1910 он

(1910-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал
1905 · 1906 · 1907 · 1908
1909 1910 1911
1912 · 1913 · 1914 · 1915
Хамаарах арван
1910-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMX) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун аравдугаар оны төмөр нохой жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 910-р он, 20-р зууны арав дахь жил, 1910-аад он гэж тоолбол анхны жил юм.

Онцлох үйл явдал

засварлах

Нэгдүгээр сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 4 - Ахмад Фойгеншугаар толгойлсон Францын цэргийн хүч Суданы Дарфур мужид нэвтэрч, Суданы армитай тулаанаа эхлүүлжээ.
  • Нэгдүгээр сарын 7 - Францын нисгэгч Хуберт Латам газраас дээш нэг километрийн өндөрт ниссэн анхны нисгэгч болжээ.
  • Нэгдүгээр сарын 10 - Их Британийн парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Таван хоногийн дараа сонгууль зарласан байна.
  • Нэгдүгээр сарын 13 - Дэлхийн түүхэнд анх удаа хөгжмийн тоглолтыг радиогоор шууд дамжуулан хүргэв. Нью-Йоркын Метрополитан дуурийн театрт тоглосон "Кавальера рустикана" дуурийг ийнхүү шууд дамжуулжээ.
  • Нэгдүгээр сарын 14 - Испанийн хаан Альфонсо төрийн эргэлт гаргахыг завдсан гэсэн үндэслэлээр цэргийн өндөр цолтой 80 хүнийг баривчлах шийд гаргав.
  • Нэгдүгээр сарын 15 - Их Британид парламентын сонгууль эхлэлээ.
  • Нэгдүгээр сарын 18 - Османы эзэнт гүрний нийслэл Константиннополь хотын төвд орших Чараганы ордон галд автжээ.
  • Нэгдүгээр сарын 21 - Францын нийслэл Парис хотод хоёр хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер буужээ. Тухайн үед үерийн гамшгаас болж 400 сая франкын хохирол учирсан тооцоо бий.
  • Нэгдүгээр сарын 22 - Тухайн цаг үедээ дэлхийн хамгийн өндөр барилгаар тодорч байсан Нью-Йорк хотын даатгалын компанийн барилгын ажил бүрэн дуусав.
  • Нэгдүгээр сарын 25 - Никарагуа улсын арми зэвсэглэсэн босогчидтой тулалдаж ялалт байгуулав. Ийнхүү Никарагуа улсад дэгдсэн бослого хөдөлгөөн хэсэг зуур намжсан юм.
  • Нэгдүгээр сарын 26 - Их Британид болсон парламентын сонгуульд Либерал нам ялалт байгуулж, Х.Х.Аскит ерөнхий сайд болох нь тодорхой болов.

Хоёрдугаар сар

засварлах
  • Хоёрдугаар сарын 1 - Август Улье нисгэгчийн үнэмлэх авсан анхны Герман хүн болов.
  • Хоёрдугаар сарын 7 - Францын засгийн газар тэнгисийн цэргийн хүчинд 28 сая долларын хөрөнгө оруулахаар болжээ. Уг төслийн хүрээнд 28 байлдааны онгоц, 52 пуужин харвах завь, 94 жижиг байлдааны онгоц, 22 байлдааны завь бүтээхээр болсон юм.
  • Хоёрдугаар сарын 17 - Америкийн Браунинг зэвсгийн компани буунд гал хамгаалагч зохион бүтээж, патентжуулжээ.
  • Хоёрдугаар сарын 19 - Английн хөлбөмбөгийн алдарт Манчестер Юнайтед клубийн "Олд Траффорд" цэнгэлдэх үүдээ нээжээ.
  • Хоёрдугаар сарын 20 - Египетийн ерөнхийлөгч Бутрос Паша Галигийн амь насанд халдав. Уг халдлагыг Үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөний Ибрахим Вардани үйлдсэн юм. Халдлагын улмаас Бутрос Гали дараа өдөр нь амиа алджээ.
  • Хоёрдугаар сарын 21 - Их Британийн хаан VII Эдуард шинэ парламентын анхны хуралдааныг нээв.
  • Хоёрдугаар сарын 23 - Төвдийн нийслэл Лхас хотод Хятадын арми нэвтрэн оров.
  • Хоёрдугаар сарын 26 - Австри-Унгарын эзэнт гүрэн АНУ-ыг ойрын түнш орон гэдгийг зарлажээ.

Гуравдугаар сар

засварлах
  • Гуравдугаар сарын 1 - Бразилийн ерөнхийлөгчийн суудалд өмнө нь дайны асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан Хермес Родригез да Фонсека 233 мянган хүний саналаар сонгогдов.
  • Гуравдугаар сарын 5 - Оросын алдарт хөгжмийн зохиолч Пётр Илич Чайковскийн "Бундын хатан" дуурь Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театрт тавигдав. Ингэснээр АНУ-д олны хүртээл болсон анхны Орос дууриар тодорсон юм. Уг дуурийг Германы алдарт хөгжмийн зохиолч Густаф Майлер удирджээ.
  • Гуравдугаар сарын 8 - Дэлхийн түүхэнд нисгэгчийн үнэмлэх авсан анхны эмэгтэй нисгэгчээр Францын иргэн Реймод де Лароше тодров.
  • Гуравдугаар сарын 9 - "Оросын хувьсгалын загалмайлсан эх" гэгдэх 66 настай Екатерина Брешковскаяг ард иргэдийг хувьсгалд турхирсан гэж үзэн Сибир рүү цөлжээ.
  • Гуравдугаар сарын 13 - Дэлхийн түүхэнд кино од гэсэн алдрыг хүртсэн анхны жүжигчин Флоренс Лоуренс IMP компанитай гэрээ байгуулжээ.
  • Гуравдугаар сарын 15 - 1910-1917 оны хооронд 1000 гаруй кино бүтээсэн Танхаузерийн компани "Жүжигчний хүүхэд" нэртэй анхны киногоо дэлгэцэнд гаргав.
  • Гуравдугаар сарын 17 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний байгалийн түүхийн музей үүд хаалгаа нээжээ.
  • Гуравдугаар сарын 20 - Коста-Рика болон Панама улсуудын хооронд үүссэн хилийн маргааныг шийдвэрлэхээр АНУ-ын Хууль зүйн сайд Мелвиль Фюллер хүрэлцэн ирэв.
    • Дэлхийн түүхэнд сэргээн засах зориулалттай анхны эмнэлэг Италийн Милан хотноо нээгджээ.
  • Гуравдугаар сарын 25 - Японы хамгийн том байлдааны хөлөг онгоц болох "Сацүма"-г зэвсэглэлд ашиглаж эхлэв.
  • Гуравдугаар сарын 26 - Дэлхийн түүхэнд анхны нисэхийн сургуулийг нисгэгч, зохион бүтээгч Орвиль Врайт байгуулав. Анхны нисэхийн сургууль АНУ-ын Алабама мужийн Монтгомери хотод байгуулагджээ.

