Минамото Сүмика (Япон: 源 純夏, みなもと すみか, гэрлэсний дараах овог Комацү, Япон: 小松, 1979 оны 5 сарын 2-нд төрсөн) нь Японы усанд сэлэгч, усанд сэлэлтийн дасгалжуулагч юм. Асахи телевизэд ажилладаг байв.
- Токүшима мужийн Токүшима хот, Хачиман дүүргийн уугуул. Токүшима мужийн Жоонан ахлах сургууль, Чүү-О их сургуулийн хуулийн тэнхимийг дүүргэсэн.
- 1996 оны Атлантын олимп, 2000 оны Сиднейн олимпод чөлөөт сэлэлтийн төрлөөр өрсөлдсөн.
- Атлантын олимпод 50 метрийн чөлөөт сэлэлтэд 12-р байр эзэлж, 100 метрийн чөлөөт сэлэлт, 4x100 метрийн чөлөөт буухиад урьдчилсан шатнаас хасагдсан.
- Сиднейн олимпод 50 метрийн чөлөөт сэлэлтэд 8-р байр, 100 метрийн чөлөөт сэлэлтэд 7-р байр эзэлснээс гадна 4x100 метрийн холимог буухиад Накамүра Май, Оониши Жүнко, Танака Масами нартай баг болон оролцож, хүрэл медаль хүртжээ.
- 2001 оны 9-р сард зодог тайлж, их сургуулиа төгсөхийн өмнөхөн буюу 2002 оны 2 сард гэрлэжээ. Сургуулиа төгсөөд 2002 оны 4 сараас Асахи телевизэд ажиллах болсон байна. Гэвч мөн оны 6 сард спортод эргэж ирэн, тэмцээн уралдаанд оролцох болж, улмаар 9 сард Асахи телевизээс гарч, Токүшима руугаа буцжээ[1].
- 2007 онд Токүшима мужийн усанд сэлэлтийн холбооны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
- 2010 оны 2 сарын 13-нд мөн оны зун явагдах Японы парламентийн дээд танхимын сонгуульд Токүшима мужаасаа өрсөлдөхөөр Японы Либерал Ардчилсан Намаас нэр дэвшихээр горилж буйгаа зарласан[2]. 2 сарын 25-нд Токүшима мужийн намаас түүнийг нэр дэвшигчээр тодорхойлсон боловч тус мужаас сонгогдон ажиллаж байсан гишүүн Коикэ Масакацү бие даан нэр дэвших бодолтой байгаагаа зарласны улмаас ЛАН-ын төв нь түүнийг нэр дэвшигчээр зарлахгүй байв. Байдал ийм болсон тул тэрээр 3 сарын 18-нд нэрээ татаж авснаа мэдэгджээ[3].