Монголчуудын Жава руу хийсэн довтолгоо

Их Монгол Улсын Их Хаан, Юань улсыг үндэслэгч Хубилай хаан, 1293 онд Жава руу 20,000[1]-30,000 цэрэгтэй томоохон флот илгээжээ. Энэ нь Сингасаригийн хаан Кертанегара Юань улсад алба өргөхөөс татгалзаж, сайд нарын нэгийг нь эрэмдэглэсний хариуг авах зорилготой байв.

Монголчуудын Жава руу хийсэн довтолгоо
Огноо 1293
Байрлал Мажапахит, Жава
Үр дагавар Мажапахитийн ялалт
Байлдагч талууд
Их Монгол Улсын Юань улс Сингасарийн хаант улс
Мажапахит династи
Удирдагчид
Хубилай хаан (дээд удирдагч)
Гаошин (генералууд)
Ши-би
Их Мэс
Жаяакатванг (дээд удирдагч)
Радэн Вижаяа (генерал, хожим удирдагч болсон)
Цэргийн хүч
20,000-30,000 цэрэг
1,000 хөлөг онгоц
100,000 гаруй цэрэг
Хохирол
3,000 гаруй алагдсан 2,000 гаруй алагдсан эсвэл живсэн

Урьдач нөхцөл

засварлах

Их Монгол Улсын удирдагч, Юань улсын эзэн хаан Хубилай олон улсад элч илгээж, тухайн улсуудыг түүний ивээлд багтаж, алба өргөхийг шаардаж байсан. Түүний нэг сайд Мэн-ши (孟琪) Жава руу очсон бөгөөд түүнийг тэнд тааламжгүй хүлээн авчээ[2]. Сингасаригийн хаан Кертанегара түүний нүүрийг хулгайч мэт халуун индүүгээр түлж, чихийг нь огтлон буцаасан аж.

Их хаан цочирдож, Кертанегараг зандалчин хэмээн цоллоод түүнээс хариугаа авах аян дайн хийх тушаалыг 1292 онд буулгав. Юань улсын түүхэнд дурьдсанаар, өмнөд Хятадын Фүжень, Жянши, Хүгүангаас 20,000-30,000 цэрэг дайчилж, 1,000 хөлөг онгоцтой, жилийн хүнстэй мордуулжээ[3]. Удирдагчид нь Монгол Ши-би, Уйгур Их Мэс, Хятад Гаошин нар байв. Юань улсын түүхэнд уг аян дайнд ямар хөлөг онгоц ашигласныг дурьдаагүй боловч Жавагийн нутаг дахь гол усанд нэвтрэх зорилготой жижиг хөлөг онгоц хэрэглэгдэж байсныг тооцвол харьцангуй том хөлөг онгоцнууд байсан нь илэрхий.

Тэр үед, 1290 онд Суматрад байсан Шривижаяаг ялсан Сингасари нь тухайн бүс нутаг дахь хамгийн хүчирхэг хаант улс болоод байв. Гэвч Сингасаригийн ивээлийн улс болох Кэдиригийн хаан Жаяакатванг засгийн эрхийг булааж, Кертанегараг алжээ. Түүний хамаатнууд, хуучин язгууртнуудын ихэнх нь түүнийг үзэн ядаж байв. Кертанегарагийн хүргэн Радэн Вижаяа Мадурагийн захирагч Аря Вираражагийн ачаар Жаяакатвангийн уучлалыг хүртжээ. Тэгээд Вижаяа Тарикийн ойд нутаг заагджээ. Тэрээр ойд өргөн уудам чөлөө гаргаж, шинэ тосгон байгуулсан байна. Тосгоныг Мажапахит гэж нэрлэх болсон бөгөөд энэ нь тэрхүү ойд ургадаг, гашуун амттай мажа жимснээс гаралтай (maja - жимс, pahit - гашуун).

Довтолгоо

засварлах

Юаний хүч Чүаньжоүгийн өмнөд боомтоос хөдөлж[4], Дай Вьет, Чампагийн эргийн дагуу аялсаар зорьсон газартаа хүрэв. Замд байх Малай, Суматрагийн жижиг улсууд тэдэнд элч илгээж, дагаар орохоо мэдэгдсэн тул Юаний удирдагчид тэнд даргач нарыг суулган үлдээжээ. Юаний хүч мөн Ко-лан буюу Бэлитунгад буудалласан баримт бий. Жавад хүрч очоод Ши-би цэргүүдээ 2 хувааж, нэгийг нь эрэг рүү илгээн, нөгөөг нь хөлөг онгоцнууддаа үлдээв. Кидунг Панжи-Вижаяакрамад тэмдэглэснээр тэд эргийн тосгон Тубаныг түйвээжээ.

Юаний арми Жавад очиход Вижаяа Жаяакатвангийн эсрэг тэмцэхийн тулд армитайгаа тэдний талд орж, Монголчуудад Калангийн орны газрын зургийг өгсөн гэдэг. Юань улсын түүхэнд дурьдсанаар Вижаяа Юаний флот очих үед Жаяакатванг руу хийсэн довтолгоо нь амжилтгүй болоод байсан тул тэднээс тусламж гуйсан аж. Юаний генералууд түүний хариуд эзэн хаандаа дагаар орохыг шаардаж, Вижаяа ч тийм амлалт өгчээ.