Дөрөвдүгээр сар

засварлах
  • Дөрөвдүгээр сарын 3 - Латин Америкийн Коста-Рика улсад ерөнхийлөгчийн сонгууль болж, сонгогчдын коллегийн олонхын саналаар Рикардо Хименез Ориамуно ерөнхийлөгч болов.
  • Дөрөвдүгээр сарын 5 - АНУ-ын Висконсин мужийн Милуаки хотын захирагчаар АНУ-ын Социалист намын гишүүн Эмиль Сайдел сонгогджээ. Энэ нь АНУ-ын социалист намын түүхэнд байгаагүй өндөр амжилт болсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 6 - Туркийн цэргүүд Албаниас гарав. Османы эзэнт гүрэн босогчидтой тохиролцооонд хүрсэн нь гарах шалтгаан болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 13 - Австрали улсад сонгууль болж Хөдөлмөрийн нам парламентын дээд, доод танхимд олонх болж ялалт байгууллаа. Австралийн хөдөлмөрийн намын дарга Эндрью Фишер ерөнхий сайд болох боломжоо бүрдүүлжээ.
  • Дөрөвдүгээр сарын 14 - АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Уиллиам Х.Тафт бейсболын тэмцээний бөмбөг шидэв. Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм бейсболын бөмбөг шиддэг уламжлалыг бий болгосон байна.
  • Дөрөвдүгээр сарын 17 - Польш улсын нэгдсэн эмнэлэгт сиамын ихэр төрж бүртгэн авчээ. Тус улс түүхэндээ анх удаа сиамын ихэр бүртгэсэн тохиолдол нь энэ болсон юм. Роза Блазек гэгч эмэгтэйгээс мэндэлсэн Роза, Жозефин нэртэй сиамын ихэр 12 нас хүртлээ амьдарчээ.
  • Дөрөвдүгээр сарын 20 - Алдарт "Титаник" онгоцыг барьж, угсарч байх явцад Самуель Ж.Скотт гэгч 15 настай хүү амиа алджээ. Үүнээс хойш дахин дөрвөн хүн амиа алдсан билээ.
  • Дөрөвдүгээр сарын 23 - Бельгийн хаан Альберт эх орондоо зохиогдож байгаа дэлхийн үзэсгэлэн яармагыг Брюссель хотноо албан ёсоор нээв.
  • Дөрөвдүгээр сарын 28 - 1915 оны дэлхийн үзэсгэлэн яармагыг зохион байгуулахаар болсон АНУ-ын Сан Франциско хот иргэдээсээ хандив цуглуулж эхэлжээ.
  • Дөрөвдүгээр сарын 30 - Бельги улс өөрийн мэдлийн Конго улсын бүх иргэдэд эрүүл мэндийн үнэмлэх тарааж эхлэв. Энэ нь европын гүрэн эзлэн түрэмгийлсэн улсдаа эрүүл мэндийн үнэмлэх тараасан анхны тохиолдол болсон юм. Ийнхүү эрүүл мэндийн үнэмлэх тараах болсон шалтгаан нь тус улсад унтаж байхдаа амиа алдах өвчин түргэн тархаж байсантай холбоотой ажээ.

Тавдугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 1 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан эрхэмсэг ноён VII Эдуард өндөр халуурч эхлэв. Тэрээр өөрийн колони болох Британийн Энэтхэгт ажиллаж байхдаа аадар бороонд цохиулсаны улмаас халуурчээ. Халуурснаасаа хойш зургаан өдрийн дараа нас барсан юм.
  • Тавдугаар сарын 3 - АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт өөрийн төрсөн нутаг болох Охайо мужийн Синсинатти хотноо очжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн түүхэнд сонгогдсоныхоо дараахан төрсөн нутагтаа очиж байгаа анхны тохиолдол болжээ.
  • Тавдугаар сарын 5 - АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рүүзвельтийг Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хороо энхтайвны шагналаар шагнахаар болжээ. Тэрээр шагналын мөнгөө шинжлэх ухааны санд хандивлана гэдгээ мэдэгдсэн билээ.
  • Тавдугаар сарын 6 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан эрхэмсэг ноён VII Эдуард орон нутгийн цагаар 23:45 цагт 69 насандаа өвчний учир таалал төгсчээ.
  • Тавдугаар сарын 9 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан ширээнд Эдуард хааны хүү Жорж Фредерик суухаар болов. Түүнийг V Жорж гэж нэрлэх болсон юм.
  • Тавдугаар сарын 10 - Аргентин, Перу, Чили, Уругвай, Парагвай улсын 200 гаруй эмэгтэй Буенос Айрес хотноо хуралдаж Олон улсын эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулав.
  • Тавдугаар сарын 14 - Бельги, Их Британи, Германы эзэмшлийн колони улсуудад үүссэн хилийн маргааны асуудлыг Бельгийн нийслэл Брюссельд шийдвэрлэв. Бельгийн эзэмшлийн Конго, Их Британийн эзэмшлийн Уганда, Германы эзэмшлийн Танзани улсын хилийн зурвасыг энэ үеэр тогтоож, гарын үсэг зуржээ.
  • Тавдугаар сарын 19 - Франц болон Османы эзэнт гүрний хооронд үүсээд байсан хилийн маргаан шийдвэрлэгдэв. Тунис болон Ливи улсуудын хилийн зурвасыг энэ үеэр тогтоож, хоёр улс харилцан зөвшөөрчээ.
  • Тавдугаар сарын 20 - Их гүрнүүдийн хаад сүүлийн удаа бүгд нэгэн дор цуглав. ИБУИНВУ-ын хаан VII Эдуардтай салах ёс гүйцэтгэх ажиллагаанд Германы эзэн хаан II Вильгельм, Норвегийн хаан VII Хаакон, Грекийн хаан I Георг, Испанийн хаан XIII Альфонсо, Болгарын хаан I Фердинанд, Данийн хаан VIII Фредерик, Португалийн хаан II Мануэль, Бельгийн хаан I Альберт нар болон Турк, Австри-Унгар, Румынь, Монтенегро, Серби улсын угсаа залгамлах хунтайж нар оролцжээ.
    • Чили улс Ротшильдийн гэр бүлээс 13 сая ам.доллар зээлэхээр болов.
  • Тавдугаар сарын 30 - Өмнөд Африкийн холбооны анхны ерөнхий сайдаар генерал Льюс Бота тодорчээ.

Зургаадугаар сар

засварлах
  • Зургаадугаар сарын 2 – Английн суваг дээгүүр нисч гарсан түүхэн дэх анхны хүнээр Чарльз Стюарт Роллс тодров.
  • Зургаадугаар сарын 3 – Роалд Амюндсенээр удирдуулсан Антарктидийг судлах Норвегийн аялалын багийг ёслол төгөлдөр үдэн гаргажээ.
  • Зургаадугаар сарын 14 – Филиппиний хөдөө аж ахуйн коллежийг түшиглэн Лос Баниосын их сургууль байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 17 – Португалийн ерөнхий сайд Франциско да Вейга Белрау өөрийнхөө хүсэлтээр суудлаа өгөхөөр болжээ.
  • Зургаадугаар сарын 19 – АНУ түүхэндээ анх удаа “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэв.
  • Зургаадугаар сарын 21 – Францын нийслэл Парис хотноо “Үндэсний эрүүл мэндийн академи” байгуулагджээ.
  • Зургаадугаар сарын 25 – 29 настай Игорь Стравинский “Галт шувуу” балетаа олон нийтэд хүргэж, алдар нэрээ цуурайтуулав.
  • Зургаадугаар сарын 27 – Алдарт “Нью-Йорк Таймс” сонины хэвлэх үйлдвэр дэлхийд анх удаа хэвлэлийн цахилгаан машиныг үйлдвэрлэлд нэвтрүүлэв.

Долоодугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 4 – Хаант Оросын Санкт Петербург хотод Япон болон Оросын тал Манжуурыг Оросын алс дорнодын хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зуржээ.
  • Долоодугаар сарын 7 – АНУ-ын ерөнхийлөгч Тафт нүүрсний олборлолт хийж байсан 141.9 мянган км.кв газар нутгийг нөхөн сэргээж, олон нийтийн хэрэгцээнд шилжүүлэх шийд гаргав.
  • Долоодугаар сарын 9 – Нисэх онгоцоор 1 км-ээс өндөрт буюу 1.6 км-т гарсан анхны хүнээр нисгэгч Уолтер Брүүкинс тодров.
  • Долоодугаар сарын 14 – Португалийн эзэн хааны арми Макаогын ойролцоо орших Колован арлыг өөрийн болгохын тулд хоёр хоногийн турш тулалдсаны эцэст ялалт байгуулжээ.
  • Долоодугаар сарын 15 – Германы анагаах ухааны эрдэмтэн, доктор Эмиль Краеплин ой ухаан нь орон гаран, мартаж санадаг өвчнийг анх удаа “Алцгеймэрийн өвчин” гэж өөрийн зохиосон “Сэтгэцийн анагаах ухааны товчоон” номондоо тодорхойлжээ. Сэтгэцийн анагаах ухааны нэрт эрдэмтэн Алойс Алцгеймэрийн нэрээр энэ өвчнийг нэрлэх болсон юм.
  • Долоодугаар сарын 17 – Японы засгийн газар Европын худалдаачдад худалдааны давхар тариф тогтоох шийдвэр гаргав.
  • Долоодугаар сарын 20 – Колумби улс тусгаар тогтносны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.
  • Долоодугаар сарын 26 – Персийн ерөнхий сайд Мостовфи оль-Мамалек түүхэндээ анх удаа Мужахидийн босогчдын эсрэг хүчтэй тэмцэнэ гэдгээ зарлажээ. Түүний тэмцэл 1927 он хүртэл үргэлжилсэн юм.
  • Долоодугаар сарын 27 – Сонин эрхлэн гаргагч /ирээдүйн ерөнхийлөгч/ Уоррен Ж.Хардинг Охайо муж улсын амбан захирагчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр болов. Гэсэн ч тэрээр Охайо мужийн сонгуульд ардчилсан намын Жадсон Хармонд ялагдсан билээ.
  • Долоодугаар сарын 30 – Их Британид үйлдвэрлэгдсэн анхны нисэх онгоц “Бристол Бокскайт” анхны нислэгээ үйлджээ.

