Монголчуудын Вьетнам руу хийсэн довтолгоо

Хубилай хаан Дай Вьетийг 2 удаа дайлаар морджээ.

1-р удааны дайн

засварлах
 

Хубилай 1260 онд Их Хаан болсны дараа Тран династи 3 жил тутам даргач хүлээн авч, өргөл өргөдөг байсан[1][2]. Гэвч удалгүй тэдний хаан нь түүнээсээ татгалзжээ. Ийнхүү эхний аян дайн (Монголчуудын Дай Вьет рүү хийсэн 2 дахь довтолгоо) 1284 оны 12 сард хунтайж Тогооноор удирдуулан хил даван орж, Ханой хотын зүүн хойд талд байх Вань Киепт Омарын байгуулсан ялалтын дараа төд удалгүй Тан Лон (одоогийн Ханой)-г эзлэв. Тэр үед Чампа улс руу Согэту хойш хөдөлж, Нге Ан (одоогийн Вьетнамын төв-хойд бүс нутаг) руу хүрэлцэн ирэхэд Траны генерал Тран Киений удирдсан арми түүнд бууж өгөв. Гэвч Траны хаад болон дээд командлагч Тран Хун Дао тактикаа өөрчлөн, хамгаалалтаас довтолгоонд шилжиж, Монголчуудын эсрэг тэмцэж эхлэв. 4 сард генерал Тран Куан Хай Чүон Дүонд (одоогийн Ханойн хэсэг) Согэтуг буулган авч, Тай Кетэд болсон томоохон тулалдааны үеэр Согэту алагдан, Траны хаад ялалт байгуулав. Удалгүй генерал Тран Нат Дуат ч Хам Ту (одоогийн Хун Ений хэсэг)-д ялалт байгуулж, Жэнь Нань ван Тогоон генерал Тран Хун Даод ялагдсанаар Хубилай хааны Дай Вьетийг эзлэх гэсэн анхны оролдлого амжилтгүй болжээ. Тогоон, Дай Вьетийн харваачдад алуулахаас сэргийлж хүрэл хоолойд нуугдсан бөгөөд энэ үйлдэл нь Их Юань улс болон Тогооны хувьд ичгүүртэй явдал болсон билээ. Амжилтгүй оролдлогынхоо дараа Хубилай Нан Тунгийн ах, Аннамын хаан бөгөөд Монголчуудад урвасан Тран Ич Такийг илгээхээр төлөвлөсөн боловч, Юаний Хүнань дахь хангамжийн баазад асуудал гарч, дээрээс нь Хайдугийн довтолгоон болсноор төлөвлөгөөгөө цуцалжээ. 1285 онд Төвөдийн Бригун урсгалынхан бослого дэгдээж, Пагвагийн урсгалын хийдүүдийг довтолсон. Мөн Цагадайн улсын Дува хан босогчдод туслахаар ирж, Таримын сав газарт Хубилайн нэгтгэлүүдийг ялаад, Хар-хошууг бүслэв[3]. Хайду, Бешбаликт байсан цэргийн хүчийг устгаад, дараа жил нь хотыг эзэлжээ. Ихэнх уйгурууд Кашгарыг орхин, Юаний алс зүүн хэсэг дэх аюулгүй газар луу нүүж одов. Энэ бүхэн Хубилайн ач Бөхтөмөр 1291 онд 10,000 Төвөдийг хороож, Бригунгийн бослогыг дарах хүртэл үргэлжлэн, Төвөдийн байдал арай гэж намжив.

2 дахь удаагийн дайн

засварлах
 

Ийнхүү Дай Вьетэд анхаарал хандуулах боломжтой болсон Хубилай хаан 2 дахь довтолгоогоо 1287 онд, өмнөхөө бодвол том флот, хоол хүнсний арвин нөөцтэйгээр сайтар зохион байгуулалттайгаар эхлүүлэв. Тогооны удирдсан монголчууд Ван Киеп рүү (баруун хойноос) хүрч очин, Омарын явган болон морин цэргүүдтэй (Улаан голын дагуу өөр замаар очсон) нийлэн, тулалдаанд хялбар ялав. Тэнгисийн флот Ван Донд Ха Лон булангийн ойролцоо) ялалт байгуулсан ч хүнсээ ачсан ачааны том онгоцоо орхисон байсныг нь генерал Тран Хан Ду олзолжээ. Ингээд Тан Лон (одоогийн Ханой)-д байсан монголчууд хүнсний хомсдолд нэрвэгдэв. Хангамжийн талаар шинэ мэдээ ирэхгүй байсан тул Тогоон армиа Ван Киеп рүү ухраахаас өөр аргагүй боллоо. Тэр үед Дай Вьетийн арми урагш давшин, Монголчуудад эзлэгдсэн байсан олон сууринг чөлөөлжээ. Явган цэргүүд нь Ван Киеп дэх Монголчуудыг довтлох тушаал авав. Тогоон армиа хоёр хувааж, ухарсан байна. 4 сарын эхээр Хубилайн Кипчак жанжин Омараар удирдуулсан тэнгисийн цэргийн хүчин явган цэргээр дэмжүүлэн Бач Дан голд хүрч очив. Гүүр, зам устгагдаж, Дай Вьетийн цэргүүд довтолж байсны улмаас Бач Данд явган цэргийн дэмжлэггүй болжээ. Дай Вьетийн жижиг флот уг тулалдаанд оролцож, ухарч байгаа дүр үзүүлсэн байна. Монголчууд Дай Вьетийн цэргүүдийг нэхэн хөөгөөд тэдний бэлдсэн талбарт очжээ. Тэнд хүлээж байсан мянга мянган жижиг завь хоёр эргээс гарч ирэн, дайсны эгнээг задалсан. Гэнэтийн хүчтэй дайралттай тулгарсан Монголчууд далай руу ухрахыг оролдсон ч Дай Вьетчүүдийн татсан уяанд тээглэн хөлөг онгоцнууд нь гацаж, олонх нь эвдэрч сүйдэн живжээ. Тэр үед нь олон тооны галт салнууд урсан ирж мөргөж байв. Айсан Монгол цэргүүд онгоцноосоо үсэрч буун, эрэг рүү гарсан бөгөөд тэнд тэднийг Траны хаан болон Тран Хун Даогийн удирдсан арми хүлээж байлаа. Ингээд Монголын тэнгисийн флот бүрмөсөн сүйрч, Омар олзлогджээ. Тэр үед Дай Вьетийн арми Лан Соны дагуу Тогооны армийг үлдэн хөөжээ. Тогоон ширэнгэн ой дундуур дутаан нутаг буцсан аж. Гэсэн ч Дай Вьет болон Чампагийн хаант улсууд цаашид зөрчилдөөн үүсэхээс сэргийлж, Хубилайн захиргааг хүлээн зөвшөөрсөн билээ.

Мөн үзэх

засварлах