Лувсандамбийдонми

Халхын II Жавзандамба хутагт Лувсандамбийдонми (1724—1757) — нь Монголын шарын шашны тэргүүн байв. Тэрээр анхдугаар Жавзандамба хутагт Занабазарын нэг адил, Чингис хааны шууд удмын сурвалжит гэр бүлд төржээ.

Лувсандамбийдонми
Төрсөн1724
Түшээт хан аймаг, Дархан чин вангийн хошуу (одоогийн Алтанбулаг)
Нас барсан1757
Өргөө

Халхын Түшээт хан аймгийн эфү чин ван Дондовдоржийн хөвүүн. Эх нь хотгойдын Баярт хатан. Чин улс халхын I Богд Жавзандамба хутагтыг жанч халсны дараа 1729 онд түүний хойт дүрийг тодруулах ажлыг шууд удирдан зохион байгуулжээ. Манжийн хаан түүнд Өндөр гэгээнд олгосон бүх шагнал, эрх ямбыг хэвээр шилжүүлж олгосон. II Богд, Өндөр гэгээнтний нэгэн адил Халх Монголд их нөлөөтэй нэгэн байв. Тиймээс Манжийн эзэн хаан Жавзандамба хутагт нарт зориулж сангийн зардлаар 1727-36 онд Амарбаясгалант хийдийг байгуулсан ба түүнийг 1736 онд Бээжинд очиход нь өөрийн биеэр бараалхаж, хүзүүн дэх эрдэнийн эрхээ түүнд зүүн өгч, буцах зардалд нь 100,000 лан мөнгө олгох зэргээр ихэд хүндлэл үзүүлж байжээ. Үүний сацуу Манжийн төр Жавзандамба хутагтын шашин төрийн болон эдийн засгийн эрх мэдэл, сүр хүчин өсөн нэмэгдэхээс сэрэмжилж байв. Тиймээс ч хутагтын төрийн эрх мэдлийг хязгаарлах, шашин төрийн үйл хэрэгт нь хяналт тавих болж, 1754 оноос түүний төр захиргааны хэргийг шанзудба яамны эрдэнэ шанзудбад хариуцуулан эрхлүүлэх болсон ба 1755-58 оны Амарсанаа-Чингүнжавын бослогын үеэс бодлогоо улам чангатгав. 1756 оны дөрөвдүгээр сард ойр төрлийн ван Ринчиндоржийг цаазлуулсанд ихэд дургүйцэж, “Дөрвөн аймаг хэлэлцээд их түйвээн өднө” хэмээн мэдэгджээ. Манж нар Халхууд II Богдыг тойрон нягтарч нэр нөлөөг нь тэмцэлдээ ашиглахаас ихэд болгоомжилж Долнуурт хүчээр аваачин цагдах болжээ. Тэрээр эрүүл чийрэг, ид залуу 34 насандаа учир битүүлэг байдлаар нас эцэслэсэн бөгөөд үүнд Манжийн төрийн оролцоо байсан хэмээн үздэг. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залжээ. Түүнээс хойш Манжууд Жавзандамба хутагтаар Төвөд хүн залах болсон юм.

Өмнөх
Занабазар
Жавзандамба хутагт
1724-1757
Дараах
Ишдамбийням