Наймдугаар сар

засварлах
  • Наймдугаар сарын 1 - Францын нисгэгч Монсье Бадье гурван хүн суулгаж, нислэг үйлдсэнээр зорчигчтой нислэг үйлдсэн дэлхийн анхны нисгэгчээр тодорсон юм.
  • Наймдугаар сарын 4 - Хаант Оросын төрийн Думын дарга Александер Гучков, сөрөг хүчний лидер гүн Уваровтой хүчтэй маргаан өрнүүлж, сүүлдээ дуэльд гарсан тул саатуулагджээ. Тэрээр тав дахь хоног дээрээ суллагдсан юм.
  • Наймдугаар сарын 5 - Японы Токио хотод их хэмжээний үер бууж 1000 гаруй хүн амиа алдан, 100 мянган хүн орон гэргүй болжээ.
  • Наймдугаар сарын 9 - АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Уиллиам Жей Гейнор халдлагын улмаас хүнд шархдав. Түүнийг ажлаасаа халагдсан хотын тамгын газрын ажилтан хороохыг оролджээ.
    • Норвегийн засгийн газрын шийдвэрээр аугаа аялагч Роалд Амюндсен Хойд туйл руу гурав дахь удаагаа экспедиц удирдан, аялахаар болов.
  • Наймдугаар сарын 10 - Малайзын Саравак мужийн Вири хотод тус улсын түүхэнд анх удаа газрын тос илрэв. Их Британи, Америкийн хамтарсан компани тус газарт 1910-1962 он хүртэл 600 мянган баррел газрын тос олборложээ.
  • Наймдугаар сарын 11 - Бельгийн мэдэлд байдаг Конго болон Германы мэдэлд байдаг Зүүн Африкийн нутаг дэвсгэрийн хооронд үүсээд байсан хилийн маргааныг шийдвэрлэх зорилготой хэлэлцээ Брюссель хотноо эхлэв.
  • Наймдугаар сарын 15 - Өдгөө олон улсын хамгийн том төрийн бус байгууллага болсон Ротари клубын суурь АНУ-ын Чикаго хотноо тавигджээ. Тухайн үедээ Ротари клубын үндэсний зөвлөл гэсэн нэртэйгээр байгуулагдаж байв. Одоогоор олон улсад 32 мянган Ротари клуб үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Наймдугаар сарын 19 - Хаант Орос улсад дэгдсэн холерын дэгдэлтийг намжаах зорилгоор Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс илгээсэн тусламжийн цуваа Санк Петербург хотод хүрэлцэн иржээ. Тухайн үед Оросын 10.7 мянган иргэн амиа алдсан юм.
  • Наймдугаар сарын 20 - Америкийн талыг баримтлагч генерал Хуан Хосе Эстрада Никарагуа улсын засгийн эрхийг авах болсон тул тус улсын ерөнхийлөгч Хосе Мадриз сайн дураараа ажлаа хүлээлгэн өгөв. Тухайн үед төрийн эргэлт хийсэн Хуан Эстрадагын дүү Хосе Долорес Эстрада ахыгаа ерөнхийлөгч болох хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэсэн юм.
  • Наймдугаар сарын 21 - Османы эзэнт гүрний тэнгисийн цэргийн анги түүхэндээ анх удаа албан ёсны тулаанаа хийв. Тухайн үед Германы эзэнт гүрний эсрэг тулаан өрнүүлж байжээ.
  • Наймдугаар сарын 22 - Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч И Ван Йонг болон Солонгос дахь Японы ерөнхийлөн захирагч Масатаке Тераучи нар Япон-Солонгосын эзлэн түрэмгийллийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ өдрөөс хойш Солонгос улс тусгаар тогтнолоо алдаж, Японы харьяан дахь Чо-Сены хязгаар гэх болжээ.
  • Наймдугаар сарын 24 - Дэлхийн хамгийн том тамхины үйлдвэр болох ITC Limited компани Калькутт хотноо байгуулагдав.
  • Наймдугаар сарын 26 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дууг, дүрсний хамт бичиж, хүргэх зориулалттай кинетоскопыг олон нийтэд танилцуулжээ. Тухайн үед уг арга хэмжээнд оролцсон Нью-Йорк Таймс сонины сэтгүүлч "Энэ бол ноён Эдисоны гайхалтай шоу байлаа" гэж уулга алдсан гэдэг.
  • Наймдугаар сарын 28 - Югославын хаант улсын харьяанд байсан Монтенегро өөрсдийгөө тусгаар хаант улс хэмээн зарлаж, Монтенегрогын хаант улс байгуулагдав. Тухайн үед Монтенерогын эзэн хаанаар хунтайж Никола Петрович-Ньегош тодорч байв. Түнийг Югославын хаан I Николай хүлээн зөвшөөрсөн ч Монтенегрог Югославын харьяанд хэвээр үлдээжээ.
  • Наймдугаар сарын 29 - Японы мэдэлд бүрэн шилжсэн Солонгос улсын нийслэл одоогийн Сөүл хотыг "Кейжо", Пхеньян хотыг "Хейжо" гэж нэрлэх шийдвэрийг Японы засгийн газар гаргав.
  • Наймдугаар сарын 31 - АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рүүзвельт Канзас мужийн Осаватоми хотод "Үндсэрхэг үзлийн сэргэн мандалт" сэдвээр илтгэл тавив. Тэрээр 1912 оны сонгуульд өрсөлдөх хүслээ ийнхүү илэрхийлсэн юм. Теодор Рүүзвельт 1912 оны сонгуульд эрх баригч хоёр намын нэрийн өмнөөс биш Прогрессив хөдөлгөөнөөс нэр дэвшсэн билээ.

