Луврын ордон
Луврын ордон (франц. Palais du Louvre) өөрөөр Лувр нь Парисын Сена мөрний баруун эрэгт, Тюйлрийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сен-Жермен л'Осерруагийн сүм хоорондох өргөн уудам газар нутгийг эзэлдэг, Луврын музей байрладаг Францын алдарт ордон юм. Дундад зуунд цэргийн бэхлэлт байсан ч 14-р зуунаас эхлэн хааны ордон, хувийн сууц зэрэг засаг төртэй холбоотой олон чиг үүргийг гүйцэтгэж байв. 1793 онд буюу Францын хувьсгалын үеэс эхлэн уг ордныг музейн зориулалтаар ашиглаж эхэлсэн боловч Тюйлрийн ордныг хувьсгалын дараагаар ч төрийн үйл хэрэгт ашигласаар иржээ.
Өнөөгийн Луврын байрлах цэгт хэдэн мянган жилийн турш хүмүүс оршин суудаг байсан ч Луврын түүх нь 1190 онд, II Филипп Августин хааны босгосон хананы баруун урд хэсгийг хамгаалах зориулалтай цайз боссоноор эхэлдэг. Одоогоор Луврын хамгийн эртний хэсэг болох Лескотын жигүүр нь 1540-өөд онд харьяалагдана. Уг жигүүрийг Италийн сэргэн мандалтын архитектурын шийдлээр барьсан ба I Францис хаан тухайн үедээ орчин үеийн цайзтай болох гэсэн нь энэ аж. Харин барилгын үлдсэн хэсгүүдийн ихэнх нь 17-19-р зуунд баригдсан.
Гурван зуу гаруй жилийн турш Луврын түүх нь Тюйлрийн ордонтой нягт холбоотой байсаар иржээ. 1564 онд Медичи овгийн Кэтрин хатан Луврын ордноос бага зэрэг зайтай өөрийн хувийн сууц бариулсан нь Тюйлрийн ордон байлаа. Түүхийн явцад Лувр, Тюйрли хоёр ордон урт галлерейгээр холбогдож нүсэр хааны ордныг цогцлоосон нь өнөөгийн Луврын дүр төрх билээ. Францын хаант улсын үед Луврыг засгийн газрын зориулалтаар, харин Тюйлрийг хааны сууц байдлаар ашиглаж байв. Тэднийг холбосон урт галлерейд Францын хаад уран зургийн цуглуулгаа хадгалдаг байсан ба тэдгээр бүтээлүүдийг нь одоо ч үзэх боломжтой. Францын хувьсгалын дараа төрхийн эрхэнд гарсан хаад болох I Наполеон, XVIII Луи, X Чарльз, Луи-Филипп, III Наполеон нар бүгд Тюйлрийн ордонд суудаг байжээ. Харамсалтай нь уг Тюйлрийн ордон бидэнд хадгалагдаж үлдээгүй. 1871 оны 5-р сарын 23-нд Парисын Коммун ордныг галдан шатаасан ба уг гал 48 цаг үргэлжилжээ.