Лүнриг Дандар (1835-1920) нь 1820 онд хуучин Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор Вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт төрсөн, уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн лам хүн байв. Бага наснаасаа эхлэн өөрийн хошууны Тариатын хүрээний Санчүвлин хийдийн Мамба дацан Соригшампанлинд шавилан сууж анагаах ухааны ном үзэж эхлэсэн. Багш нар нь Гаачин лам ринбүчи, Ялгасан хутагт Артсэдбазар, Наран гэгээн Дэчэн Одсал, Тариатын хүрээний Мамба дацангийн ширээт Жамбацүлтэм, Тариатын хүрээний Гэсэр ламтан зэрэг олон эрдэмтэн багш нарыг шүтэж төвд хэл бичиг, яруу найраг, анагаах ухаан, бурхны шашины гүн ухаанд боловсорсны эцэст өөрийн дацангийн ширээт, Тариатын хүрээний хамба болж явсан.

Анагаах ухааны холбогдолтой нилээд хэдэн зохиол бүтээсэн нь Монголоор барахгүй Төвдөд алдаршсан байдаг. Анагаах ухааны дөрвөн үндэсийн дохионы тайлбар Ялгуулсан арүрийн үзэсгэлэнт эрхи, Нэмсэн аргын дохионы тайлбар Арүрийн эрхи, Анагаах ухааны дөрвөн үндсийн эцсийн шинжлэл, Анагаах ухааны дөрвөн үндсийн дэлгэрсэн ёсны түүх зэрэг анагаах ухааны холбогдолтой зохиолууд тууривсан. Мөн Долоон өвгөн одны тахилгын судар-ыг зохиосон байдаг. Түүний зохиолууд уншихад ойлгомжтой, товч тодорхой тайлбаруудтай байлаг тул Төвд болон Монгол анагаах ухааны оюутануудын хамгийн ойрын гарын авлага болж явдаг. Бүх зохиолуудаа Төвд хэл дээр зохиож, Тариатын хүрээний хэвлэлийн газарт барыг сийлж хэвлүүлсэн. Өвөр Монголд Дөрвөн үндэсний дохионы тайлбар нь Монгол хэлээр орчуулагдан 1981 онд Хөх хотод хэвлэгдсэнээс гадна төвд эхээрээ Өвөр Монголын Хөх хот (1981), Төвдийн өөртөө засах ороны Лхас(1992), Энэтхэгийн Дхарамсала хотод (2002)хэвлэгдсэн. Нэмсэн аргын тайлбар нь төвд эхээрээ Энэтхэгт 2 удаа (Делхи 1971, Дхарамсала 1999) хэвлэгдсэн. Анагаах ухааны түүхийг нь Төвдөч Магсар гуай орчуулан 1995 онд Улаанбаатарт хэвлүүлсэн. Дөрвөн үндэсний эцсийн шинжлэл-ээр нь Бакүла ринбүчигийн Бэтүб хийдийн Найдан эмнэлэгийн эмч Оюунбаатар 2004 онд докторын зэрэг хамгаалан орчуулсан.

1905 онд 13-р Далай лам Заяын хүрээнд морилон саатах үеэр өөрийн өглөгийн эзэн Далай Чойнхор ван Цэдэнсономын хамт очиж мөргөхдөө өөрийн зохиолуудаа толилуулахад Далай лам болон түүнтэй хамт явсан Төвдийн эрдэмтэн мэргэд магтан биширч бусад зохиолуудаа үргэлжлүүлэн бичиж дуусгахыг гуйж байжээ. Харамсалтай нь түүний зохиосон Дөрвөн үндэсийн эцсийн шинжлэл хэмээх зохиол нь 157 хуудсанаас өөр өнөө хэр бүрнээрээ олдоогүй байгаа болно. Бүх зохиолуудыг нь Далай Чойнхор ван өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэж хэвлүүлсэн.

1920-оод оны үед Их Хүрээнд салхин цэцгийн халдвар тархахад Богд гэгээний урилгаар очиж Хүрээний эмч нарт өөрийн туршлагаасаа зааж өгч байсан гэдэг. Мөн 8-р Богдын хүсэлтээр Дамжиндордог гэдэг гүрмийн ном зохиосон мэдээ байдаг.

Тариатын хүрээний Мамба дацанд өөрийн багш Жамбацүлтэмийн боловсруулсан арга дээр үндэслэн Анагаах ухааны дөрвөн үндсийг гүн ухаан чойрын номын ёсоор мэтгэлцэх сургалтыг өөрийн зохиосон Дөрвөн үндсийн эцсийн шинжлэл гэдэг номын дагуу үүсгэн бий болгосноос гадна шавь нарынхаа хамт нас барсан хүний цогцсийг задлан шинжилж хүний биеийн бүтцийг ч нарийвчлан судладаг байсан байна.

1920 онд таалал төгссөн гэдэг.