Есдүгээр сар

засварлах
  • Есдүгээр сарын 1 - Ромын пап X Пиус "Орчин цагийн эсрэг тунхаг" хэмээх зарлиг буулгав. Уг зарилгаар Католик шашны номлогч, уг шашныг заадаг сургууль, багш нарт орчин үежилтийн эсрэг суурь номлол боловсруулан зааж байхыг үүрэгджээ.
  • Есдүгээр сарын 2 - АНУ-ын Нью-Йорк хотын оёдлын газрын 70 мянган ажилтныг хамарсан ажил хаялт эхлэв. Найман долоо хоног үргэлжилсэн ажил хаялтын улмаас 100 сая ам.долларын хохирол учирсан байна. Ажилчид ажлын цагийг таван өдөр болгож, есөн цаг болгох шаардлага тавин ажил хаялт зарласан юм.
    • АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй нисгэгч Нью-Йоркоос Хаммондспорт хүртэл нислэг үйлджээ.
  • Есдүгээр сарын 5 - Алдарт эрдэмтэн Мари Кюри Сорбонн дахь Францын шинжлэх ухааны академид Ради гэх элементийн бүрдэлд давс ордог утхай, радийн хлоридийг гаргаж авах талаар нээлтээ танилцуулав.
  • Есдүгээр сарын 8 - АНУ-ын Манхеттэн болон Лонг Айландыг холбосон гол доогуурх "Зүүн голын хонгил"-ыг албан ёсоор нээжээ.
  • Есдүгээр сарын 9 - АНУ-ын Сангийн сайд Франклин МакВий Америкийн мөнгөн тэмдэгтийн хэмжээг зургаан инч байхаар өөрчлөх төсөлөө танилцуулжээ.
  • Есдүгээр сарын 10 - Үүсгэн байгуулагдсанаасаа хойш хоёр жилийн дараа дампуурах аюултай учирсан "Женерал Моторс" компани Чейз Манхеттэн банкнаас 15 сая ам.долларын зээл авахаар болжээ.
  • Есдүгээр сарын 12 - АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй цагдаа тангараг өргөжээ. Лос-Анжелелс хотын цагдаагийн албанд Алис Стеббинс Уэллс гэгч эмэгтэй офицерийн тангараг өргөсөн байна. Тэрээр 1945 онд тэтгэвэрт гарах хүртлээ тарга өргөсөн газраа хүчин зүтгэсэн юм.
  • Есдүгээр сарын 15 - Нью-Жерси мужийн Ардчилсан намын хорооноос тус мужийн амбан захирагчийн сонгуульд Принстоны их сургуулийн ерөнхийлөгч Вүүдроу Уилсоныг нэр дэвшүүлэхээр болжээ. Тэрээр Нью-Жерси мужийн амбан захирагчаар сонгогдсон юм.
  • Есдүгээр сарын 16 - Мексик улс тусгаар тогтнолын 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.
  • Есдүгээр сарын 17 - Бейсболын спортын түүхэн дэх хамгийн богино тоглолт болж өндөрлөв. Атланта мужийн аваргын тоглолтод Мобайл Си Голлс Атланта Кракерсыг 2-1-ийн харьцаагаар 32 минутын дотор буулган авчээ. Энэ тоглолт ердөө 9 иннинг үргэлжилсэн юм.
  • Есдүгээр сарын 18 - Чили улс Испаниас тусгаар тогтносны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.
  • Есдүгээр сарын 19 - АНУ-ын мөрдөн шалгах хорооны түүхэнд анх удаа хурууны хээг ашиглав. Чикаго хотын цагдаагийн газар Томас Женнингс гэгч дээрэмчнийг хурууны хээгээр нь илрүүлсэн байна.
  • Есдүгээр сарын 20 - Тухайн цаг үеийнхээ хамгийн том байлдааны хөлөг онгоц болох "Франц" хөлөг онгоцыг Францын тэнгисийн цэрэг зэвсэглэлд ашиглаж эхлэв.
    • Зохион бүтээгч Томас Эдисон өөрийн зохион бүтээсэн нисдэг тэргээ бүртгүүлж, патент авсан байна. Гэсэн ч түүний бүтээсэн нисдэг тэрэг хэзээ ч үйлдвэрлэгдээгүй юм.
  • Есдүгээр сарын 22 - Канадын хүн амын эрүүл мэндийн хороо албан ёсоор байгуулагдав. Тус хороо Канад даяарх хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг эхлүүлжээ.
  • Есдүгээр сарын 23 - Перу улсын иргэн Хорге Чавез Дартнелл нь Швейцарийн Альпийн нуруунд 41 минутын нислэг үйлдэж, Перу улсын түүхэнд онгоцоор ниссэн анхны хүн болов.
  • Есдүгээр сарын 26 - Энэтхэгийн "Свадешабхимани" сонины эрхлэгч К.Рамакришна Пиллай гэгч Траванкор мужийн захиргаанаас их хэмжээний хахууль авсан болох нь тогтоогдов. Тэрээр бүх насаараа Малабар мужид цөлөгдөж, 1916 онд нас баржээ.
  • Есдүгээр сарын 28 - Парагуай улсын ерөнхийлөгчөөр Мануель Гондра сонгогдов.
  • Есдүгээр сарын 30 - Лон-Анжелес Таймс сонины дэлбэрэлт: Америкийн алан хядах үзэлт Ж.Б.МакНамара гэгч Лос Анжелес Таймс сонины төв байранд 16 ширхэг динамит суурилуулж, дэлбэрэлт үйлдэв. Дэлбэрэлтийн улмаас сонины 20 ажилтан амь насаа алджээ.

