Пауль Йозеф Геббельс (герман хэлний дуудлагаар Гёббельс; герман. Paul Joseph Goebbels ; 1897 оны 10-р сарын 29-нд Прусс улсын Райн мужийн Райдт хотод төрсөн-1945 оны 5-р сарын 1-нд Берлин хотод нас барсан) -германы улс төрч, Адольф Хитлерын ойр дотны үзэл суртал эрхэлсэн хамтран зүтгэгч байсан. 1926 оноос Берлин хотын Гауляйтер (хотын намын хорооны дарга), 1930 оноос эхлэн Германы Үндэсний Социал-ардчилсан ажилчны намын (герман. Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei (NSDAP) үзэл суртал хариуцсан дарга.

1933-1945 онуудад Суртал ухуулгын сайд, Эзэнт улсын Соёлын танхимын ерөнхийлөгч Йозеф Геббельс сонин хэвлэл, радио, кино урлаг болон Германы соёлын салбарын бүх хөшүүргийг гартаа төвлөрүүлсэн юм.

Намтар засварлах

Пауль Йозеф Геббельс 1897 оны 10-р сарын 29-нд Райдт хотод буюу өнөөгийн Мёнхенгладбах (гер. Mönchengladbach), католик шашинтай гэр бүлд төрсөн байна. Эцэг нь Фриц Геббельс (1867—1929); эх нь: Мария Катарина Оденхаузен (1869—1953) гэдэг хүмүүс байжээ. Тэрээр Конрад (1893—1949), Ханс (1895—1947) хоёр ахтай, Элизабет (1901—1915), Мария Катарина (1910—1949) гэж хоёр эмэгтэй дүүтэй байсан.