpower and Persian Population, S. 276
  2. 2.0 2.1 L. Venegoni: Hülägü’s Campaign in the West – (1256–1260), Transoxiana Webfestschrift Series I, Webfestschrift Marshak 2003.
  3. 3.0 3.1 National Geographic, v. 191 (1997)
  4. John Masson Smith, Jr.: Mongol Manpower and Persian Population, S. 271–299
  5. A. Y. Al-Hassan (Hrsg.): The different aspects of Islamic culture. Science and technology in Islam. Band 4, Dergham sarl, 2001, S. 655.