Аравдугаар сар

засварлах
  • Аравдугаар сарын 1 - Панама улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Федерико Бойдыг томилов.
  • Аравдугаар сарын 2 - Италийн одон оронч Винчензо Черулли нарны аймгийн долоо дахь том солир гэгдэх "Интерамиа"-г илрүүлэв.
  • Аравдугаар сарын 4 - Португалийн цэргийн эргэлтийг хийсэн бүлэглэл тус улсын хаан II Мануэль болон түүний хатан эхийг ордоноос хөөн гаргаж, жирийн иргэн хэмээн зарлав.
  • Аравдугаар сарын 5 - Цэргийн эргэлтийг удирдсан Теофило Брага Бүгд найрамдах Португаль улсын анхны ерөнхийлөгч болов.
  • Аравдугаар сарын 6 - Грекын ерөнхий сайд долоон удаа сонгогдсон Элефтериос Веницелос анхны бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэв.
  • Аравдугаар сарын 10 - Бразилийн Манаус хотод Амазонос мужийн байрыг босогчид эзлэв.
  • Аравдугаар сарын 11 - Хятадын эзэн хааны эсрэг бослогын хөдөлгөөнийхөнтэй ирээдүйн удирдагч Сун Ят-Сен уулзав.
  • Аравдугаар сарын 12 - Америкийн тэрбумтан Жон Д.Рокефеллэрийн санхүүжилттэй "Рокефеллэрийн Эрүүл мэндийн судалгааны хүрээлэн" 75 ортой шинэ эмнэлэг байгуулав.
  • Аравдугаар сарын 13 - АНУ муж хоорондын худалдааны аюулгүй байдлыг хангах, зохицуулах зорилгоор "Муж хоорондын худалдааны зөвлөл"-ийг байгуулав.
  • Аравдугаар сарын 14 - АНУ-ын Цагаан ордон Захиргааны хуучин барилгын хооронд Английн нисгэгч Клод Граме-Уайт онгоцоороо газардав. Тэрээр Америкийн төрийн тэргүүний мэндчилгээг авсаны дараа хөөрнө гэсэн шаардлага тавьжээ. Хэдэн хормын дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн албаны зөвлөл мэндчилгээ дэвшүүлж, улмаар буцаж хөөрсөн байна.
  • Аравдугаар сарын 15 - Францын Засгийн газар АНУ-ын төмс нийлүүлэгчдэд тавьсан 35 жилийн хоригоо цуцлах шийдвэр гаргажээ.
  • Аравдугаар сарын 20 - Британийн хөлөг онгоц үйлдвэрлэгч "Уайт Стар Лайн" компани "Олимпик" нэртэй онгоцоо үйлчилгээнд нэвтрүүлэв. Уг онгоц 1935 он хүртэл үйлчилгээнд явсан байна.
  • Аравдугаар сарын 21 - Аугаа Америкчуудын алдарын танхимын удирдах зөвлөл хуралдаж дараах 10 хүнийг 51 алдартны алдарын танхимд мөнхлөх шийд гаргав. Харриет Бийчр Стоу, Оливер Уэнделл Холмес, Эдгар Аллан По, Жеймс Филмор Күүпер, Филлипс Брүүкс, Уиллиам Кюллен Брайнт, Францис Э.Уиллард, Эндрью Жексон, Жор Бенкрофт, Жон Мотли зэрэг хүмүүсийг нэмэхээр болсон юм.
  • Аравдугаар сарын 22 - Хаант Оросын Засгийн газар баруун талын хилээр Герман рүү дүрвэгсдэд хориг тавьж, хязгаарлах хууль боловсруулжээ.
  • Аравдугаар сарын 25 - Гааг дахь Олон улсын арбитрын шүүх Венесуэлийн засгийн газрыг Ориноко хөлөг онгоцны компанид 48.8 мянган ам.доллар төлөх шийд гаргав.
  • Аравдугаар сарын 27 - Цахилгаан шат үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэг "КОНЕ корпораци" Финландад байгуулагджээ.
  • Аравдугаар сарын 30 - Зохион бүтээгч Борис Росинг катодын туяа бүхий чийдэнг зохион бүтээж, патент авчээ. Ингэснээр телевиз, компьютерийн дэлгэц зохион бүтээх бололцоотой болсон юм.
  • Аравдугаар сарын 31 - Испанийн эзэн хаан XII Альфонсо хилийн маргаантай байгаа Экуадор, Перу улсуудыг маргаанаа нэг мөр шийдвэрлэх үүрэг өгчээ.