Тулалдааны тухай Юань улсын түүх (210-р бүлэг)-д ингэж өгүүлсэн байдаг:

…Сарын долоонд Даха цэргүүд Вижаяаг довтлон ирж, Их Мэс, Гаошин нар найманд хүрэлцэн очиж, зарим Дахачуудыг ялж, үлдсэнийг нь уул өөд дутаалгав. Арван ес дэх өдөр Монголчууд болон тэдний хамтрагчид Дахад хүрэлцэн очиж, 100,000 гаруй цэрэгтэй тулалдан, 3 удаа довтолж, 2,000 цэргийг хөнөөн, хэдэн мянган цэргийг голд үйж алав. Жаяакатванг ордон руугаа гэдрэг буцав …

Жаяакатвангийг Монголчууд сөнөөсний дараа Радэн Вижаяа холбоотнуудаа орхин Мажапахитдаа буцаж, алба өргөхдөө бэлдэх санал тавьжээ. Ши-би, Их Мэс нар Радэн Вижаяаг нутаг буцан, алба гувчуур өргөхдөө бэлтгэхийг зөвшөөрсөн бол Гаошин дургүйцэж, нөгөө хоёртоо анхааруулж байсан гэдэг. Вижаяа Юаний армийг нутагтаа зэвсэггүй морилохыг санал болгожээ.

Ийнхүү Юаний зэвсэггүй 200 цэрэг, 2 офицероор удирдуулан Радэн Вижаяагийн нутагт хүрмэгц Радэн Вижаяа өөрийн цэргүүдээ хоромхон зуурт зэвсэглэн, Юань улсын цэргүүдийг урхинд оруулан устгажээ. Ингээд Радэн Вижаяа цэргүүдээ аван Юаний гол хүрээнд гэнэтийн цохилт өгч, ихээхэн хохирол учруулан, хөлөг онгоц руугаа ухрахаас өөр аргагүй болгосон байна. Юаний хүч үймж, улмаар тэднийг нутагт нь буцаах муссон салхи үгүй болсноор дайснуудынхаа арал дээр дахин зургаан сар хүлээх хэрэг гарсан юм. Юаний арми шилдэг цэргүүдээсээ 3,000 гаруйг нь алджээ[5][4].

Урхинд орж, шилдэг цэргүүдээсээ ихээхэн хохирол амссан гурван генерал амьд үлдсэн цэргүүдийнхээ хамтаар эзэнт гүрэндээ буцаж ирэв. Ши-би 70 удаа ташуурдуулах шийтгэл хүлээж, хөрөнгийнхөө гуравны нэгийг хураалгав. Их Мэс мөн донгодуулж, хөрөнгийнхөө гуравны нэгийг хураалгасан. Харин Гаошин бүх цэргээ устгуулахаас хамгаалсан тул 50 таль алтаар шагнуулжээ. Хожим Ши-би, Их Мэс нар уучлал хүртэж, эзэн хаан тэдний нэр хүнд, эд хөрөнгийг эргүүлэн өгсөн юм[6].

Амжилтгүй төгссөн энэхүү аян дайн нь Хубилайн хаанчлалын үеийн сүүлчийн дайн байлаа. Харин Мажапахит эсрэгээрээ одоогийн Индонезийн нутагт оршиж байсан тэр үеийн хамгийн хүчирхэг улс болжээ[7].

Мөн үзэх

засварлах
  1. Weatherford, Jack (2004), Genghis khan and the making of the modern world, New York: Random House, p. 239, ISBN 0609809644.
  2. Grousset, Rene (1988), Empire of steppes, Wars in Japan, Indochina and Java, New Jersey: Rutgers University Press, p. 288, ISBN 0813513049 {{citation}}: Cite has empty unknown parameter: |lastauthoramp= (help).
  3. Вэтерфорд (2004), мөн Мэн (2007).
  4. 4.0 4.1 Sen, Tan Ta (2009), Cheng Ho and Islam in Southeast Asia, Institute of Southeast Asian Studies, p. 186, ISBN 9812308377, 9789812308375 {{citation}}: Check |isbn= value: invalid character (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  5. Юань-ши Юань улсын түүх.
  6. Man 2007, p. 281.
  7. Saunders, J. J. (2001), The history of Mongol conquests, Philadelphia: University of Pennsylvania Press, ISBN 0812217667.

Дэлгэрүүлж унших

засварлах
  • Bade, David W. (2002), Khubilai Khan and the Beautiful Princess of Tumapel: the Mongols Between History and Literature in Java, Улаанбаатар: А.Чулуунбат
  • Man, John (2007), Kublai Khan: The Mongol king who remade China, London: Bantam Books, ISBN 0553817183
  • Levathes, Louise (1994), When China Ruled the Seas, New York: Simon & Schuster, p. 54, ISBN 0671701584, The ambitious khan [Kublai Khan] also sent fleets into the South China Seas to attack Annam and Java, whose leaders both briefly acknowledged the suzerainty of the dragon throne
  • d'Ohsson, Constantin Mouradgea (2002), "Chapitre 3 Kublai Khan, Tome III", Histoire des Mongols, depuis Tchinguiz-Khan jusqu'à Timour Bey ou Tamerlan, Boston: Adamant Media, ISBN 9780543947291