Арваннэгдүгээр сар

засварлах
  • Арваннэгдүгээр сарын 1 - Оросын эзэн хаан II Николай Оросын еврей үндэстнүүдэд газар хуваарилж өгчээ.
  • Арваннэгдүгээр сарын 5 - Португалийн засгийн газар улстөрийн хэргээр шоронд хоригдож байгаа нийт ялтны гуравны хоёрыг суллах шийд гаргав.
  • Арваннэгдүгээр сарын 7 - Врайт компани дэлхийн түүхэнд анх удаагаа худалдааны нислэг үйлдэв. Тус компанийн нисгэгч Филип Пармалий Охайо мужийн Дейтон хотоос Колумбус руу хоёр боодол торгийг нэг бүрийг нь 1,000 ам.доллараар тээвэрлэсэн байна.
  • Арваннэгдүгээр сарын 8 - АНУ-ын төлөөлөгчдийн танхимын сонгууль: Бүгд найрамдах нам 57 суудлаа Ардчилсан намд алдаж, сонгуульд ялагдал хүлээв. Сонгуульд Ардчилсан нам 230 суудал, Бүгд найрамдах нам 162 суудал авсан байна. Харин Америкийн социалист нам түүхэндээ анх удаа төлөөлөгчдийн танхимд суудалтай болжээ. Тус намын цорын ганц суудлыг Виктор Л.Бергер Милуаки мужаас авсан юм.
    • АНУ-ын зохион бүтээгч П.Л.Робертсон дөрвөлжин орой бүхий боолтыг зохион бүтээж патент авчээ.
  • Арваннэгдүгээр сарын 9 - Япон улсын эзэн хааны амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр 26 хүнийг шоронд хорьжээ.
  • Арваннэгдүгээр сарын 10 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Панамын сувгийн барилгын ажилтай танилцахаар Теннеси хөлгөөр аялалд гарчээ.
  • Арваннэгдүгээр сарын 13 - Сун Ят-Сен болон хувьсгалын хөдөлгөөний гишүүд Малайзын Пананг хотноо Хуангхуаганы бослогын төлөвлөгөөр боловсруулав. Тэд уг бослогыг 1911 оны дөрөвдүгээр сарын 27-нд зохион байгуулахаар тогтсон юм.
  • Арваннэгдүгээр сарын 15 - Бразилийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Хермес да Фонсека тангараг өргөв.
  • Арваннэгдүгээр сарын 16 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын эзэн хаан V Жорж хаан Энэтхэг улс руу хөлгийн жолоо залав. Тэрээр Энэтхэг улсад айлчилсан Их Британийн анхны эзэн хаан болсон юм.
  • Арваннэгдүгээр сарын 18 - Их Британийн эмэтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн төлөөх анхны томоохон жагсаалыг Эммелин Пэнкхөрст анх удаа зохион байгуулав. Уэстминстерийн ордоны өмнө болсон энэ жагсаалыг Лондон хотын цагдаагийн газар хүч хэрэглэн тараажээ.
  • Арваннэгдүгээр сарын 21 - Оросын нисэх хүчний офицеруудын сургуулийг Хаант Оросын их гүн Александер Михайловичийн зарлигаар Севестаполь хотноо байгуулав.
  • Арваннэгдүгээр сарын 25 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт АНУ-ын Санхүүгийн хороонд бүртгэлтэй компаниудад татварын шалгалт оруулах зарлиг буулгажээ.
  • Арваннэгдүгээр сарын 28 - Их Британийн парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ.
  • Арваннэгдүгээр сарын 29 - Роберт Фалкон Сокттоор удирдуулсан Антарктидийг судлах Британийн экспедиц аян замдаа гарав.
    • Зохион бүтээгч Эрнест Э.Сиррине "Замын хөдөлгөөний систем"-ийг боловсруулж, патент авчээ.

Арванхоёрдугаар сар

засварлах
  • Арванхоёрдугаар сарын 2 - Антарктидыг судлахаар гарсан Британийн экспедиц далайд гарсан гурав дахь өдрөө хүчтэй салхины улмаас живэв.
  • Арванхоёрдугаар сарын 3 - Зохион бүтээгч Жорж Клодын бүтээсэн неон гэрлийг анх удаа Парисын авто үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулав.
  • Арванхоёрдугаар сарын 5 - Италийн үндсэрхэг үзэлтнүүдийн холбоог Лиужи Федерцони байгуулав. Энэ холбоо хожим нь Муссолинигийн Үндэсний фашист намтай нэгдсэн билээ.
  • Арванхоёрдугаар сарын 7 - Боливийн арми хилийн маргаантай байдаг Гуайабал хотын ойролцоо Перугийн хилчдийг отолтод оруулж, хороов.
  • Арванхоёрдугаар сарын 9 - Францын нисгэгч Жорж Леганье 10 мянган фийтийн өндөрт гарсан дэлхийн анхны нисгэгч болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 10 - АНУ-ын тоолллогын хороо нэгдсэн тооллогын дүн мэдээг олон нийтэд зарлажээ. Тухайн үед Америкийн эх газарт 91.9 сая хүн тоологдсон бол Аляск, Хавай, Филиппин, Самоагын аралд оршин сууж байгаа хүнийг оруулаад 101.1 сая хүн байгаа гэсэн дүн гарсан байна.
  • Арванхоёрдугаар сарын 17 - Хаант Оросын төрийн Думын дэд дарга Пуришкевичийн радикал илтгэлийн дараа орон нутгийн таван сонины үйл ажиллагааг зогсоов.
  • Арванхоёрдугаар сарын 18 - Америкийн нисгэгч Хенри Фарман нисэх онгоцоор 8 цаг 13 минут нисч дэлхийн дээд амжилтыг хоёр цагаар эвдэв.
  • Арванхоёрдугаар сарын 19 - Их Британийн сонгууль: Сонгуулийн үр дүнд Консерватив нам 272 суудал авсан бол Либерал нам 271 суудал авч эвслийн засгийн газар байгуулахаар болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 23 - Чили улс нэг жилд дөрөв дэх ерөнхийлөгчийн нүүр үзжээ. Энэ удаад Рамон Баррос Луко ерөнхийлөгчийн суудалд суусан байна.
  • Арванхоёрдугаар сарын 26 - Америкийн нисгэгч Арч Хокси 11.4 фийтийн өндөрт ниссэнээр дэлхийн дээд амжилтыг дахин шинэчлэв.
  • Арванхоёрдугаар сарын 28 - Солонгосын хойд хэсэгт орших Сончон хотод Японы ерөнхийлөн захирагч Тераучи Масатаке болон Америкийн Христийн номлогч Жорж М.МакКюн нар уулзав. Энэ үеэр Солонгосын тусгаар тогтнолын төлөөх Шинминхо хөдөлгөөн Тераучигийн амь насанд халдсан боловч бүтэлгүйтэв.

Мэндэлсэн алдартнууд

засварлах

Нэгээс Хоёрдугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 4 - Олимпын алт, мөнгөн медальт Америкийн усанд сэлэгч Жозефин МакКим (1992 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 5 - Олимпын 1500 м-ийн гүйлтийн аварга, Шинэ Зеландын хөнгөн атлетикч Жек Ловлок (1949 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 8 - Оросын нэрт балетчин Галина Уланова (1998 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 21 - 25 м-ийн хурдан буудалтын төрлийн Олимпын хошой аварга Кароли Такаш (1976 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 9 - Нобелийн шагналт Францын биологич Жак Моно (1976 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 27 - Америкийн нэрт жүжигчин Жоан Беннет (1990 онд нас барсан)
    • Арменийн шатарын мастер, хөгжмийн зохиолч Генрих Каспарян (1995 онд нас барсан)

Гураваас Дөрөвдүгээр сар

засварлах
  • Гуравдугаар сарын 1 - Нобелийн шагналт Британийн химич Арчер Жон Портер Мартин (2002 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 5 - Бэлэн гоймонг зохион бүтээсэн Андо Момофүкү (2007 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 23 - Орчин цагийн кино урлагын ноён оргил, найруулагч Акира Куросава (1998 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 9 - Лаосын ерөнхийлөгч Нухак Фүмсаван (2008 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 10 - Америкийн нэрт эдийн засагч Пол Свийзи (2004 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 8 - Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч, Нобелийн энхтайвны шагналт Анри Дюнан (1828 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 12 - Нобелийн шагналт Британийн химич Дороти Кроуфүүт Ходжин (1994 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 14 - Бирмийн ерөнхийлөгч Не Вин (2002 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 16 - Перу улсын ерөнхийлөгч Хуан Веласко Альварадо (1977 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 19 - Нобелийн шагналт Америкийн химич Пол Флори (1985 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 26 - Химийн Тефлон хэмээх бодисыг нээсэн Америкийн химич Рой Ж.Планкетт (1994 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 14 - "Том Жерри" хүүхэлдэйн цувралыг зохиогч Уиллиам Ханна (2001 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 18 - Сенегал улсын анхны Ерөнхий сайд Мамаду Диа (2009 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 12 - Сингапур улсын анхны Ерөнхийлөгч Юсоф бин Ишак (1970 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 16 - Албанийн гэлэнмаа, Нобелийн шагналт Тереза Эх (1997 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 28 - Нобелийн шагналт Голландын эдийн засагч Тиалинг Күүпманс (1985 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар

засварлах
  • Есдүгээр сарын 28 - Филлипин улсын 9 дэх ерөнхийлөгч Диосдадо Макапакал (1997 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 8 - Америкийн социалист хөдөлгөөний удирдагч Гус Холл (2000 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 19 - Нобелийн шагналт Америкийн физикч Субрахманян Чандрасехар (1995 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар

засварлах
  • Арваннэгдүгээр сарын 26 - Өмнөд-Африкийн нэрт жүжигчин Сайрил Кюсак (1993 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 4 - Энэтхэгийн найм дахь ерөнхийлөгч Р.Венкатараман (2009 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 15 - Америкийн хөгжмийн продьюсер Жон Хаммонд (1987 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 29 - Нобелийн шагналт эдийн засагч Рональд Коас (2013 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

засварлах

Нэгээс Зургаадугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 5 - Францын нэрт эдийн засагч Леон Валрас (1834 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 20 - Египетийн ерөнхий сайд Бутрос Гали (1846 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 30 - Грекийн зохиолч, яруу найрагч Жеан Мориас (1856 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 21 - Америкийн нэрт зохиолч Марк Твейн (1835 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 26 - Нобелийн шагналт Норвегийн зохиолч Бьёнрстерн Бьёрнсон (1832 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 1 - Гайти улсын ерөнхийлөгч Пьерре Норд Алексис (1820 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 6 - Их Британийн эзэн хаан VII Эдуард (1841 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 27 - Нобелийн шагналт Германы физикч Роберт Кох (1843 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 5 - Америкийн зохиолч О.Хенри (1862 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 10 - Германы одон оронч Йоханн Готфрид Галле (1812 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 12 - Британийн нисгэгч, автомашин зохион бүтээгч Чарльз Стюарт Роллс (1877 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 16 - Чилийн 15 дахь Ерөнхийлөгч Педро Монтт (1849 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 2 - Францын уран зураач Анри Россе (1844 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 30 - Нобелийн шагналт Улаан загалмайн хөдөлгөөнийг санаачлагч Жеан Анри Дюнан (1828 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 20 - Оросын нэрт зохиолч Лев Толстой (1828 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 29 - Британийн теннисч Режжи Догерти (1872 онд төрсөн)

Энэ оны Нобелийн шагналтнууд

засварлах

Шведийн Нобелийн хорооноос дараах хүмүүст Нобелийн шагнал олгох шийдвэр гаргажээ. Химийн тогтмол бус урвалыг судласных нь төлөө Германы химич Отто Валлах-д Нобелийн химийн шагналыг олгохоор болсон байна. Харин анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг нуклейн хүчил, биологийн төрөл зүйлд хэрхэн нөлөөлдгийг судласных нь төлөө Германы биохимич Альбрехт Косселд олгосон юм. Физикийн салбарын Нобелийн шагналыг термодинамикын хууль болон газ болон шингэн зүйлсийн эзлэхүүнийг судласных нь төлөө Голландын эрдэмтэн Йоханнес Дидерик ван дер Ваалсд олгожээ. Харин Нобелийн энхтайвны шагналыг Олон Улсын энхтайвны хороонд олгосон байна. Энэ жилийн Уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Германы зохиолч Пол Хайст олгосон юм. Ингэснээр Нобелийн таван шагналын гурвыг Германчууд хүртсэн байна.

  • Химийн салбарын Нобелийн шагнал - Отто Валлах
  • Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал - Альбрехт Коссел
  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Йоханнес Дидерик ван дер Ваальс
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Пол Хайс
  • Нобелийн Энхтайвны шагнал -Олон улсын энхтайвны хороо

Гадаад холбоос

засварлах
  Commons: 1910 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан